|

С.Бямбацогт: Хүүхдийн мөнгийг ялгавартай олгоно

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Үндсэн хуулийг өөрчлөхөд цаг хугацааны хувьд амжихгүй гэдгийг манай бүлгээс өмнө нь ч мэдээлж байсан. Учир нь тус хуулийг өөрчлөхөд 50 орчим заалт хөндөгдөж, Үндсэн хуулийг шинэчлэн, дагаж цөөнгүй хуулийг өөрчилж, шинэчлэх болно. Иймээс УИХ Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахын оронд Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж, шударга сонгууль хийхэд анхаарах ёстой. Ард нийтийн санал асуулгыг энэ долоо хоногт хэлэлцэхээр оруулж ирж байна. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжиж батлах ёстой байтал, ард нийтийн санал асулуг нэрийн дор Үндсэн хуулийг өөрчлөх бодолтой гишүүн олон алга. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад нэлээн олон процедур бий. Хоёрдугаарт, ҮХ өөрчлөгдсөнтэй холбогдож бүх хууль тогтоомжийг нийцүүлэхийн тулд өөрчлөх шаардлага үүснэ. Ийм нарийн асуудал байгаа учраас энэ УИХ Үндсэн хуулийг яаран өөрчлөх чадваргүй гэж үзэж байгаа. Бие даагч гишүүд, АН-ын бүлгийн цөөнгүй гишүүн санал нэгдэж байгаа. Гуравны хоёрын босго давах ёстой. Нийгмээ хагаралдуулах, улс төрийн хүчнүүд нь дотроо бас хуваагдах нь утгагүй. Үүний оронд Сонгуулийн хуулиа баталъя” гэсэн юм.

Мөн МАН-ын бүлгийн гишүүд 2016 оны төсөв эдийн засгийн хямралыг сөрсөн төсөв болж чадсангүй гэж дүгнэжээ.  "Хөөсөрсөн, өрийн ачааллыг нэмэгдүүлсэн туйлын хариуцлагагүй төсөв баталсан. МАН-ын бүлгээс тодорхой санал хүргүүлсэн ч дийлэнх нь ороогүй. Цалин, тэтгэврийг хасахгүй байх ёстой гэсэн санал оруулсан. 135 тэрбум төгрөгөөр зардал өсч байгаа, энэ нь МАН-ынхны санал гэж байсан. Гэвч онцгой, цагдаа, эрүүл мэнд, боловсролын салбараас бусдынх нь цалин 10 хувиар буурах, эс бол цомхотгол хийх нөхцөл байдал үүссэнийг эсэргүүцэж байна” гэж МАН-ын гишүүд үзжээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.

-Төсөв хүрэлцэхгүй учраас хүүхдийн мөнгийг ялгавартай олгохоор болсон гэж үнэн үү?

-Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг 18 хүртэлх насны 60 хувьд олгохоор тусгасан. МАН Засгийн эрх барьж байхдаа бүх хүүхдэд тэгш олгодог байсан. Харин одоо бол нийт хүүхдийнхээ 60 хувьд олгохоор болж 40 хувийг нь хассан.

-Өргөн баригдаад байгаа Сонгуулийн хуулиудаас аль хувилбарыг МАН-ын бүлэг дэмжиж байна вэ?

-Дөрвөн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг ерөнхийд нь дэмжье гэж үзэж байна.  Нэгдсэн ажлын хэсэг байгуулагдах байх. Эсрэг тэсрэг олон заалт ч байгаа, төстэй заалтууд ч бий. Бидний барьж байгаа зарчмын байр суурьтай ижил санал байвал дэмжээд явна. УИХ-ын гишүүдийн хүн дагуулж дугуйлдаг тогтолцоог дэмжье гэдэг үзсэн. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтаар УИХ-д нэр дэвшихийг дэмжихгүй гэсэн үг.

Д.ЖАРГАЛ