|

Хямралыг дагаад “Bank of china” Монголд нутагших уу?

 

Яг үнэндээ бол засгийн бодлого зээлээс ангид байх уу үгүй юу гэдэг дээр засгийн тэргүүн хийгээд салбарын сайдын хэн хэн нь бүрэн дүүрэн тов тодорхой хариултыг өгөхгүй байгаа. Өнгөрсөн засгуудын үед гадны банкуудаас авсан зээл гэж нэлээд юм бий. Тэгвэл энэ удаад МАН "Bank of china”-аас зээл авах уу гэдэг асуудал яригдаж байгаа юм. Хятадын төв банкны тухайд Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээгээд гурван ч жил болчихож байгаа юм. Төлөөлөгчийн газраа нээсэн ч, үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа "Bank of china”-д Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ерөнхийдөө боломж олгох магадлал өндөр байгаа гэж болно. Манай Засгийн газартай томоохон төсөл хөтөлбөрүүд дээр санхүүжилт хийх хүсэлтэй гэгдэх тус банктай өнгөрсөн жилүүдэд бол засаг түншлээгүй. Мэдээж үүнд тал талын байр сууриуд нөлөөлсөн байх. Харин засаг төр өөрчлөгдсөний дараачаас Хятадын төв банкны зүгээс хууль тогтоох дээд байгууллагын 76 гишүүн рүү хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн албан бичгийг ирүүлсэн байгаа. За мөн засгийн тэргүүн ч өмнөд хөршөөс манайд суугаа элчин сайдтай уулзаж ярилцсан гэхчлэн харвал талуудын харилцаа ерөнхийдөө ахицтай харагдана. Тэрчлэн  "Bank of china” Монгол дахь замаа зассан алхмуудыг бас нэлээдгүй хийж ирж. Тухайлбал,  "Монгол-Хятадын нийгмийн хөгжлийн сан”, "Монгол-Хятадын хэл соёл боловсролын сан”-г байгуулан, санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж иржээ. Тэгэхээр гурван жилийн өмнөхөө  бодвол Монголчууд руу чиглэсэн юм бас ч гэж хийсэн гэж хэлж ярих үгтэй байхаа тэд тооцсон бололтой юм. Яваандаа тэгээд Монголд үйл ажиллагаа явуулах замруу орж магад. Тэрнээс өмнө манай засаг тус банктай харилцаа холбоогоо ахиулан зээл авах асуудал бас яригдаж болно.

Түүнчлэн УИХ-ын гишүүд ч Монголд гадны банкууд үйл ажиллагаа явуулах тал дээр дэмжсэн өнгө аястай дуугарах болж. Г.Занданшатар гишүүн   гадны банкуудыг оруулж ирснээр өрсөлдөөнийг зохицуулна гэх асуудалтай холбоотойгоор хэлэхдээ  "Либералчлалд энэ асуудлыг нэг хэсэг нь дэмжиж, нөгөө хэсэг нь эсэргүүцэж байдаг. Өнөөгийн нөхцөлд гадаадын банк орж ирж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зөв. Үүнээс үүдэж бизнесийн орчин сайжирна. Нөгөө талаас манайд татварын ачаалал биш, татварын байцаагчийн дарамт их байдгийг хэлэх хэрэгтэй. Азидаа манай улс бага татвартай улсын тоонд орно. Татвар ногдуулах, хураах арга нь буруу. Татварын байцаагч очиж дарамталдаг, торгууль бичдэг. Өнөөгийн нөхцөлд гадаадын банк орж ирж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зөв. Энэ нь татвараасаа илүү ачаалал болдог. Кадастрын аргад шилжиж, электрон бүртгэлээр бүртгэж, татвараа төлөөд явж болно. Хураах аргаа оновчтой болгож, ногдуулах арга дээрээ өөрчлөлт хийхэд энэ хэцүү биш. Монголбанк зохицуулалтаа зөв хийж чадвал сөрөг тал гэх зүйл байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт гэх мэт шүүмжлэл гардаг нь манайхан ажиллахгүй байгаагийнх.” хэмээн хэлж ярьжээ.

Ер нь бол Г.Занданшатартай ойролцоо байр суурьтай хүмүүс нэлээд байгаа. Ер нь бол  хямралтай нүүр тулсан цаг үед "Bank of china”-г Монголд нутагшуулах тал дээр эрх баригчид алхмууд хийж магадгүй байна.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн