|

Өрсөлдөх чадварын судалгаа: Дархан-Уул тэргүүлж, Булган аймаг сүүл мушгив


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайланг танилцууллаа. Аймгуудыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлгээр үнэлэхэд ерөнхий дүнгээр Дархан-Уул аймаг тэргүүлж, Дорноговь, Орхон аймаг удаалав. Тус тайлан нь 2012 оноос эхлэн жил бүр боловсруулж, танилцуулж ирсэн судалгааны 15 дахь удаагийн бүтээл юм. Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа нь Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан үнэлэх, тэдгээрийн давуу болон сул тал, өөрчлөлтийг тодорхойлох, орон нутгийн хөгжлийн бодлого, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр хангах зорилготой. 2026 оны өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлж, Дорноговь 96.2, Орхон 92.3, Өмнөговь 79.8, Дорнод 76.5 оноогоор удааллаа. Харин Булган 34.0, Говь-Алтай 39.4, Завхан 40.6, Төв 42.7, Дундговь 43.9 оноогоор хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн байна.
 
Өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал, Эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуу:

-Энэ жилийн үр дүнгийн хамгийн гол онцлог нь тэргүүлж явсан аймгуудын байр эрэмбэ тогтвортой хадгалагдсан бол сүүл мушгиж явсан аймгууд оноогоо нэлээд сайжруулсан явдал юм. Харин дундаж үзүүлэлттэй явсан аймгуудын олонх нь оноогоо бууруулж, байр эрэмбийн хувьд ухарсан нь энэ жилийн гол онцлог байлаа.

Бид яагаад энэ судалгааг хийдэг вэ гэвэл манай төв төрийн бус байгууллагын хувьд улс төр, төрөөс хараат бус байдлаар аймгуудын хөгжлийн түвшнийг эрэмбэлдэг. Мэдээж аймаг бүр өөрийн онцлогтой.

Зарим аймаг уул уурхай, зам тээвэрт, зарим нь аялал жуулчлал, мал аж ахуйд төвлөрдөг учраас хөгжлийг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмжих боломжгүй.Тиймээс тухайн аймагт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдээс социологийн судалгаа, санал асуулга авч, түүний үр дүнг эрэмбэлэлтэд харгалзан үздэг. Манай төв дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын аргачлалын дагуу энэхүү судалгааг хийдэг. Та бүхэн мэдэж байгаа байх. УИХ-аас Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталсан. Мөн жил бүр хөгжлийн хөтөлбөр боловсруулдаг. Эдгээрт Монгол Улсын өрсөлдөх чадварыг дэлхийн эхний 50 орны тоонд оруулах зорилт туссан байдаг. Үүний тулд аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноог жил бүр нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжүүлж байна.Энэхүү төрийн бодлогын хэрэгжилтийг хараат бусаар хэмжих үүргийг манай төв гүйцэтгэдэг.

Бидний хувьд аймгуудыг урд, хойд байранд эрэмбэлэх нь гол зорилго биш. Харин тухайн аймаг ижил төстэй бусад аймагтай харьцуулахад ямар давуу болон сул талтай, цаашид хөгжлийн ямар бодлого дэвшүүлэх шаардлагатайг тодорхойлох нь чухал юм.

Мэдээж улсын хөгжлийн урт хугацааны бодлогууд бий. Харин манай судалгааны онцлог нь хувийн хэвшилд тулгуурласан, урт хугацаанд чиглэсэн бодлогын хувилбаруудыг санал болгодогт оршино.Бид 2023 онд санал асуулга бүхий цогц судалгаа хийсэн. Харин 2024, 2025 онд санал асуулга явуулаагүй, зөвхөн статистик мэдээлэл ашигласан. Энэ 2026 онд дахин санал асуулгыг багтаасан иж бүрэн судалгаа хийсэн. Тиймээс энэ жилийн үр дүнг 2023 оны судалгаатай харьцуулах нь илүү оновчтой гэж үзэж байна.

“Өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн тэргүүлэх судлаач Б.Мөнгөнжигүүр:

-Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа нь Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн түвшин, өрсөлдөх чадварыг хооронд нь харьцуулан үнэлдэг судалгаа юм.Судалгааг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 146 шалгуур үзүүлэлтээр хийдэг. Дээрх дөрвөн бүлэг тус бүрдээ дөрвөн дэд бүлэгтэй бөгөөд нийт 16 дэд бүлгийн хүрээнд үнэлгээ хийдэг.Энэ судалгааны аргачлалын онцлог нь зөвхөн эдийн засгийн шалгуур үзүүлэлтээр орон нутгийн хөгжил, аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхээс гадна 16 дэд бүлгийн хүрээнд нийгмийн олон салбар, асуудлыг хамруулан авч үздэгт оршино.

Судалгааны ерөнхий үнэлгээг танилцуулахдаа тухайн жилд хамгийн өндөр оноо авсан буюу өрсөлдөх чадвараараа тэргүүлсэн аймгийг 100 оноотой гэж үздэг. Харин бусад аймгийн үр дүнг тэргүүлэгч аймгийн үнэлгээтэй харьцуулан 100 онооноос хэдэн оноо авсныг тооцож танилцуулдаг.

Тиймээс энэхүү судалгаа нь аймгуудын хөгжлийн абсолют түвшнийг бус, харин хоорондын харьцангуй өрсөлдөх чадварыг харуулдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, судалгааны ерөнхий үнэлгээ 5.2 оноогоор буурсан төдийгүй өрсөлдөх чадварыг хэмжиж буй үндсэн дөрвөн бүлгийн оноо тус бүр буурсан үзүүлэлттэй гарсан.Эдгээрээс бизнесийн үр ашиг бүлгийн 21 аймгийн дундаж оноо хамгийн их буюу 10.1 оноогоор буурсан. Мөн дэд бүтэц бүлгийн дундаж оноо 8, засаглалын үр ашиг бүлгийнх 6.9 оноогоор тус тус буурчээ. Харин эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн дундаж оноо хамгийн ихээр буюу 11.4 оноогоор буурсныг онцлон тэмдэглэмээр байна. Гэхдээ оноо буурсныг тухайн аймгийн хөгжил бүхэлдээ ухарсан гэж шууд дүгнэж болохгүй. Учир нь энэхүү судалгаанд тухайн жилийн өрсөлдөх чадвараараа тэргүүлсэн аймгийг 100 оноотой гэж үзэж, бусад аймгийн оноог түүнтэй харьцуулан тооцдог аргачлалтай холбоотой юм.

Аймаг тус бүрээр нь авч үзвэл 2023 оны судалгааны үр дүнг 2026 оныхтой харьцуулахад таван аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо нэмэгдсэн бол 16 аймгийнх буурсан байна.Оноогоо ахиулсан таван аймаг нь Дундговь, Завхан, Дархан-Уул, Говь-Алтай, Архангай юм.

Эдгээрээс өрсөлдөх чадварын ерөнхий оноогоо хамгийн ихээр ахиулсан нь Дундговь аймаг бөгөөд есөн оноогоор нэмэгдүүлжээ. Харин Завхан аймаг тав, Дархан-Уул аймаг 4.9 оноогоор тус тус ахиулсан байна. Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий индексийн тооцоололд шууд оролцдоггүй ч чанарын судалгааны хүрээнд нээлттэй асуултаар тухайн аймагт тулгамдаж буй гол таван асуудлыг тодруулдаг. Үүний дагуу аймаг бүрээс судалгаанд хамрагдсан бизнесийн байгууллагуудын хариултад үндэслэн тухайн аймгийн тулгамдаж буй тэргүүлэх таван асуудлыг манай төвөөс нэгтгэн боловсруулж, танилцуулсан. Эндээс сонирхолтой үр дүн ажиглагдсан. Тухайлбал, 21 аймгийн хувьд гурван үндсэн асуудал олон аймагт ижил давтамжтайгаар эхний таван байрт нэрлэгдсэн байна. Нэгдүгээрт, бизнесийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл нийт 21 аймгийн хувьд тулгамдсан таван асуудлын нэгээр нэрлэгдсэн.

Хоёрдугаарт, төрийн удирдлага, засаглалын хүндрэл мөн адил 21 аймагт хамгийн тулгамдсан асуудлын нэг болжээ. Энэ нь бизнес эрхлэгчдийн зүгээс санал нэгтэйгээр онцолсон асуудал юм.

Гуравдугаарт, хөдөлмөр эрхлэлт, хүн амын хөгжил, амьжиргаатай холбоотой асуудал 21 аймгийн 20-д нь тулгамдсан таван асуудлын нэгээр нэрлэгдсэн байна. Эцэст нь хэлэхэд, манай Өрсөлдөх чадварын судалгааны төв энэхүү судалгааг хийснээрээ зөвхөн Монгол Улсын 21 аймгийг эрэмбэлж, аль нь нэгдүгээрт, аль нь 20, 21 дүгээрт жагссаныг танилцуулахыг зорьдоггүй.Харин 21 аймгийн өрсөлдөх чадвар, хөгжлийн түвшнийг улс төрийн аливаа хүчин, нам, эвслийн нөлөөллөөс ангид, хараат бусаар, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу бодитой үнэлж, хэмжин танилцуулах нь манай төвийн үндсэн зорилго юм.

Зөвлөх С.Цэцгээ:

-Өрсөлдөх чадвар гэдэг нь уралдаан, тэмцээн биш юм. Өөрөөр хэлбэл, бид дөрвөн үндсэн бүлэг, 16 дэд бүлэг, нийт 146 шалгуур үзүүлэлтээр аймгуудыг хооронд нь харьцуулан үнэлж, бенчмарк хийж байгаа хэрэг. Ингэснээр тухайн аймаг ямар үзүүлэлтээр бусдаас сул байгааг тодорхойлж, өөрийн сул талаа хөгжүүлэх боломж бүрддэг.Өрсөлдөх чадвар гэдэг нь тухайн аймгийн оршин тогтнох, амжилттай хөгжих чадамжийн тухай ойлголт юм.

Бид судалгаандаа энэ утгаар нь авч үздэг.Ерөнхийдөө аймгуудын хөгжлийг хойш татаж байгаа гол үзүүлэлтүүдийн нэг нь эрчим хүчний хангамжийн асуудал. Энэ бол бодит хүндрэл. Өнөөдөр Эрчим хүчний яамнаас ирүүлсэн мэдээллээр 333 сумын 192 нь цахилгаан хүчдэлийн түвшин хангалтгүй нөхцөлд байна.

Тиймээс эрчим хүчний хангамж хязгаарлагдмал, төвлөрсөн сүлжээний төгсгөлд байрлаж буй хэрэглэгчдэд зориулан нарны цахилгаан станцууд байршуулж, хүчдэлийн түвшний уналтыг бууруулах арга хэмжээ авч байна.Хүчдэлийн түвшин унаж байгаа нь тухайн бүс нутагт үйлдвэрлэл хөгжих боломж хязгаарлагдаж байгааг илтгэнэ. Үүний улмаас үйлдвэрлэл нэмэгдэхгүй, ажлын байр шинээр бий болох боломж ч хязгаарлагддаг гэсэн үг. Өнөөдөр аймаг бүр эрчим хүчний төлөвлөлтийн судалгаа хийлгэх шаардлагатай. Гэтэл одоогоор зөвхөн Баянхонгор аймаг л ийм судалгаа хийлгэсэн байна.

