|

Хүний наймаачдад гишгэх газар байдаг л юм байна

Хүний наймаачдад гишгэх газар байдаг л юм байна

 

-Ц.Халиун охидын биеийг нарийн зохион байгуулалттайгаар
хил дамнуулан үнэлүүлдэг байжээ-

Монголчууд бид хууль бус үйлдлээс холуур, ёстой л мөрөөрөө ажлаа хийж, амьдарцгааж байсан цаг саяхан. Гэвч Азийн цээжинд орших монголчуудын амьдрал айдас түгшүүр дунд байх болсон гэдгийг олон ч үйл явдал харууллаа. Угтаа бол нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэм хүн худалдаалах гэмт хэрэг аалзны тор мэт манай улсыг аажмаар бүрхсээр байна. Энэ төрлийн наймаанд хэнийг ч татан оруулахаас үл эмээсэн хүн дүрст араатнууд төрсөн ах, эгч, хамаатан садан нь хүртэл ойр тойрны эмэгтэйгээ худалдаалсан хэрэг олон гарсан. Манай охид бүсгүйчүүдийн хамгийн их худалдаалагддаг газар нь урд хөрш. Хятад улсад янз бүрийн шалтгаанаар хууртагдан очсон 4000 орчим Монгол эмэгтэй байдаг нь батлагдсан. Энэ бол албан ёсны тоо. Үүний цаана хууль бусаар хэд байгааг хэн ч мэдэхгүй. Хэдэн алхмын цаана эцэг, эх, нутаг ус нь байгаа ч тэдэнд зугтах, эх нутаг руугаа явах эрх болоод бичиг баримт гээд байх зүйл байхгүй. Өдөр шөнөгүй дарамтад орсон бүсгүйчүүдийн зарим нь тэвчиж чадалгүй амиа хорлож, хувь тавилантайгаа эвлэрдэг тухайг бид олонтаа сонсож байсан.
Тэгвэл яг ийм төрлийн гэмт хэргийг өнгөрсөн сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, ялтан Ц.Халиун нь монгол охидыг БНХАУ-д өндөр цалинтай ажилд зуучилж өгнө хэмээн тэдний биеийг хүчээр үнэлүүлсэн гэх хэргээр түүнд анхан шатны шүүхээс хоёр жилийн ял өгсөн ч тэнсэн харгалзах болгон өөрчилжээ. Ингээд түүний намтар болон охидыг хэрхэн хуурч урд хөрш рүү авч явсан тухайг товчлон хүргье.

Хоёр жилийн ял сонссон ч тэнсэн болгож чадсан

Боржигон овогт Ц.Халиун нь 1989 онд Улаанбаатар хотод төрсөн. Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл дөрөв, нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй. Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд оршин суудаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Тэрбээр давтан үйлдлээр 2015 оны арванхоёрдугаар 12-ны өдрөөс 2016 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэл М.Э, З.О нар, 2015 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс 22-ны өдөр хүртэл У.М-г, 2016 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр хүртэл Б.С, Д.Х нарыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Бэй жин чиао гэх газарт очиж биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэгт холбогдож анхан шатны шүүхээс хоёр жилийн ял оноосон ч нэг жил тэнсэн харгалзуулахаар болсон гэсэн үг.
Тэрбээр охидын биеийг үнэлүүлэхдээ ганцхан долоо хоног ажиллаад сая төгрөгтэй болно хэмээн хэлж, нарийн зохион байгуулалттайгаар хил дамнуулан биеийг нь үнэлүүлдэг байжээ. Ингэхдээ зуучилсан охин тус бүрээс 2000 юань буюу 670 000 гаруй төгрөгийг хятадуудаас авсан байна. Энэ талаар хохирогчид хэлсэн байдаг. Тодруулбал охидын заримд нь биеийг нь үнэлүүлэх тухай биш "зөөгчийн ажил хийлгэнэ” гэж худал хэлж дагуулж явсан байна. Улмаар охидыг очингуут нь 2000 юанийн өртэй. Үүнд замын зардал, хувцас, хоол унд авч өгсөн болон зочид буудлын мөнгө орсон гэх зэргээр тооцоо гаргаад өгсөн тухай хэрэгт авагдсан баримтуудад дурьдагдсан байдаг юм. Түүнчлэн охидыг "өрөө төлчихөөд яваарай” гээд өдрийн цагаар гаднаас нь түгжиж орой 18:00 цагаас эхлэн биеийг нь үнэлүүлдэг байжээ. Ингэхдээ цагийн 150-200 юань, хоногт 500 юаниар биеийг нь үнэлүүлж мөнгийг нь байрлаж байсан тухайн газрынх нь эмэгтэй авдаг байсан гэнэ. Хэрвээ Монгол охидыг авсан этгээд өөр буудалд очвол өглөө 09:00 цагт эргэж ирсэн байх ёстой байдаг. Хоцорвол торгуультай буюу өрийг нь нэмдэг байжээ. Мөн зугатаж оргож магад хэмээн өдрийн цагаар ганцааранг нь гадагш гаргадаггүй хорионд оруулдаг байжээ.

Ц.Халиуны ялыг яагаад
тэнсэх болов

Ямартай ч ялтан Ц.Халиуны дээрх үйлдлүүдээс болж монгол охид БЗХӨ авч, бие, сэтгэл санаагаараа хохирсон тухай шүүхийн шийдвэр дээр хараар бичсэн байдаг юм. Ялтан Ц.Халиуны хоёр жилийн хорих ялыг яагаад тэнсэн харгалзахаар болов оо. Түүнд ял шийтгэхдээ хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, уг хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул хорих ялыг заавал биеэр эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ.

Эрүүгийн хуульдаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудлуудыг тусгасан нэмэлт өөрчлөлтийг яаралтай оруулах

Дээрх хэргээс харахад хүний наймаачдад гишгэх газар байдаг гэх ойлголтыг нийгэмд төрүүлчихлээ. Угтаа бол сайн сайхан амьдралыг мөрөөдөн гадаадын улс руу очиж амьдарч, ажиллаж сурна хэмээн хилийн дээс алхсан цэцэг цэврүү шиг охид харь нутгийн онгоцны буудал дээр буусан даруйдаа ямар зүйлд орооцолдсоноо мэддэг ч хариу үйлдэл хийхэд нэгэнт оройтсон байдаг. Учир нь тэдний бүх бичиг баримтыг эзэн гэх хүн нь хураан авч гарах гарцгүй болгодог гэсэн үг. Ингээд охид эзнийхээ үгээр явж харанхуй өрөөнд хоригдохоос өөр сонголт байдагүй. Харин тэднийг зуучилж, хэдэн төгрөг харж, өөрийнхөө үр шиг охидыг худалдсан этгээд мөнгөний үнэрт шунаж дараачийнхаа "бараа”-г олохоор ангуучилж эхэлдэг. Тэгэхээр дээр гаргасан шүүхийн шийдвэрийг үгүйсгэхгүй ч охин үрээ хүний нутагт худалдуулсан эцэг, эхийн сэтгэл дээрх шийдвэрт гундуухан яваа нь ойлгомжтой. Түүнчлэн Ц.Халиуны талаар үнэнийг нь дэлгэсэн охид өдөр бүр айдас, хүйдсийг мэдэрч яваа гэхэд хилсдэхгүй байх. Иймээс Эрүүгийн болон Иргэний гэх зэрэг хуулиудад иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудлуудыг илүү нарийн чанд тусгасан нэмэлт, өөрчлөлтийг нэн даруй оруулах зэрэг эрх зүйн орчинг сайжруулан боловсронгуй болгохгүй бол хүний наймаачид охидыг минь хэдэн зуугаар нь хилийн дээс гаргаж амьдын тамд унагаж байгааг бодолцох цаг нь болсныг дээрх хэрэг харуулчихлаа. Хатуухан хэлэхэд худалдаалагдсан охид, бүсгүйчүүдийн хувь тавилан нь хог шиг хаягдаж байгаа нь үнэхээр харамсмаар.

shiidwe_2222

shiidwer_444

Эх сурвалж: