Олон улсын үнэлгээний "S&P” агентлагийн зүгээс манай улсын арилжааны банкуудын эрсдэл нэмэгдэж, Египет, Грек, Украйн зэрэг улсынхтай ижил түвшинд үнэлэгдэж байна гэх дүгнэлтэд хүрээд байгаа талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл тус агентлагийн зүгээс Монгол Улсын зээлжих зэрэглэл "B” байсныг "B-” болгож бууруулчихлаа. Урт хугацааны зээлжих зэрэглэлийг бууруулсан үндэслэлээ тайлбарлахдаа "Төсвийн зарцуулалт танагдсан, гадаадын хөрөнгө оруулалт дорвитой сэргэж чадахгүй байгаагаас гадна экспортоос олох орлого буурч” байгаатай холбоотой гэж тодотгож байгаа юм. За ямартай ч урт хугацааны зээлжих зэрэглэлийг бууруулсан бол богино хугацааны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн байна. Тэгэхдээ өөрчлөлт хийх шаардлагатай эсэх талаар судалж байгаа учир өөр шинэ мэдээлэл тэд дуулгаж магадгүй байгаа юм. Мөн тус агентлагийн мэдээллээс үзэхэд "Оюу Толгой”, "Тавантолгой” төслүүд урагшилбал зээлжих зэрэглэлийг өсгөх боломжтой гэж байгаа юм. Уг нь бол "Оюу Толгой” төсөл замдаа гараад чамгүй хол яваад байгаа. Харин Тавантолгой төслийн хувьд хүлээлгийн өрөөнд байгаа. Тэр утгаараа уг төсөлтэй холбоотой хүлээлт бас гадаад зах зээлд хадгалагдсан хэвээрээ байгаа гэж эндээс харагдаж буй юм.
Тус агентлаг манай улсын арилжааны банкуудын талаар мэдээлэхдээ ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт саарч, банкны бүтээгдэхүүнүүдийн өртөг нэмэгдэж байгаагаас шалтгаалан банкны салбарын эрсдэл үргэлжлүүлэн нэмэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулсан байгаа. Монголын арилжааны банкуудын багтаж буй эрсдэлийн 10 дугаар түвшин нь олон улсын хэмжээнд хамгийн өндөр эрсдэлтэй банкуудыг оруулан тооцдог үзүүлэлт юм. Дүгнэлтээс үзэхэд хэлбэлзэл ихтэй барилга, уул уурхай зэрэг салбаруудад хэт их хэмжээний санхүүжилт олгосноос банкуудад энэ нөхцөл байдал үүссэн харагдаж байсан билээ.
Гэхдээ энд нэг зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Одоо бол олон улсын үнэлгээний байгууллагуудын хувьд дүгнэлтээ гаргадаг оргил цаг үе тохиож байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Түүнчлэн бусад агентлаг ойрын 1-2 долоо хоногт тус, тусын дүгнэлтээ танилцуулж таарах байх. Манай тухайд засаг төрийг барьж байгаа хүчин өөрчлөгдсөн гэдэг утгаараа үнэлгээний байгууллагуудын зүгээс гарах дараа дараачийн прогноз дүгнэлтүүдэд өөрчлөлт орж таарах болов уу.
"S&P” агентлагийн зүгээс манай улсын 2016-2019 оны эдийн засгийн өсөлтийн дунджийг өмнөх таамаг болох дөрвөн хувиас бууруулж 3.2 хувьд хүргэсэн байгаа юм. Экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт бага байгаа учраас эдийн засгийн өсөлтийг дэмжих хангалттай санхүүжилт байхгүй гэж үзэж байна. Түүнчлэн энэ оны эцэст төсвийн алдагдал 21 хувь болно гэж үзлээ. Уг нь өмнө нь төсвийн алдагдал 9.1 хувьд хүрнэ гэж үзэж тооцоолол гаргасан байсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн