Уламжлал болон зохион байгуулагддаг "Нээлттэй хаалганы өдөр” 9 дүгээр сарын 18-нд Дархан суманд зохиогдож өндөрлөлөө. Тус ажлыг аймгийн ЗДТГ-аас ард иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, тэдний санал хүсэлтийг сонсож үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, алдаа оноогоо дэнслэх зорилготойгоор энэ сарын 14-ний өдрөөс эхлэн Шарын гол, Орхон, Хонгор сумдад зохион байгуулсан билээ.
Дархан суманд "Нээлттэй хаалганы өдөр”-ийг Дархан-50 цогцолбор, Цэнгэлдэх хүрээлэнд гэсэн хоёр газарт зохион байгуулж, аймаг, Дархан сумын бүх төрийн байгууллагууд оролцлоо. Тус сум нь 18 багаар дамжуулан 80 гаруй мянган иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлдэг байна. Энэ өдөр иргэдэд Эрүүл мэндийн анхан шатны үзлэг, Иргэний шинэчилсэн бүртгэл хийх, Иргэний цахим үнэмлэх дахин авах хүсэлт хүлээн авах, Гадаад паспорт сунгах болон шинээр авах иргэдийн материал хүлээн авах, Хүүхэд хамгааллын зөвлөгөө өгөх, Дулаан болон цэвэр бохир усны гэрээ хийх төлбөр тооцоо барагдуулах зэрэг төрийн бүхий л үйлчилгээг нэг дороос цогцоор нь үзүүлсэн юм.
Мөн үеэр аймаг, сумдын Засаг дарга нар үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтээ иргэдэд тайлагнах хуулийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан, Дархан сумын ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун нар аймаг, сумын засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтээс иргэдэд тайлагналаа.
Энэ онд Дархан суманд "Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 1 тэрбум 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 18 ажил хийгдэхээр төлөвлөгджээ. Эдгээр ажлуудаас дурдвал өнөөдрийн /2016.09.19/ байдлаар Дархан сумын 8, 11, 13, 14, 15, 16 дугаар багуудад хүүхдийн тоглоомын талбайн ажил хийгдэж байна. Мөн Дархан сумын 7 дугаар багийн Зурагтын 8 дугаар худгийн дэргэд сагсан бөмбөгийн талбай, хангамжийн 6 дугаар худаг, Майхантын 1 дүгээр худгийн хажууд тус тус нэг сүүдрэвчийг хийсэн бол оршин суугчдынх нь хүсэлтээр тус сумын 5 дугаар багийн 20-2 дугаар байрны өмнө 24 авто машины зогсоолыг Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран байгуулсан байна.