Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн талаархи танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эдгээр хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр өнөөдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн гэдгээ дурдав.
Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд шинэ Засгийн газар нь бүтцийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүнтэй байхаар тусгажээ. Үүнд:
Монгол Улсын Ерөнхий сайд;
Монгол Улсын Шадар сайд;
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
Гадаад харилцааны сайд;
Сангийн сайд;
Хууль зүй, дотоод хэргийн сайд;
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
Батлан хамгаалахын сайд;
Барилга, хот байгуулалтын сайд;
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;
Зам, тээврийн сайд;
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
Эрчим хүчний сайд;
Эрүүл мэндийн сайд.
Мөн шинэ Засгийн газар 13 яамтай ажиллах бөгөөд үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд үндсэн чиг үүргийн, харин Батлан хамгаалахын, Барилга, хот байгуулалтын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Зам, тээврийн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байхаар тусгасан байна.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаархи саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буйтай холбогдуулан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Уг тогтоолын төслөөр шинэ Засгийн газар нь тохируулагч 10, хэрэгжүүлэгч агентлаг 17, нийт 27 агентлагтай ажиллахаар тусгасан бөгөөд Засгийн газрын агентлагуудын тоонд өөрчлөлт орохгүй байхаар зохицуулжээ. Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрыг Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гааль, татварын ерөнхий газрыг тусад нь салгаж Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар болгох, Газрын тосны газар, Ашигт малтмалын газрыг нийлүүлэх, шинээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байгуулахаар зохицуулжээ. Түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлахтай холбогдуулан 44 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Ингэснээр дээр дурдсан агентлагуудын чиг үүргийн давхардлыг арилгаж, нөөцийг зөв хуваарилах, салбарын хэмжээнд төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг чанартай, үр дүнтэй, шуурхай, хүртээмжтэй явуулах шаардлага хангагдана гэж үзэж буйгаа Ерөнхий сайд хэллээ.
Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тус байнгын хорооны гишүүдийн дийлэнх олонхи нь эдгээр хууль тогтоомжийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн юм.
Мөн хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус намын бүлгийн дарга С.Эрдэнэ танилцуулав. Тус намын бүлэг зургаан үндэслэл бүхий санал, дүгнэлт гаргаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбогдсон эдгээр хуулийн төслүүдийг дэмжих боломжгүй гэж үзсэн байна.
Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Сарангэрэл, О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Х.Нямбаатар, Г.Занданшатар, С.Эрдэнэ, Ж.Энхбаяр нар Ерөнхий сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Г.Занданшатар, О.Баасанхүү нар саналаа хэллээ.
Ингээд байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүн санал нэгтэйгээр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлахтай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.