Сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөөр энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн цэргийн албан хаагчдын цалинг олгохгүй байна гэх мэдээлэл хүчтэй тархсан. Ингэхдээ энхийг сахиулагчдын мөнгийг Засгийн газрыг хэрэглэсэн хэмээн мэдээлж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт энхийг сахиулагчдын цалинг олгосон байна.
Тодруулбал "Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны 270 дугаар тогтоолын дагуу энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгодог томилолтын зардлыг НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөр болон тусгай мэргэжилтний нэмэгдлийн 70 хувиар тооцон олгожээ.
НҮБ-ын Ерөнхий ассембелийн 2014 оны А/68/918 дугаартай тогтоолоор НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөрийн хэмжээг сарын 1332 ам доллараар тогтоосон байдаг.
НҮБ-аас олгодог дээрх нөхөн төлбөр 10 дугаар сард НҮБ-аас орж ирснээс шалтгаалан 2016 оны 9 дүгээр сард эх орондоо ирсэн гурван цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад олгох энхийг дэмжих ажиллагааны томилолтын цалин түр саатаад байсан.
Тус санхүүжилт нь Монгол банкны ам долларын данснаас Сангийн яамны улсын төсвийн хөрвүүлгийн дансаар дамжин БХЯ-ны төгрөгийн данс руу шилжихдээ ажлын тодорхой шат дарааллыг дамжин хэрэгжиж байна.
Дээрх гурван цэргийн багийн цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагааны томилолтын цалинг Монгол банкны албан ханшаар буюу нэг ам долларыг 2232 төгрөг /9 дүгээр сард татагдсан ханш/, 2287 төгрөг /10 дугаар сард татагдсан ханш/-өөр тус тус тооцон 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр олгожээ.