"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Төрийн банк хамтран жуулчдын өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглах, гэрээт худалдаа үйлчилгээний байгууллагаас хөнгөлөлт эдлэх боломж бүхийМонгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчлэх, эзэмшигчийн нэр бичээгүй, төгрөгөөр гүйлгээ хийх төлбөрийн "Travel card”-ийг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Энэхүү бүтээгдэхүүн нь төлбөрийн карт, картаар хөнгөлөлт үзүүлэх худалдаа үйлчилгээний байгууллагуудын мэдээлэл болон бусад жуулчдын хэрэгцээнд нийцсэн мэдээлэл бүхий гайдбүүкээс бүрдэх аж.
Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын банк, санхүүгийн байгууллагын картаар төлбөр тооцоо гүйцэтгэх сүлжээ хязгаарлагдмал, өндөр шимтгэл, хураамж төлөх, ханшийн зөрүүнээс алдагдал хүлээх зэрэг жуулчдад тулгардаг төлбөр тооцооны бэрхшээлүүдийг шийдвэрлэх, жуулчдыг бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаалах, аюулгүй аялах нөхцөлийг бүрдүүлэх, бэлэн бус төлбөр тооцоо, үндэсний мөнгөн тэмдэгтийн гүйлгээг дэмжих зорилгоор хийгдэж буй уг төсөлд үйлчилгээний байгууллагуудад хамтран оролцохыг уриалж байна.
Travel card нь хөнгөлөлтөөр дамжуулан олон төрлийн үйлчилгээг жуулчдад хүргэх маркетингийн суваг болох бөгөөд карт эзэмшигчдэд хөнгөлөлт үзүүлэх замаар хэрэглэгчдийнхээ хүрээг өргөжүүлэх, үйл ажиллагаагаа үнэ төлбөргүй сурталчлах боломжийг бизнес эрхлэгчдэд олгож буй гэнэ.
Д.Од