Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 03, 04, 05-ны өдөр баруун, төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, их халалтаас шалтгаалан үер, аянга буух, хүчтэй салхи шуурга болох өндөр эрсдэлтэй байгааг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
Үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ
Үерийн
аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд
хөрөнгөө аврах, хамгаалах /гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, тогоо
хөмрөх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүсийг аюулгүй газар байлгах/
- Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах
- Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж аль ойр байгаа өндөрлөг гарч тэндээ хүлээх
- Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах
- Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах
- Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг, холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа гэх мэт/-д мэдээлэх, бусдад хүргэх
- Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх
Үер, усны аюулын дараа юу хийх хэрэгтэй вэ
Өөртөө болон бусдад туслах
- Эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих
- Шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандах
- Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлжэх
- Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах
- Барилга байгууламжийн гадуур устай байвал дотогш оролгүй хүлээх
- Үерийн ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах аюултайг анхаарах
- Хийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж очих
- Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
- Гараа тогтмол савандаж угаах
- Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг буцалгаж ариутгах
- Булаг, худгийн усыг шавхаж цэвэрлэх
- Гэр хороололд амьдардаг бол бие засах газар, муу цсны нүх /сав/-ийг ариутгах, цэвэрлэх
Үер, усны аюулаас хэрхэн сэргийлэх вэ
Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
- Үерийн аюултай бүс нутгаас нүүх
- Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
- Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
- Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
- Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
- Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
- Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
- Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх
- Цаг агаарын мэдээллийг тогтмол сонсож байх