
Америк, Хятадын худалдааны татвар, тарифын дайны сүүдэр ноолуурын үнэд туссан тухай Төрийн шаргал ордон хавиар жиг жуг хийцгээж байна.
Цаг агаар харьцангуй дулаан, ямааны ноолуур эрт хөдөлдөг зүүн аймгуудын ноолуур гэхэд өнгөрсөн 2024 оныхоос кг тутамдаа 10 мянган төгрөгөөр буурсан гэнэ.
Баруун аймгуудын ноолуур удахгүй гарах ч түүнийг авах мөнгө үндэсний үйлдвэрлэгчдэд тааруу дуулдана. Ингэж ноолуурын ханш унаж, малчдын амьжиргааны нэг эх үүсвэр суларч буйн шалтгаан АНУ, БНХАУ хоорондын тарифын “үнэ хаялцаан” хэмээн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тодотгов. Гэхдээ аливаа зүйл цаг хугацаатай юм хойно, малчид бага зэрэг тэвчээрэй гэж эрхэм гишүүн бас давхар сануулав.