|

Спорт тоглоомын талбайг нэмэгдүүлэх хүсэлт гаргав

 

Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ИТХ-ын Хүний хөгжил, Хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хорооноос эрхлэн Ерөнхий боловсролын сургуулиудын багш дасгалжуулагчид болон холбоодын дарга нар оролцсон "Спорт тоглоомын хөгжил, түүний орчин" сэдэвт  хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийн эхэнд спортын үүсэл хөгжил болон Хөл бөмбөгийн холбоо, Талбайн теннис, Софт теннис, Бадминтон, Гандбол, Хоккейн холбооны талаар танилцуулга хийлээ. Тус аймагт тэмцээн, уралдааны зардалд жилдээ 40-42 сая төгрөг төсөвлөдөг байсан бол 2015 онд 38,5 сая төгрөг төсөвлөсөн. Спортын 26 төрөлд оролцооноос нь хамаарч хуваарилдаг байна. "Манай аймгийн хөл бөмбөгийн спортын хөгжил улсын хэмжээнд эхний гуравт багтдаг. Тэмцээн уралдаанд хүүхэд, залуучууд, өсвөр үе, насанд хүрэгчид жигд сайн оролцдог. Дарханы залуучуудад стандарт талбай хэрэгтэй байна. Хөл бөмбөгийн мини талбайг сайжруулж хариуцсан байгууллагатай болгож хашаажуулах, хөл бөмбөгийн амжилтад под заал чухал үүрэгтэй учраас ийм заалны тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Орон нутгийн удирдлагууд ухаалаг шийдвэр гаргаж дэмжинэ гэдэгт найдаж байгаа бол Гандболын холбооны үйл ажиллагааг тогтмолжуулах шаардлагатай байна гэж "Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Б.Өсөхбаяр хэллээ.

Уулзалтын төгсгөлд аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, Хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хорооноос "Биеийн тамирын багш нарын зөвлөл” байгуулах саналыг аймгийн Боловсрол, Соёлын газар хүргүүлэхээр болов. Мөн аймгийн ИТХ-ын дэргэдэх "Эрч хүч” клубтэй спортын холбоодуудыг хамтарч ажиллахыг уриаллаа. Тус уулзалтад аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат болон Хүний хөгжил, Хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хорооны дарга, гишүүд, Биеийн тамир, Спортын газрын дарга тэргүүтэй 44 хүн оролцлоо. 

                                                                                                                                                        Б.Норовсамбуу