Ядаж хүнсний бүтээгдхүүний хувьд Хятадаас хамаарахаа болъё л доо гэж яриад бол зөндөө удаж байна. Гэвчиг Хятад улсад үйлдвэрлэгдсэн чанаргүй бүтээгдхүүний давалгаан дороос өндийж чадахгүй өдийг хүрэв. Ерөөс хүнсний аюулгүй байдал гэдэг нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой тул анхаарахгүй байхын аргагүй асуудал л даа. Хүнсний бүтээгдхүүнээ дотооддоо дорвитойхон шиг үйлдвэрлэж чаддаггүй, өмнөд хөршөөсөө жин дарсан хамааралтай явж ирсэн Монголчуудын хувьд энэ асуудал бүр чухал. Хүний эрүүл мэнд идэж буй зүйлээс нь ихээхэн шалтгаалдаг. Тиймээс ч эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдхүүний талаарх мэдээлэлд анхаарал тавьж байх нь чухал.
Түүнчлэн БНХАУ-д хүнсний тос хулгайгаар үйлдвэрлэгчдийн асуудал олны анхаарлыг татаад байгаа. Бид ч үүнд анхаарах ёстой. Ялангуяа хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэгч газрууд өмнөд хөршид үйлдвэрлэгдсэн гэх л тодотголтой болохоос нэр хаяг байхгүй хүнсний тосыг ихээр ашигладаг талаар яригддаг. Тэгвэл тэдгээр тос нь арай нөгөө бохирын цооногоос шүүж гаргаж авсан тос юм биш биз. Ер нь биш гэхийн баталгааг өнөөдрийн байдлаар хэн ч өгч дийлэхгүй байна. Тиймээс ч Бээжингийн сурвалжлагч Чэнгчэнг Жиан энэ талаар хэрхэн өгүүлснийг хүргэж байна. Бохирын цооногоос шүүсэн тос хүнсэндээ хэрэглэнэ гэдэг хамгийн ой гутам жигшүүртэй явдал гэдэг нь тодорхой. Гэвч бохирын цооног шуудуу, хогийн савнаас хаягдал тосыг нь шүүж аваад, цэвэр саванд савлаж борлуулах замаар мөнгө олох мэргэн аргыг Хятадын бизнес эрхлэгчид олж нээжээ. 2013 оны 1 сарын 7-нд Зүүн Хятадын Жинаны Дунд шатны шүүхээс бохир тосны хамгийн том хэрэг буюу нийтдээ 8 сая гаруй ам доллар холбогдсон гэмт хэргийг зохион байгуулагч этгээдэд тэнсэн алах ял ногдуулжээ. (Тэнсэн алах ял гэдэг нь нэмж гэмт хэрэг үйлдээгүй нөхцөлд ялтаны амийг хэлтрүүлдэг шийтгэл юм) .
Синхуа агентлагийн мэдээнээс үзвэл зохион байгуулагч этгээдийн хамтаар хуурамч тосны хэргээр 7 хүн шийтгүүлж, бүгд 5-15 жил хорих ял авчээ. Хятадын микроблог хөтлөгчдийн хүрээнд бохирын цооногоос тос шүүж борлуулагчдын ял нь хөнгөдсөн гэж үзэх хүн цөөнгүй байна. Уурлаж бухирмдсан нэг хүн Хүнсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээгдүүдэд шууд алах ял ногдуулж, ялыг нь тэр дор нь гүйцэтгэх хэрэгтэй гэж бичжээ.
Бохирын цооногноос шүүсэн тос нь хүний ой гутааж, сэжиг хүргэмээр хүнс болохын зэрэгцээ хүнсэнд хэрэглэхэд хорт хавдар үүсгэдэг хорт нөлөөтэй ажээ. Сүүлийн жилүүдэд Хятадад гарч буй хүнсний шуугиант хэргүүдийн зөвхөн нэг хэсгийг бохир тосны гэмт хэрэг эзэлж буй бөгөөд ичгүүр сонжуураа алдсан наймаачдын овсгоо самбааг гүйцэж илрүүлэхийн тулд хууль хэрэгжүүлэгчид байдгаараа чармайж байна.
Хятадад долоо хоног бүр хортой хуурамч хүнсний тухай шинэ мэдээ гардаг. Tухайлбал, үхэл тээсэн нярайн хүүхдийн тэжээл, харанхуйд гэрэлтдэг мах зэрэг гэмт хэргүүд шил шилээ даран илэрсэн билээ.
Энэ долоо хоногт гэхэд л Хятад өмнөд нутагт мал нядалгааны газрын ажилчид махныxaa жинг ихэсгэж, ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд хонины маханд 6 кг бохир ус тарьсан тохиолдол гарчээ. Тэгвэл өнгөрсөн долоон хоногт АНУ-д төвтэй Волмарт (Walmart) сүлжээний дэлгүүрийн удирдлага Хятад дахь зарим дэлгүүрт нь зарагдаж байсан халуун ногоотой илжигний махан зуушинд үнэгний мах хольсон байсныг хүлээн зөвшөөрчээ (Хятадын өмнө зүгт илжигний мах нь уураг агуулсан хүнсний зууш гэгддэг ба харин үнэгний мах иддэггүй). Түүнчлэн өнгөрсөн намар Шанхай хотын шорлогонд дурлагсад амтархан зооглож байсан мах нь хонины биш хархны мах байсныг олж мэдсэн хэрэг мандсан билээ.
Синхуа агентлагийн мэдээнээс үзвэл, бохир тос зарж ашиг олох хамгийн сүүлчийн дуулиант хэргийг Шандон мужийн ах дүү гурав санаачилжээ. Тэд 2006 оноос эхлэн бохир аргаар гаргаж авсан тосоо хүн ам хамгийн ихтэй 2 мужийн 17 түгээгчид нийлүүлж байжээ. Мөн өнгөрсөн 10 сард Жиангсу мужид хүнсэнд хэрэглэх боломжгүй амьтаны гаралтай тос өөх, тахианы өд сөд, үнэгний үс зэрэг зүйлийг тосондоо хольж өтгөрүүлээд, тэр тосоо хүнсний тос хэмээн 100 гаруй компанид зарж нийлүүлж байсан нэгэн эр бүх насаараа шоронд хоригдож ял авчээ.
Эдгээр гэмт хэргүүд нь бүх Хятад даяар авч буй хариу арга хэмжээний явцад илэрсэн хэргүүдийн цөөхөн хэсэг нь бөгөөд Хятадын эрх баригчид өөрсдөө ч бохирын цооногноос тос шүүх гэмт үйлдэл газар авсныг хүлээн зөвшөөрчээ. Тус улс нь 2009 оноос хойш хүнсний аюулгүй байдлын дүрэм журмаа улам бүр чангалсаар ирсэн билээ.
"Урьд нь Хятадад хүнсний аюулгүйн ажиллагааг зөрчихөд ялихгүй шийтгэл хүлээлгэдэг байсан” гэж Бээжингийн их сургуулийн харъяа Хөдөө аж ахуйн эдийн засаг болон Хөдөөгийн Хөгжлийн их сургуулийн профессор Жэн Фэнгтян ярив. Багахан хэмжээний торгууль төлөөд л болчдог байсан учраас хүнсний аюулгүй байдлын дүрэм журмыг зөрчсөн гэмт хэргийн үнэ өртөг бага байдаг байсан ажээ.
"Одоог хүртэл Хятад улсад хүнсний зориулалттай тосны чанарын стандарт гэж байдаггүй” гэж профессор яриад гэсэн ч саяхан авч эхэлсэн хатуу арга хэмжээний үр дүнд бохирын цооногноос тос шүүх гэмт хэрэг буурна гэдэгт итгэж байна гэлээ.
Жэний санааг үүнээс илүүтэйгээр түгшээж байгаа нэг зүйл нь сүүлийн үед газар тариаланчид хорт пестоцид болон бордоог хараа хяналтгүйгээр өргөнөөр хэрэглэж буй асуудал юм. "Хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийн асуудлыг шийдэхэд дээрхээс хавьгүй хүнд” гэж тэрбээр ярив. Баталгаатай, цэвэр хоол хүнстэй газар хайж, улс орноо орхин одож буй Хятадууд хүнсний аюулгүй байдлыг хамгийн түрүүнд нэрлэж буйд гайхах зүйл алга байна.
Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн