Хөгжлийн банкнаас асар их хэмжээний хөрөнгө мөнгө буруу зарцуулагдсан, "алга болсон” зэргийг МАН-ын Засгийн газраас томилсон ажлын хэсгийнхэн илрүүлээд байна. Шалгалтын материалыг тэр чигээр нь дэлгээгүй ч эх сурвалжууд зарим мэдээллийг нийтэд ил болгоод байна.
Тэгвэл өчигдрөөс Хөгжлийн банкны хариуцан зарцуулсан "Самурай” бондыг тойрсон асуудлыг Японы тал хамтарч шалгахаар болсон гэх мэдээллийг албан бус эх сурвалж хэллээ.
Тэр нь "Самурай” бондоос ихээхэн хэмжээний мөнгө шимтгэл, бас зуучлалын хөлс нэрээр Японд үлдсэнтэй холбоотой гэнэ. Уг мөнгийг Японы талын албан тушаалтанд авлигад өгсөн байж болзошгүй гэх ноцтой мэдээлэл яригдаад эхэллээ.
Дээрх "шимтгэл”-ийн талаар өмнө нь манайхан ярьж, тайлбарлаж байсан байдаг. 2015 оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байжээ. Гишүүд хэд, хэдэн ноцтой зөрчил илэрсэн талаар хэлээд "...Мөн Самурай бондын баталгаа гаргах төлбөр, бонд гаргахтай холбоотой зардалд авсан зээлийн 19,2 хувьтай тэнцэх 5,7 тэрбум доллар 55,7 сая долларыг суутгуулсан. Үндсэндээ 290 сая долларын зээл авсан мөртлөө 55,7 сая долларыг нь зээлийнхээ зардалд суутгуулчихсан байж байна. Үүнийг тусгайлан аудит гаргаж шалгах шаардлагатай” гэсэн байна. Энэ талаар тухай үеийн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат 2014 оны хоёрдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа "...Японы олон улсын хамтын ажиллагааны банк "Самурай” бондын эрсдлийг дааж байгаа гэдгийг дахин тодотгох хэрэгтэй байх. Бараг 95 хувийн эрсдлийг өөр дээрээ үүрч байгаа. Тиймээс эрсдлийн үнэлгээний зардлаа авсан хэрэг. Албан ёсны хэллэгээр баталгааны шимтгэлд хоёр хувийг төлсөн. Тэгэхээр "Самурай” бонд буюу үйлдвэржилтийн бондын нийт хүү нь 3.52 болж байгаа юм. Манай дансанд одоогоор 24.3 тэрбум иен орж ирсэн. Үлдсэн 5.7 тэрбум иенийг Японы олон улсын хамтын ажиллагааны банк шимтгэлдээ авсан байгаа. Японы олон улсын хамтын ажиллагааны банк баталгааныхаа шимтгэлээ нэг дор авчихдаг юм байна лээ” гэж байв.
2013 оны есдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Японд айлчлах үеэр тус улс "Самурай” бондод баталгаа гаргах боломжтойгоо илэрхийлэн хамтын ажиллагааны санамж бичгийг үйлдэж, хоёр тал гарын үсэг зурж байв. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн босгосон хоёр дахь бонд нь энэ юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хэл ам татлаад эхэлсэн "Самурай” бондын хөрөнгийн зарцуулалтын хэрэгт зөвхөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг бус Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг хамаатуулан шалгаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байгаа.
Тэгвэл "Самурай” бондын асуудалд сайд асангуудаас гадна Японы алба хариуцсан хүмүүс ч татагдаж магадгүй нь бололтой. Япон ч яахав, ил тодорхой болоод эхэлмэгц "хэргийн эзэн” шууд гарч ирж уучлал хүсээд хариуцлагаа хүлээдэг ёс журамтай. Харин манайхан яах бол?
Учир мэдэх хүмүүсийн ярьж байгаагаар бүх гүйлгээнд гарын үсэг зурсан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат л буруутаад үлдэх вий гэж байна. Хууль, журмаар гарын үсэг зурсан нь буруутаж болох. Гэвч тэр их хөрөнгийг дарга нараасаа асуулгүй шийдэх зүрх зориг Н.Мөнхбатад байсан эсэх нь хамгийн эргэлзээтэй юм.
Улс дамнан шалгаж магадгүй болоод байгаа энэ хэргийн буруутан хэн нь болж үлдэхийг харж л байя.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин