
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц барина. 2024 оны есдүгээр сард Таван шарын нүхэн гарцыг ашиглалтад оруулсан.
Өнгөрсөн долоо хоногт Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарц дээр ажиллаж, “Хэт Моторс” ХХК-тай хашаа татах асуудлаар зөвшилцөлд хүрэхгүй байгааг мэдээлж байсан бол өнөөдөр тухайн компанитай үнэлгээ хийхээр болсныг тодотголоо.

Нэгдүгээрт, “Цүүрдэн” компани нийслэлийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дүүргийн Засаг даргаар газар олгуулсан байна. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Гэвч энэ компани хөрөнгийн үнэлгээ хийх ажлыг огт зөвшөөрөхгүй байгаа.
Хоёрт, “Фаерсэйфти экюпмэнт” компанид 897 орчим сая төгрөгийн хөрөнгийн үнэлгээ гарсан. Хөрөнгийн үнэлгээн дээр нэмж 200 ам.метр газар авах саналтай байгаа. Санал болгосон газрыг нь олгох боломжгүй. Харин өөр байршилд газар олгох боломжтой.
Гуравт, “МАК Централ” компани хөрөнгийн үнэлгээтэй танилцаж, зөвшилцөхөөр хүлээгдэж байна.
Дөрөвт, “Плагротрейд” компанид 66.7 сая төгрөгийн үнэлгээ гарсан. Үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа. Үйл ажиллагааны зориулалтынх нь дагуу газар нэмж санал болгоё.
Тавдугаарт, “Сээкл” компани хөрөнгийн үнэлгээ хийхийг зөвшөөрөөгүй. Дахин үнэлгээ хийхийг зөвлөсөн байдалтай байна. Дээрх таван компанитай зөвшилцөлд хүрэх хэрэгтэй байна. Энэ долоо хоногт ирээд уулз. Нийслэлийн зүгээс дахиж мөн компаниудтай уулзъя. Үүнээс цааш Захиргааны ерөнхий хуулийн дагуу харилцааг мөрдөнө” гэв.

Эх сурвалж: НЗДТГ