Энэ сарын 23, 25-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 24-нд зарим газраар, 26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 25, 26-нд зарим газраар, бусад хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч энэ сарын 26, 27 ний өдөр хүртэл чангарна. Ингэснээр томоохон гол нууруудын хөндий нутгаар хүйтний эрч нэмэгдэх урьдчилсан төлөв гарчээ.
Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч суларна. Говь талын нутгаар энэ сарын 23, 24-ний өдрүүдэд салхи 12-14 метр хүртэл сэрүүсч, шуурна.
Нийт нутгаар цас ихтэй учир том даваа, гүвээ цасанд дарагдаж, халтиргаа гулгаа үүсэх хандлагатай байгаа аж. Мөн малын хариулга, бууц хөлдөж болзошгүй нөхцөл үүссэнийг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа. Энэ жил нийт нутгийн80 хувь нь цастай байна.
Ялангуяа Хангай нурууны хэсэг Увс, Баянхонгор, Дундговь, Говьсүмбэр аймгийн хойд хэсэг, Завхан, Архангайн нутаг, Хэнтий, Булганы өмнөд хэсэг, Төвийн ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй, цасны зузаан 10-25 сантиметрт хүрчээ.
С.Юмсүрэн