|

Манай орны заавал очиж үзэх 24 газар

Аялал зугаалгын улирал эхэлсэн энэ үед гадны жуулчдаас гадна дотоодын жуулчид, зугаалгаар явж буй хүмүүст сонирхуулхад  хоттой ойр бөгөөд байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулж байна.   Түүхийн дурсгалт болоод байгалийн үзэсгэлэнт  эдгээр газрууд та бидний  заавал очиж үзэх  ёстой 24 газар юм. 

1.  Чойрын Богд уул, түүний орчмын дурсгалт газрууд: Чойрын Богд уулыг  байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Одоогоор Тус хайрхан нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн, амьтан ундаалдаг.  Уулзварын гол урсдаг. Ховор ургамал, амьтан элбэгтэй. Чойрын Богд уулын орчимд Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, Цагаан дарь эх бурхан, Хүүхдийн овоо зэрэг олон түүх соёлын дурсгалт газрууд бий.

2. "Сүм" цогцолбор: "Сүм" аялал жуулчлалын  цогцолбор нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Туул голоос хоёр км зайнд байрладаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн шинэсэн ойн аманд Улаанбаатар хотоос зүүн тийш 56 км засмал зам, есөн км сайжруулсан шороон замаар явж хүрнэ. Энэ баазад саатсанаар Сархинаган тоонотой эртний ламын гэр музейгээр зочилж, галын наадам хийх боломжтой.

3."Тэрэлж лож" гэр бааз: Улаанбаатар хотоос 55 км-т Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Онгоцын аманд байрладаг. Гэр буудалд тухалж амрлат чөлөөт цагийн гэр, музейгээр зочлох боломжтой. Монгол малчин айлын маягаар тохижуулсан музейд нүүдэлчин айлын амьдралын хэв маягийн талаар бүрэн ойлголт өгөхүйц эдлэл хэрэгслийн байрлуулсан.

4. "Санзайн амралт": Энэхүү амралт нь хотоос 28 км зайд оршдог. Дотроо халууны шугамтай хосын ортой. Нэг дор 70 хүн хүлээн авах чадалтай. Бүжгийн болон хоолны заалтай, массажны өрөөтэй, чөлөөт цагт зориулсан биллъярд, теннис зэрэг таны тав тухыг бүрэн хангаж чадна.

5. "Хотула жуулчны бааз": "Хотула" жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 50 км зайд Горхи Тэрэлжийн хөвөөнд байрладаг. Тус жуулчны бааз нь домогт Хотула баатарын нэрээр нэрлэгдсэн юм. Өвөл, зуны аль ч улиралд нэг ээлжиндээ 60-80 зочин хүлээн авах хүчин чадалтай. Тэмдэглэлт баярын, төрсөн өдөр, хурим найр болон тусгай хүлээн авалт зохион байгуулах, бэсрэг болон  галын наадам зохиох, морь , тэмээ болон сарлаг унах боломжтой.

6. "Хайртхаан" амралт цогцолбор: Улаанбаатраас 45 км, Эрдэнэт, Дархан орох замд "Хайртхаан" амралт цогцолбор байрлаж байна. Энэхүү амралт нь нэг дор 70-80 хүн хүлээж авах хүчин чадалтай. Европ зоог, хорхог зэрэг хүссэн хоолоо захиалан хийлгэх боломжтой. Морь унаж, явган аялалд явж болох нь.

7.  "Тамир" амралт цогцолбор: Улаанбаатраас 56 км, Ар хүүшийн аманд энэхүү цогцолбор байрлаж байна. Нэг дор 60-70 хүн хүлээж авах хүчин чадалтай. Галын наадам хийж, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, ууланд авирах боломжтой.

8.  "Хаан жимс" жуулчны бааз: "Хаан жимс" жуулчны бааз нь Улаанбаатраас зүүн зүгт 55 км-т, "Чингис хааны хөшөөт цогцолбор"-оос хойш хоёр км зайд, Туул голын хөвөөнд байрладаг. 80 км хүний багтаамжтай зочид буудал болон гэр буудалтай. 10 хүний багтаамжтай караоке, мини кино театртай.

9.  "Цонжин” жуулчны бааз:  Улаанбаатараас 55 км, Төв аймаг, Эрдэнэ сум, Чингис хааны хөшөөт цогцолбороос зүүн хойш дөрвөн км Туул голын эрэг дагуу байрладаг. Нэг ээлжиндээ 40-60 хүн хүлээн авах боломжтой. Чингис хааны хөшөө, Хустайн нуруунд нэг өдрийн аялал хийж, агаарт байгалийн сайханд хонохыг санал болгож байна.



10. Аварга Тосон нуур: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс баруун хойш 5 километрт оршдог. Орчноосоо арай намхан хонхорт орших, 300 метр урт 250 метр өргөнтэй, карбонатын төрөлд багтах шорвог устай,  элсэрхэг ёроол бүхий нуур юм.  Нутгийн хүмүүсийн яриагаар Тосон нуурт 100 гаруй жилийн өмнөөс хол ойрын хүмүүс ирж өвчнөө сувилдаг болжээ.  Нуурын урд дэнжид ноёд, хойд дэнжид лам нар, зүүн баруун дэнжид харц ардууд хотлон буугаад энэ нуурт ордог байжээ. Нуурын баруун хойд захад дээрээ цайвар саарал, доороо хар хөх бараан өнгөтэй маш нарийн тос шиг найнги шавар байх бөгөөд нуурын урд захад нарийн хар бэх мэт тас хар тослог шавар 50 сантиметр гүнээс гарч байдаг ажээ.  Очиж биеэ сувилах тохиромжтой газар.

11. Аж богдын нуруу: Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Монгол Алтайн нурууны салбар уул бөгөөд хамгийн өндөр оргил нь Хүрэн товон далайн төвшнөөс дээш 3802 метр өндөр. Аж богдын нурууны өврөөс Индэр, Гишүүнтэй, Их гол, ар талаас нь Урт, Дөрөлжийн голууд эх аван урсдаг. Уулын хүрэн, цайвар хүрэн, говийн бор, хужир мараат, цөлийн бор саарал хөрстэй.  Энд ховор ургамао, амьтад байдаг. Ууландаа зун 116-138 миллиметр хур тунадас унадаг.

12. Алтан элс: Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг дэл элсний зүүн хэсэгт Баруунтуруун сумын нутагт Алтан элс оршдог. Элсний нийт талбай нь 177.5 мянган га. Элсэн доороос эх аван урсдаг цэнгэг устай гол горхи, булаг шанд, баян бүрдүүд болон элсний нүүлт зэрэг гадны нөлөөнд автахгүйгээр орших элсэн манхан юм.  Нэг талаас нуур-пролювын гаралтай дөрөвдөгч галавын хурдас, баруун хойд зүгээс байнга үлээх салхиар хийсэн хуримтлагдсантай, нөгөө талаас суурь чулуулгийн өгөршилтэй холбоотой.  Элсний урд хаяа дагуу хэсэг нарс, шинэс, чацаргана ургах бөгөөд тухайн орчинг маш үзэсгэлэнтэй болгодог.  Алтан элс нь дов толгодлог гадаргатай, элсний зүүн хэсэгт Эрдэнэтолгой, Залаа толгой, Хөх толгой зэрэг нам уулс шиг толгойнуудтай.

13. Байгалийн задгай театр : Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт Их газрын чулууны дэргэд морин хуурч, уртын дуучдын "Байгалийн задгай театр” байдаг. Аймгийн төвөөс зүүн тийш 90 километр, Говь-Угтаал сумаас баруун урагш 40 километрийн зайд байрлах баруун зүүн, хойд талаараа босоо тогтоц бүхий өндөр хадан хясаануудаар хүрээлэгдэж, урд хэсгээрээ задгай ам байдалтайгаар оршдог. Тайзны диаметр нь 18 метр буюу радиус нь 9 метр бөгөөд газраас дээш 1 метр 40 сантиметр. Тайзны урд хэсэгт үзэгчдийн зориулалт бүхий талбайг засаж дээр нь асар байрлуулсан.

14.  Батхаан уул: Улаанбаатараас баруун урагш 250 километр, Эрдэнэсант сумын төвөөс 33 километр зайтай оршдог. Батхаан уулын ар өвөр хормой, голуудын хойд дэнж, арын гол горхины хөндийгөөр түүхийн дурсгал болох эртний булш хиргисүүр олон бий. Эдгээрээс гадна Бичигтийн амны хадны бичээс, Тогоот уулын хаданд Тогоо, Хуягт хэмээх газарт хөө хуяг гэх мэт эртний үед хамаарах дурсгалууд байдаг.

15.Бөөрөг дэлийн элс: Увс аймгийн Зүүнговь сумын нутагт байх бөгөөд дэлхийн бөмбөрцгийн элсний хамгийн хойд зах руу түрж орсон элс гэдгээрээ онцлог. Мөн Монгол улсын хамгийн их талбай эзэлдэг элс юм. Бөөрөг дэлийн элсийг Их монгол элснээс Ханхөхий нуруу тусгаарлаж дунд нь оршдог онцлогтой. Мөн Бөөрөг дэлийн элсний хойд хэсэгт цэнгэг уст Баян нуур оршдог. Баян нуурын усан хоолойд усан спорт хөгжүүлэх боломжтой.

16.  Баянзүрхийн буган хөшөө: Ховд аймгийн Мөст сумын нутагт Бодончийн хавцал уруудах замд байдаг Монголын баруун хэсгийн хамгийн томд тооцогдох чулуун дурсгал юм. Энд 30 орчим том, жижиг буган хөшөө, хиргисүүр, булш байдаг. Бугын дүрслэл харьцангуй гоёмсог бөгөөд түүний зэрэгцээ 5 өнцөгт дүрс, чичлүүр хутга, бусад зэр зэвсгийг дүрсэлсэн байдаг. Мөн буган чулуун дээр эдгээр дүрслэлээс гадна эртний хүмүүсийн аж амьдралын сэдэвтэй зураг, бугын загварчилсан зураглал, ирвэс чоно гэх мэтээр бараг бүх амьтныг давхар дүрсэлсэн байдаг.

17. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Аварга тосонгийн рашаан сувиллаас урагш, Аураг рашааны хойхон талд Рашаан дэрсний ухаа хэмээх газрын хөрсөн доор эртний нэгэн хотын үлдэгдэл бий. Уг балгасны нэр нь Аураг гэдэг бөгөөд сунжраад аварга болсон гэж таамагладаг. Энэ үг нь "аварга, агуу их" гэсэн утгатай бус "агуурс, уурхай, агуулах" гэсэн утгатай хэмээн судлаачид үздэг. Түүхийн маш дурсгалт газар юм.

18. Алтай таван богд: Монгол Алтайн нурууны баруун захад хойноосоо урагш сунамал байдалтайгаар, Монголын баруун захаас Говь-Алтай аймгийн нутгийг өнгөртөл 900 гаруй километр үргэлжилдэг. Монгол Алтайн нурууны уулархаг их мужид өндөр уулсаар хүрээлэгдэн Хотон, Хурган, Даян, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай сав оршино. Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль янгир, марал буга зэрэг хөхтөн хойлог, тас, ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой нутаг.

19. Арц богд уул: Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц богд уул нь Бага Богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь Бага Богд уултай 20 гаруй километр газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нилээд хадархаг говийн шинжтэй. Зүүн өвөрт нь Их булаг, Бага булаг, Бумба, Сөөг, Туруухай, Цагаан хад, Баруун Зүүн хөөвөр гэх мэт задгай устай. Харин баруун өвөртөө Авдрантай, Зүүн баруун Ялаатай, Гэгээт, Ямаан ус, Харангад, Хөөвөр, Мансруй зэрэг задгай устай. Ийм их гол горхи булаг шандтай учраас Арц богд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа эргээд усаар тэтгэж байдаг.

 20. Бүгийн цавын хоолой нь одоогоос 80-150 сая жилийн өмнөх амьдралыг төсөөлөн харж болохуйц газар ажээ. Дэлхийн Геннисийн номд дэлхийн хамгийн урт сарвуут амьтан бол Цэрдийн галавын үед Монголын говьд амьдарч байсан Теризинозавр хэмээн бүртгэжээ. Тус газар нь эртний далайн ёроолыг илтгэн харуулах шавар хэрмэн цав цонжуудтай бөгөөд зорьж очсон хүнд өөр гариг ертөнцөд хөл тавьсан мэт сэтгэгдэл төрдөг ажээ.


21. Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45 километр, Баянгол Өглөгчийн голын бэлчирээс 8-10 километр зайд Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын аманд байдаг. Дан чулууг нямбайлан өрж уул түшүүлэн барьсан хэрмийг Өглөгчийн хэрэм гэдэг. Хэрмийн дотор талд жижиг шороон далангийн үлдцүүд байдаг. Гэвч зарим хэсгийг газрын хөрснөөс ялгаж харахад бэрхтэй болжээ.

22.Монгол түмний морины их шүтээн: Монгол түмний морины их шүтээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километр газарт буюу алдарт Арвайн талд залж бүтээсэн их шүтээн цогцолбор юм. 2007 оны 8 дугаар сард ард олноо нээн хүртээл болгосон. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар ажээ. Суварга болгоны сууринд жаргалын найман морийг хоёр хоёроор нь дөрвөн талд нь гадагш харуулан бүтээж, суурины дотор талд нь найман тахилыг хоёр хоёроор нь дөрвөн талд нь тус тус товойлгосон байна.

23. Хөгнө хаан уул: Булган аймгийн Гурванбулаг, Рашаант сумын нутагт орших далайн төвшнөөс дээш 1962 метр өндөр уул юм. Ой тайга, тал хээрийн ургамал бүхий 2-3 бүс нэг дор байдгаараа онцлог. Тарнын яргай хэмээх ховор ургамал ургадаг. Хангай Хэнтийн хушин ойгоос 200 гаруй километр алслагдсан хирнээ уулын ар хормойгоор шинэс, хус, хушин ой ургадгаараа онцлог.
24. Баянзаг: Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар юм. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Баянзагийн улаан шаварлаг хөрс  нь оройн наранд асаж буй улаан гал шиг харагддаг учраас "асаж буй толгод” буюу "flaming cliffs” гэж нэрлэгдэх болжээ. Энэхүү нэрийг 1920-илд онд Баянзагт ирж судалгаа хийсэн Америкийн эрдэмтэд өгсөн гэдэг. Баянзаг нь дэлхийд Монголын говийг алдаршуулсан газар юм. Баянзаг нь хойд хэсгээрээ заг модон ойтой.

Эх сурвалж: Etoim.mn   Линк:http://etoim.mn/p/2009