|

Монголд гурван сартай хүүхдийг цагдан хорьжээ

Монголд гурван сартай хүүхдийг цагдан хорьжээ

 

Хятад Улсын иргэн Чин Пенг хэмээх эмэгтэй манай Улсын хоёрдугаар төрөх эмнэлэгт 2016 оны дөрөвдүгээр сарын 09-ны өдөр амаржсан билээ. Хэл мэдэхгүйг нь далимдуулан түүний хүүхэд асрагч н.Отгонжаргал гэх эмэгтэй хүүхдийн бичиг баримтыг тус эмнэлгийн эмч нартай хуйвалдаж Монгол овог нэрээр гаргуулж авсан байдаг. Ингээд Чин Пенг нутаг буцахаар болоход "Монгол хүүхэд хилээр гаргах гэж байна. Хүний наймаа байж болзошгүй” гэж үзээд түүнийг наймдугаар сарын 15-ны өдөр Ганц худгийн шоронд 14 хоног хорьсон тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Чин Пенг хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй байна

Тэрбээр хүүхдийн эцэг болох Ли гэх залуутай хамт шоронд хоригдсон юм. Тэднийг суллагдахад хүүхдийг нь асрамжийн газарт өгсөн байжээ. Хүүхэдтэйгээ уулзах санал хүсэлт холбогдох албаныханд удаа дараа тавьсан болов ч өнөөдрийг хүртэл уулзаж чадаагүй байгаа юм. Эцэст нь хэвлэл мэдээллийн байгууллагаар цацсаны хүчинд Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүүгээс хүүхдээ хаана байгааг мэджээ.

Олон сар хүүхэдтэйгээ уулзаагүй Чин Пенг өмгөөлөгч, орчуулагчийн хамт Модны хоёрт байрлалтай "Хүүхдийн төв сувилал” дээр өчигдөр 17:00 цагийн үед хүүхэдтэйгээ уулзахаар очсон байна. Гэтэл тус эмнэлгийн эмч н.Бямбажав "Дарга уурлаад байна. Та нар цагдаагаас бичгээ авч ир. Ажлын бус цагаар ирсэн байна” хэмээн халгаагаагүй гэнэ. Түүний өмгөөлөгч тус сувиллын дарга болох н.Оюунцэцэгтэй утсаар холбогдоход "Та нар ажлын бус цагаар миний хувийн гар утсаар ярьж байна. Миний эрхийг зөрчиж байна” гэсэн шүү юм ярьж утсаа тасалжээ. "Тэд хүүхдийн эрх биш өөрсдийнхөө эрхийг хамгаалсан өнгө аястай зүйл ярьж байгаа нь дэндүү харамсалтай” хэмээн түүний өмгөөлөгч хэллээ.

Хүүхэд сэжигтэн яллагдагч болжээ

Тухайн сувиллын дотоод журамд "Хүүхдийг цагдаагийн зөвшөөрлөөр уулзуулна” гэсэн ямар нэгэн заалт байгаагүй аж. Улмаар Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүүгээс асуухад "Хүүхэд шоронд байгаа биш дээ. Ямар бичиг баримт хэрэг болдог юм. Эхтэйгээ уулзах эрх нь нээлттэй” гэсэн хариу өгсөн байна. Түүнчлэн түүний өмгөөлөгч "Хэрэв холбогдох хууль байгаа бол би хүсэлт бичээд өгөе. Ямар хуулийн ямар заалт дээр байгаа юм. Энэ хүний бичиг баримт цагдаад байгаа. Өмгөөлөгчийнх нь бичиг баримтаар уулзуулж өгөөч” гэхэд бас л үгүй гэжээ.

 

Энэ бүгдээс авч үзэхэд хүүхэд асрамжид байгаа нэрийн дор цагдан хоригдож байна гэж ойлгогдохоор байна. Сэжигтэн яллагдагчийг цагдан хорих тухай хуулийн 17.3.15-д "Цагдаагийн зөвшөөрлөөр уулзана” гэсэн заалт байдаг. Тэгэхээр хэн ч гэсэн гурван сартай нярайг цагдан хорьж байна гэж ойлгож болохоор байгаа юм. Түүгээр ч зогсохгүй хүүхэд "Сэжигтэн яллагдагч” гэсэн нэр зүүж болохоор байна.

Ингээд Чин Пенг тухайн сувиллаас өмгөөлөгч, орчуулагч нарын хамт тэнэг, мангараараа дуудуулан хөөгдөж гарчээ. Ямартай ч түүний өмгөөлөгч энэ хэргийн талаар Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гарган өгсөн байна. Хэргийн талаар бид цаашид цувралаар нийтлэх болно.

Г.Сүх

Эх сурвалж: www.tug.mn