Бусад аймаг хийлгээгүй. Уг нь тухайн аймаг цаашид хэрхэн хөгжих, үйлдвэрлэлээ ямар чиглэлээр хөгжүүлэх ёстой вэ гэдгээ тодорхойлохын тулд ийм төлөвлөлт, судалгаа чухал юм.Манай төв саяхан Монголын Үндэсний үйлдвэр, техникийн паркийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Энэ хүрээнд аймгуудад үйлдвэрлэлийн парк байгуулах нь тухайн аймгийн эдийн засагт ямар өгөөжтэй байх, эдийн засгийн тамир тэнхээг нь хэрхэн сайжруулах боломжтой вэ гэдэг асуудлыг хөндөж байгаа юм.Тиймээс өнөөдөр мэргэжлийн холбоод зөвхөн өөр өөрийн чиглэлээр ажиллаад зогсохгүй, хоорондоо хамтран ажиллаж, мэдээлэл солилцох шаардлагатай байна. Ингэснээр тухайн аймагт тулгамдаж буй асуудал, хөгжлийн боломжийг цогцоор нь харж, нэгдсэн мэдээлэл, зөвлөмж хүргэх боломж бүрдэнэ.

-Аймгууд танай төвөөс судалгааг хэрхэн ашигладаг вэ?

Өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал, Эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуу:

-Бид энэхүү судалгааг аймгуудад хамгийн хэрэгцээтэй эх сурвалжуудын нэг гэж үзэж байгаа. Учир нь олон төрлийн мэдээлэл цуглуулж, санал асуулга явуулан, тухайн аймгийн нөхцөл байдлыг шинжлэх ухааны аргачлалд тулгуурлан боловсруулж, бэлэн мэдээлэл болгон хүргэж байгаа юм.Зарим аймаг манай төвд хандаж, өрсөлдөх чадвараа хэрхэн сайжруулах, 2032 он хүртэлх хугацаанд эрэмбээ ахиулж, эхний тавд багтахын тулд ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай талаар зөвлөгөө авдаг. Манай төв цаашид аймгуудтай хамтран ажиллахад нээлттэй.Төрийн зүгээс хөрөнгө оруулалт, боловсролын хүртээмж, эрчим хүчний хангамж зэрэг асуудалд анхаарах шаардлагатай. Бид эрчим хүчний салбарт ч нэлээд ажиллаж байгаа.

Ерөнхийдөө хөдөө орон нутгийн өрсөлдөх чадварыг хойш татаж буй нийтлэг хоёр, гурван гол үзүүлэлт бий. Үүний нэг нь эрчим хүчний хангамж юм. Энэ чиглэлээр бид тусгайлсан судалгаа хийж, төр засагтай хамтран ажилладаг.

Цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна.Мөн энэ боломжийг ашиглан бизнес эрхлэгчдэдээ нэгэн уриалга хүргэмээр байна. Сүүлийн үед бизнес эрхлэгчид цаг зав багатай байдагтай холбоотойгоор санал асуулгад оролцохдоо бага зэрэг хойрго хандах болсон. Тиймээс манай судалгааны санал асуулгад оролцож, бизнес эрхлэгчдийн дуу хоолойгоо хүргэсэн бүх хүнд талархал илэрхийлье. Ялангуяа Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллаж, танхимын салбар зөвлөлүүдээр дамжуулан бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нэгтгэж байгаагаа онцолмоор байна. Ингэснээр бид шинжлэх ухааны үндэслэлтэй бодлогын зөвлөмж боловсруулж, төр засагт ил тод хүргүүлж байгаа юм.Манай төв аймаг бүрд товч зөвлөмж боловсруулан хүргэдэг. Тухайлбал, тухайн аймгийн давуу болон сул тал, тулгарч буй хүндрэл, цаашид ашиглах боломжуудыг тодорхойлж өгдөг. Цаашид эдгээр асуудлыг илүү дэлгэрүүлж, нарийвчилсан судалгаа хийхэд ч манай төв хамтран ажиллахад бэлэн байна.


Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин