Суданд борооны улиралтай холбоотойгоор сүүлийн хоёр сар бараг тасралтгүй бороо орж, үер болсны улмаас 100 орчим хүн амь эрсэджээ. НҮБ-ын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус улсын зүүн нутгийн 120 мянган хүний аж амьдралд үер усны аюул сөргөөр нөлөөлж буй аж. 20 мянга гаруй айлын орон гэр үерт сүйтгэдсэний улмаас олон хүн майханд толгой хорогдож байгаа гэнэ. Нийслэл Хартум хотыг хөдөө орон нутагтай холбодог замууд хаагдсан нь үерт нэрвэгдсэн бүсүүд рүү хоол хүнс болон эм тариа илгээхэд саад болж байна. Мөн өвчтэй хүүхдүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Африк тив даяар сүүлийн жилүүдэд ган гачиг болон үер болж байгаа нь дэлхийн дулааралтай холбоотой. Энэ сарын сүүлчээр Кенийн нийслэл Найроби хотод болох Африкийн хөгжлийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх гол асуудлуудын нэг нь "байгалийн гамшгаас үүдэлтэй гарз хохирлыг багасгах арга замууд” байх төлөвтэй байгаа аж.
Д.Од