"Оскар”-ын шагналт жүжигчин Леонардо Ди Каприо өчигдөр Нью-Йорк мужийн амралт сувиллын Хэмптон хотын ойролцоо авто осолд оржээ. Данийн загвар өмсөгч, найз бүсгүй Нина Агдалтайгаа хамт Ди Каприо Range Rover-тойгоо явж байхад Mini Cooper автомашин дүрэм зөрчин мөргөсөн юм байна.
Ди Каприо болон түүний найз бүсгүй гэмтэж бэртээгүй гэнэ. Жүжигчин эр машинаа мөргүүлсэний дараагаар Mini Cooper-ийн эзэн дээр очиж, гарч ирэхийг шаардсан ч жолооч эмэгтэй айснаасаа болж хэдэн минут машинаа түгжээд гарч ирээгүй юм байна. Гэвч Ди Каприо тэрхүү эмэгтэйг тайвшруулж, машинаас нь буулгаад, цагдаа дуудаж, хэрэг явдлыг шийдүүлээд оджээ.
Хэрэг явдлыг нүдээрээ харсан хүмүүсийн өгүүлснээр бол нэрт жүжигчин огт уурлаж хашгичаагүй бөгөөд авто осол гаргасан эмэгтэйтэй тун эелдэг харилцаж, тайвшруулж байсан гэнэ.
41 настай Ди Каприо сүүлийн хэдэн сарын турш 24 настай Нина Агдалтай амрагийн холбоотой байгаа юм. Тэд хамтдаа Багамын арлууд, Малибу, Ибицад амарч яваа зургийг папараццчид дарж, хэвлэлүүдээр цацсаар байгаа билээ.
Р.Гэгээ