|

Сонгуулийн ирц бүрдүүлдэг “сонгодог” аргуудаас...

Ардчилсан тогтолцоонд аль эрт шилжсэн  улс орнуудад сонгуульд оролцон саналаа өгөх эсэх нь тухай иргэний үзэмжийн хэрэг байдаг гэсэн ойлголт ихэнх хүмүүсийн толгойд тогтсон байдаг.
 
Гэтэл харин эсрэгээрээ ардчиллын баялаг өв уламжлалтай орнуудад иргэдээ элдэв торгууль шийтгэлээр "далайлган” бараг л хөөж аваачих нь холгүйгээр саналыг нь авдаг болой. Тодруулбал, дэлхийн 20 гаруй улс оронд иргэд сонгуульд заавал оролцох ёстой гэдгийг хуульчилсан байдаг ажээ. 
 
Харин Монгол Улсын хувьд иргэдээ сонгуульд заавал оролцохыг үүрэгдсэн хуулийн заалт байдаггүй тул сонгуульд саналаа өгөх эсэх нь сайн дурын асуудал болж хувирчээ. Ялангуяа залуучуудын хувьд сонгуульд оролцох гэдгийг бараг мартсан гэж хэлэхэд хилсдэхгүй.
 
2012 оны УИХ-ын сонгуульд 18-35 насны залуусын 60 хувь нь оролцоогүй гэсэн дүн мэдээ  бий. Гэтэл нийт сонгогчдын 40 гаруй хувийг энэ насныхан бүрдүүлж байх жишээтэй.                                                                                                                             
 
Залуус маань "Бид өөрчилж чадна” гэж ярьдаг боловч дөрвөн жилд ганцхан удаа 10-хан минут зарцуулаад саналаа өгөх мэтийн энгийн хялбар үйлдлээс хүртэл хойргошин залхуурч, элдэв долоон шалтаг хэлж суугаа нь үнэхээрийн зохимжгүй. Тэд маань сэтгэлгээний ийм цалгар назгай байдлаасаа ангижирч, өөрийнхөө идэвхгүй хандлагыг ялан дийлж сурах хэрэгтэй байна.
 
Улсын төсвөөс өчнөөн зардал чирэгдэл гарган явуулж буй "өндөр өртөгтэй” сонгуульд залуу сонгогчид оролцохгүй байгаа учраас ирц хуульд заасан хэмжээнд хүрэхгүй байх тохиолдлууд гарч эхэллээ.  Энэ нь шууд утгаараа улс орныхоо эдийн засгийг хорлож байгаа явдал гэдгийг 18-25 насныханд сайтар ойлгуулж ухамсарлуулах хэрэгтэй ажгуу.                                           
 
Тэгвэл ардчиллын өлгий нутаг болсон Грект иргэдийг санал хураалтад бараг л хүчээр хөөж оролцуулдаг гэвэл хэн хүнгүй гайхах биз ээ. Тус улсын иргэн санал хураалт болох өдөр хилийн чанадад байх тохиолдолд явахаасаа өмнө заавал урьдчилан саналаа өгөх ёстой.
 
Өөрөөр хэлбэл, "сонгууль болох өдөр би гадаадад байсан” гэсэн тайлбар хийвээс түүнийг нь хүндэтгэх шалтгаан гэж тооцохгүй гэсэн үг. Сонгуулийн хэсгийн хорооны санал хураах байранд ирэлгүй "том толгой” гаргах аваас баривчлах, нэг сараас бүтэн жилийн хугацаагаар хорих ял оноохоос гадна албан тушаалаас нь огцруулах, өмнө нь авсан цол гуншинг нь хүчингүй болгох зэрэг маш хатуу шийтгэлтэй.                                                                                     
 
Өөр нэгэн жишээ. Сонгуульд оролцон саналаа өгөх нь австраличуудын хувьд зөвхөн эрх нь төдийгүй заавал биелүүлэх ёстой үүрэг нь байдаг аж. Үүнийг бүр 1924 онд хуульчилжээ.
 
Австралид иргэний үнэмлэх гэж байдаггүй учраас сонгогч нь жолооны үнэмлэх эсвэл гадаад паспортын дугаараар сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлдэг байна. Үүний тулд сонгуулийн хэсгийн хороонд өөрийн биеэр очиж бүртгүүлэх эсвэл интернэтээр бүртгүүлж болдог аж.                                                                         
 
Тухайн иргэн сонгуульд оролцож санал өгөхөөс татгалзсан тохиолдолд түүнийг 20 австрали доллароор /15 ам. доллар/ торгодог байна. Торгуулийн хуудсыг шуудангаар илгээх ба тухайн хүн торгуулийг төлөхөөс татгалзах эсвэл сонгуульд оролцоход нь саад болсон хүндэтгэх шалтгаануудаа үндэслэл сайтай тайлбарлаж чадаагүй бол хэргийг шүүхэд шилжүүлнэ.
 
Шүүхээс тухайн иргэний буруутай нь нотлогдсон тохиолдолд 170 доллароор торгохоос гадна шүүх ажиллагааны зардлыг гаргуулдаг ажээ. Ийм учраас Австралид сонгуулийн ирц байнга 90-ээс дээш хувьтай байдаг гэнэ.                      
 
Аргентин улсад сонгуульд оролцоогүй хэнэггүй иргэнд 20-200 долларын мөнгөн торгууль ногдуулдаг байна. Түүнээс гадна, төрийн албанд ажиллах эрхийг нь 3 жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлдэг нь манайхны хувьд бараг л шүүхээс ял авч байгаатай адил сонсогдох байх.
 
Өмнөд Америкийн орнуудаас Бразил улсад үүнтэй төстэй шийтгэл хүлээлгэдэг байна. Үүнээс ч хатуу шийтгэл бас бий. Хүндэтгэх шалтгаангүйгээр саналаа өгөөгүй 18-аас дээш насны бразилчуудад паспорт олгодоггүй бөгөөд дараагийн сонгуульд оролцож, "гэм нүгэл”-ээ цайруулсных нь дараа л өгдөг аж.                                                                         
 
Пакистанд сонгууль болох үед хүмүүс санал өгөх байрны гадаа уртаас урт дараалал үүсгэн зогсч, буутай цэргүүд энд тэндгүй хамгаалалтад гарсан байгаа харуулсан бичлэгийг та бүхэн телевизээр олонтоо харсан буй заа. Үүнийг үзээд "улс төрийн идэвх өндөртэй ард түмэн юм даа” гэж өөрийн эрхгүй бодогдохоор.
 
Гэтэл хэргийн хамаг учир нь пакистанчуудын зөвхөн улстөрийн идэвх, ухамсарт бус харин сонгуулийн дүрэм журмандаа байдаг аж.
 
Тодруулбал, хэрвээ Пакистаны иргэн хүн сонгуулийн санал хураалтад оролцоогүй бол түүнийг 60 доллароор торгодог байна. 250 орчим долларын дундаж цалинтай пакистанчуудын хувьд энэ бол нэлээд чанга торгууль. Хэрвээ удаа дараа санал хураалтад оролцолгүй хэнэггүйтэх аваас 5 жил хүртэлх хугацаагаар цөлдөг гэнэ. 
 
Ардчиллын үлгэр жишээ болсон Бельги, Итали, Герман, Австри, Кипр, Люксембург зэрэг барууны орнуудад сонгууль "тасалсан” иргэдээ 25-70 еврогоор торгодог байна. Энэ бол өндөр хөгжилтэй иргэдийн хувьд нэг удаа ресторанд хооллох мөнгө боловч сонгуулийн ирцийг 90-ээс дээш хувьтай байлгах "ташуур” болж чадаж байгаа хэрэг. 
 
Бельги улсад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонгууль хийдүүлсэн хүнийг эхний удаад 50 еврогоор торгодог бол "давтан үйлдсэн” тохиолдолд 125 еврогоор торгоно. Хэрвээ дөрвөн удаа дараалан сонгуульд оролцоогүй бол шийтгэл бүр чангарч, тухайн иргэний сонгох эрхийг 10 жилээр хасахаас гадна төрийн байгууллагууд ажилд авдаггүй байна. Сонгуульд оролцоогүй иргэнд шийтгэл ногдуулах тухай хууль тус улсад бүр 1893 оноос эхлэн үйлчилж байгаа аж.
 
Люксембургийн Их Гүнт улсад сонгуульд саналаа өгөөгүй иргэнийг  80 доллароор торгож, сонгуулийг дахин тасалсан тохиолдолд торгуулийн хэмжээг 240 доллар болгож нэмэгдүүлдэг байна. Эл байдал давтагдах аваас тухайн хүний сонгох эрхийг шүүхийн шийдвэрээр цуцалдаг ажээ.
 
Түүнээс гадна, төрийн албанд ажиллах боломжгүй болно. Тодорхой жишээ дурдваас, сонгуульд оролцдоггүй иргэний хувьд төрийн болон орон нутгийн өмчит дунд сургуульд багшаар ажиллах эрхгүй болдог гэх мэт. Египет улсад торгуулийн хэмжээ нь ганцхан доллар байдал боловч санал өгөөгүй иргэнийг шоронд хорих тухай хуулийн заалт ч бас бий.
 
Энэ бүх жишээнээс улбаалан бодохуйд, сонгуульд оролцох идэвх дэндүү султай атлаа төрийн албанд орох гэж хошууран дайрдаг залуучуудыг төрийн байгууллагууд ажилд авахдаа сонгуульд хэр идэвхтэй оролцож ирснийг нь танддаг байваас болохгүй гэх газаргүй юм.
 
Б.Адъяахүү
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг