Казахстан улсад явагдсан олон улсын цэргийн "Армийн тоглолт” хүрээнд зохион байгуулагдсан "Мэргэн буудагчдын галын зааг” тэмцээнд анх удаа оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний баг мэргэн буудагчдын хослолын төрөлд хүрэл медаль хүртэж, багаараа тавдугаар байрт шалгарсан амжилт үзүүллээ.
Эх орноо төлөөлөн олон орны цэргийн мэргэн буудагчидтай авхаалж самбаа, цэц мэргэнээ сорьж, амжилт гаргасан тамирчдыг ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нар хүлээн авч баяр хүргэлээ.
Казахстан улсын "Гвардейский” сургалтын төвд явагдсан цэргийн шилдэг мэргэн буудагч шалгаруулах тэмцээнд Монгол, ОХУ, Казахстан, БНХАУ, Венесуэл, Иран, Зимбабве, Киргиз, Армен, Энэтхэг, Беларусь, Грек зэрэг 12 орны 72 мэргэн буудагч цэц мэргэнээ сорин өрсөлджээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 14 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ тэмцээнд оролцсон бөгөөд багийн ахлагчаар ЗХЖШ-ын АТГ-ын цэргийн зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа Б.Хадбаатар, ерөнхий дасгалжуулагчаар Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч, хурандаа С.Түвшинбаяр нар оролцжээ.
Оногдсон байг буудах үндсэн үүргийг манай мэргэн буудагчид бусад орны мэргэн буудагчдаас хол илүү биелүүлж байсан хэдий ч хугацааны хувьд хоцрогдсон гэсэн үзүүлэлтээр дүгнэгдэж Казахстаны баг 1 минут 10 секундэд 120 оноогоор нэгдүгээр байрт, ОХУ-ын баг 1 минут 20 секундэд 155 оноогоор хоёрдугаар байрт, Монгол Улсын баг 3 минутад 180 оноогоор гуравдугаар байрт шалгарчээ. "Оноо тэнцсэн тохиолдолд хугацаа харна” гэсэн дүрмийн заалт бодит байдалд биеллээ олоогүй хэдий ч ганзага хоосонгүй оролцон амжилт үзүүлсэн. Монгол Улсын Зэвсэгт хүчний мэргэн буудагчдыг олон улсад таниулж, туршлага хуримтлуулсан тэмцээн болж өндөрлөлөө.
Манай багийн 8 мэргэн буудагч Зэвсэгт хүчний хэмжээний сонгон шалгаруулалтаас шалгарч, 3 сарын хугацаанд хурандаа С.Түвшинбаярын удирдлагад Хужирбулангийн буудлагын талбайд бэлтгэлээ хангаж, тус тэмцээнд оролцжээ. "Мэргэн буудагчийн галын зааг” тэмцээнд оролцогчид бүгд 7,62 мм-ийн мэргэн буудагчийн винтов "СВД”-г ашигласан.
Багийн ерөнхий дасгалжуулагч, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч, хурандаа С.ТҮВШИНБАЯР:
-Олон улсын цэргийн мэргэн буудагчдын тэмцээнд оролцсон Зэвсэгт хүчний залуусынхаа бэлтгэлийг хангаж оролцсондоо баяртай байна. Бидний хувьд Монгол Улсын Зэвсэгт хүчний мэргэн буудагчид гэж хэн болохыг харуулж чадсан.
Ямарваа нэг тэмцээн бүр өөрийн гэсэн дүрэм, журамтай хэдий ч алдаа, дутагдал бас байна. Энэ нь олон хүний хүч, хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн үзэгдэл болж байгаа нь харамсалтай.
Өргөсөн тангарагтаа үнэнч, цэргийн хүний ёсоор бэлтгэл сургуулилтаа чанартай хийж, тэмцээнд амжилттай оролцсон багийнхандаа болон 4500 км замыг саадгүй туулсан 2 жолоочдоо хандаж, "Бид бүгд бодит дүнгээр алтан медалийн эзэд байж чадсан” гэдгийг бардам хэлэх байна. Бидний хувьд цаашид оролцох тэмцээний гараагаа амжилттай эхлүүлж, туршлага хуримтлуулж чадсан, үр дүнтэй тэмцээн байлаа.
Хослол буудлагын төрөлд хүрэл медаль хүртсэн Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын ахлагч Ц.БАЯСГАЛАН:
-Олон улсын цэргийн мэргэн буудагчийн тэмцээнд анх удаа оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний багт багтаж, амжилт гаргасандаа маш их баяртай байна. Хурандаа С.Түвшинбаяр багшийн хамт 3 сарын хугацаанд бэлтгэлд хамрагдсанаар буудлагын талаар маш их зүйлсийг сурсан. Миний хувьд бэлтгэлээ маш сайн хангасан гэж хэлж болно. Манай бусад оролцогчдын хувьд ч ялгаагүй сайн оролцсон. Мэргэн буудагчийн хослол төрөлд хамтрагчийн хамт хүрэл медалийн эзэн болж чадсан. Энэ амжилтанд мэргэн буудагч бүлгийн хамт олон болоод дасгалжуулагч багшийн дэмжлэг их байсныг хэлэх нь зүйтэй. Манай мэргэн буудагчид бусад орны мэргэн буудагчдаас чадварын хувьд дутахгүй ч хурдан буудлагын төрөлд дадлага хэрэгтэй гэдгийг ойлгосон.
Хослол буудлагын төрөлд хүрэл медаль хүртсэн Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн ахмад Н.МӨНХБААТАР:
-Анх удаа оролцсон тэмцээнд амжилт гаргасандаа баяртай байна. Хурандаа С.Түвшинбаярын олон жилийн туршлага, бидэнд заасан сургалт дадлага маш их хэрэг болж, медаль хүртэх боломжийг бүрдүүлсэн. Бусад орны мэргэн буудагчийн хувьд хурдан буудаж байсан хэдий ч мэргэн буудагчийн гол үүрэг болсон байг онох талд дутагдалтай санагдаж байлаа. Цаашид энэ тэмцээнээс олж авсан туршлагаа бататгаж мэргэн буудлага, хурдан буудлага 2-ыг хослуулан бэлтгэл сургалтаа базаах хэрэгтэй юм байна.