|

“Сошиалжсан” Монгол

“Сошиалжсан” Монгол

Огт танихгүй хүнээ ч, компьютер, гар утасныхаа араас хээв нэг муулдаг болж. Энэ нь муулуулж байгаа хүнд ямар хүндээр тусаж, амьдралд нь нөлөөлж байгаа ч бодолцдоггүй. Зарим нэг нь үүнийхээ оронд цалинжаад сууж байдаг гэх юм билээ. Үнэхээр харамсмаар.

Дэлхий нийт ухаалаг гар утсыг ашиглаж, утасгүй интернэтийн үйлчилгээг авч, дэлхийн хаанаас ч фэйсбүүк, твиттер бусад цахим хуудаст орж, өөрийн байр сууриа илэрхийлж байна. Олон нийт өмнө нь өөрийн үгээ төр засагт хэлэхэд хүндрэлтэй байсан бол одоо фэйсбүүкээ ашиглан хэлж болж байна. Энэ бол сошиалын ач тус. Юм хэмжээнээсээ хэтэрвэл ямар хор уршиг тарьж болдгийг сошиал хэрэглэгч монголчууд бэлэхнээ харуулж байна.

Сошиалд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж болох ч, хэн нэгнийг зохион байгуулалттайгаар дайрч давшилж болохгүй. Бас үүнийг эрх мэдлийн төлөөх нэг зэвсэг болгон ашиглаж бүр ч болохгүй. Болохгүй болгоныг өнөөдөр монголчууд хийгээд, хэрэгжүүлээд, бүр гаршчихаж. Бас болоогүй төр засгийн удирдлагууд сошиалаас хамааралтай болж, энд яригдсан бүхэн бүх ард түмний төлөөлөл гэж ойлгоод шийдвэрээ гаргаад байгаад маш ихээр эмзэглэж байна. Жишээ дурьдая л даа. Твиттер хэрэглэгчид сүүлийн үед олширсон.

Ялангуяа эрх мэдэлтнүүд твиттерт жиргэж, өөрсдийн байр сууриа илэрхийлж, үгээ хэлэх болсон нь олны анхаарлыг твиттер рүү хандуулсан. Үүгээр жиргэсэн, үгээ хэлсэн бүхэн нь үнэн юм шиг байдаг ч болж. Эрх мэдэлтнүүд ч жиргээчид ард түмний дийлэнх олонхи юм шиг аашилж, шийдвэр гаргахдаа олон нийт тэгэж байна гэхчлэн иш татаж байгаа харагддаг. Гэтэл бодит байдал ийм биш ээ, улстөрчид өө.

Тэд бол олон нийтийн цөөн төлөөлөл. Харин дийлэнх ард түмэн дотор сошиал хэрэглэдэггүй хүн ч бий. Тэдний үгийг ингэж орхигдуулж болохгүй. Ялангуяа жиргээчид цалинжиж жиргэдэг, фэйсбүүк хуудсууд хэн нэгний захиалга, мөнгөөр хөдөлдөг болчихсон энэ үед сошиалыг туйлын үнэн гэж ойлгож боломгүй.

Яагаад "Сошиалжсан” Монгол гэх болов гэдгийг тайлбарлая. Техник технологи нь ухаалагжиж, хүмүүс нь цахимжиж, сошиалд нэвт шувт орсон учраас тэр. Хаашаа л харна сэлфий хийж, утсаа маажина. Өнөөх нэг нэгэнтэйгээ ярих, бие бие рүүгээ харах гэхчлэн амьд харилцаа бага багаар үгүй болж байна. Саяхан хэдэн найз охидуудын ярихыг сонссон юм. Уулзаад хаана суух тухайгаа ярилцаж байх юм. Тэгсэн нэг нь гол wifi-тай газар л сууна шүү, зургаа хийнэ, хаана байгаагаа бусдад харуулна гэхэд бусад нь ч дуу нэгтэйгээр дэмжиж байх нь тэр.

Найзууд хоорондоо уулзаж ярьж суух бус гол интернэт л тэдэнд чухал байгаа нь ярианаас л ойлгогдож байв. Ийм олон жишээг хэлж болно. Дэлхий нийтийн жишгээр ийм байж болох юм. Гол нь хувь хүн өөрийнхөө хэрэглээг зохицуулах ёстой гээд энэ асуудлыг орхиж болох л доо. Гэвч "сошиалжсан” байх монголчууд тохирохгүй байгаа олон жишээ байна. Францын Парис хотноо хадлага гарч, 150 орчим хүний амь нас хохирч, 200 иргэд шархадсан аймшигтай хэрэг гарсан. Францчууд 3 хоног хилээ хааж, эмгэнэн гашуудсан.

Дэлхий нийт өнцөг булан бүрт францчуудад гашуудаж буйгаа илэрхийлж байлаа. Фэйсбүүк ч гашуудал илэрхийлэн олон нийтийг Францын төрийн далбаагаар зургаа өөрчлөхийг санал болгосон юм. Гэхдээ бүх хүнийг ийм болго гээгүй. Гагцхүү өөрсдийн сонирхлын дагуу өөрчлөхийг л санал болгосон. Энэ бол хувь хүний эрхийн асуудал. Монголчууд ч гашуудлаа илэрхийлж, Францын төрийн далбаагаар зургаа сольж байв. Хаанаас ч юм хэтэрхий үндсэрхэг үзэлтнүүд гарч ирэн Монголын төрийн далбаагаар зургаа солихыг уриалав. Францын далбаагаар зургаа сольсон хүмүүсийг муучилж, эх орныхоо төлөө цохилох зүрхгүй юм шиг л хэлж, ярьж, шүүмжилж байлаа.

Монголын төрийн далбаагаар зургаа солих нь тэдний эрх. Мөн Францын төрийн далбаагаар зургаа солих нь ч мөн эрхийн асуудал. Ийм байтал эх оронч биш юм шиг, төрийн далбаагаа хүндэлдэггүй юм шиг хүмүүсийг шүүмжилж байгаа нь л өөрөө монголчууд сошиалыг зөв ашиглаж, зөв үзэл бодлоо илэрхийлж, зөв дуу хоолойгоо хүргэж, ашиглаж чадахгүй байгаагийн томоос том жишээ.

Дашрамд дурьдахад, шүүмжилж болно оо, муулж болно оо. Гол нь хүний эрхийн асуудал цаана байдаг юм шүү. Муулахын цаана учир бий шүү гэдгийг сошиал хэрэглэгч олонд хандаж хэлье.

Ц.Энх

Эх сурвалж: Tsenzurgui.mn