|

Бид орших уу, оршуулагдах уу ...

Монголчууд бид энэ удаагийн сонгуулиар ирээдүйгээ, цаашлаад улс орноороо "орших уу, оршуулагдах уу" гэдгээ л шийдэх хүнд сонголтын өмнө ирж байна. Тиймээс насанд хүрсэн хүн бүр өөрсдийнхөө ирээдүйн төлөө сонгуульд тун хариуцлагатай хандаж оролцохыг, саналаа бүгд өгөхийг, мөн ямар нэгэн байдлаар сонгуулийг луйвардан ард түмнээр тоглогчидтой хариуцлага тооцох хэмжээний ухамсартай хандацгаахыг та нараасаа хичээнгүйлэн гуйя.

Энэ удаа л бид өөдлөх боломжийг өөрсөндөө бүрдүүлж чадахгүй, төр улсаа төвшитгөх алхамыг хийж чадахгүй аваас Монголын ирээдүй үнэндээ харанхуй, хонгилын үзүүрт сүүмэлзэх лааны гэрлээ ч өөрсдөө бид үлээгээд унтраах нь. Өнөөдөр та саналаа хэдэн халтар төгрөгөөр арилжаалж царцаа, голионы нүүдэл гэгчид оролцож болох ч маргааш нь гарах үр дүнгээс чиний амьдрал хамаарахгүй нэг ч өдөр байхгүй гэдгийг бүү л мартаарай даа хүмүүс минь.

Яагаад бид өөрсдийнхөө гараар өөрийнхөө болон үр хүүхдийнхээ ирээдүйг баллаж, "оршуулгын нүх ухах"-ыг зөвшөөрөх ёстой гэж?!!!

Гурван саяулаа бид харийн нутагт цагаачилж хар, бор, цагаан ажил хийж амьдрах боломжгүй.  Тэгж явах ч жаргал биш. Яг үнэндээ тийм таатай сайхан зүйл биш шүү дээ. Хүндлэл, толгой бардам алхах, хүссэн ажил төрлөө өөрийн нутаг газар дээрээ эрхлэх гэдэг хамгийн том аз завшаан. Олдошгүй их хувь заяа байдаг юм байна шүү хүмүүс минь. Эх орондоо иргэн бүр эзэн шиг нь байцгаая. Монгол орны эзэд бол та нар минь шүү дээ. Хэдхэн намын томхон луйварчид биш. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдагийг харуулах хэрэгтэй. Ард олноос хүчтэй нэг ч нам, эвсэл гэж байдаггүй юм.

Яруу найрагч Хулганайн Тэргэл