Орон нутгийн сонгууль өнгөрсөн лхагва гарагт боллоо. Харамсалтай нь Улаанбаатар хотод ирц үнэхээр хангалтгүй байлаа. Одоо өч төчнөөн хэсэг дээр дахин санал хураалт явуулахаар болчихоод байж байна. Энэ бүхний гол буруутан нь залуучууд гэж хэлэх, ярих, бичих хүмүүс хаа сайгүй л байна.
Бүх сошиал ертөнцөд залуучуудыг буруутгаж, үүргээ ухамсарласангүй, оркууд энэ тэр гээд л хэлэх хэлэхгүй үгээр дайрч байна. Бүр зарим нь саналаа өгөөгүй бол торгодог системтэй болъё ч гэж байх шиг. Яах вэ, нэг талаас нь харвал үнэн. Сонгуулийн ирц 50 хувьдаа хүрэхгүй, дахин дахин болоод байвал татвар төлөгчдийн мөнгө л урсана.
Бид өөрсдөө л хохироод үлдэнэ шүү дээ. Тийм болохоор нэг талаараа ирцийг яаж ийж байгаад 50 хувьд нь хүргэдэг л байх хэрэгтэй. Тэгэхийн тулд янз бүрийн арга хэрэглэх нь зөв. Гэхдээ нөгөө талаас нь бас хараад үзье. Залуучуудын ирц яагаад ийм бага байв. Юуны учир тэд сонгуулиа өгөхгүй байна.
Ердөө л итгэл алдарсных шүү дээ. Харин яагаад залуучуудын итгэл алдрав гэдгийг улстөрчид, эрх баригчид өөрсдөөсөө асуух хэрэгтэй байх. Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын сонгууль болоход ирц өмнөх хэдэн жилийнхээс өссөн. Залуучууд сонгуульдаа идэвхтэй л оролцсон биз дээ. Ирц хүрсэнгүй гэж гонгинох юм гараагүй. Гэтэл сая яав, ирц ёстой тэг байлаа. Яагаад ердөө дөрөвхөн сарын дотор залуучуудын идэвх ингэтлээ буурчихав. Ердөө л эрх баригчдын харалган, алдаатай бодлогын үр дүн.
Сонгуулиа идэвхтэй өгөөд л байдаг шударга үр дүн гардаггүй. Сонгууль бүрийн дараа өнөөх хар машинаа ярьдаг. Луйвардсан гэдэг. Үнэхээр тийм ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Гэхдээ л элдэв явган яриа, нэг нэгнээ хардсан хардлага нь залуучуудын итгэл, урмыг хугалаад байна. Аль ч намд өгсөн ялгаагүй, луйвардаад ялчихдаг юм чинь гэсэн бодолтой болсон. Нөгөө талаар залуучууд руу хандсан ямар бодлого байгаа юм бэ энэ намуудад. Залуу хүнийг дэмжээд, туслаад, боломж гаргах ямар амлалт өгч байна. Ёстой түй ч байхгүй шүү дээ.
Оюутнуудад сурч чадсан, зүтгэсэнд нь 70 мянган төгрөгийн тэтгэлэг өгч байсан. Түүнийг нь хасаад, танаад, ялгаварлаад хаячихлаа. Гадаадад тэтгэлэгтэй сурахын төлөө зүтгэсэн хүнд төрөөс боломж олгодог байсан. Бас л хасчихсан. Залуу гэр бүл рүү хандсан ямар бодлого, амлалт байна. Байхгүй. Ядаж л хүүхдээ цэцэрлэгт өгөх гээд чадахгүй л явна, залуучууд. Хүүхэд харах үйлчилгээ гээд гаргаж ирээд, ажил овоо урагшилмаар болоод ирсэн чинь болиулчихлаа. Залуу гэр бүлүүдийг эхнэр, нөхөр хоёрын нэг нь гэртээ хүүхдээ хараад суу гэж байгаагаас ялгаа алга.
Залуучууд өнөөдөр ая тухтай, сайхан амьдрахыг хүсч байна. Аятайхан газар, тохилог орон сууцанд орохыг хүсэхгүй хүн гэж байхгүй биз дээ. Гэтэл өнөөдөр ипотекийн найман хувийн зээлийг зогсоочихлоо. Урагшаа ахиж байгаа юм алга. Орон сууцанд амьдрах хүсэлтэй залуучууд одоо яах билээ. 10, 20 жил мөнгөө хурааж байгаад байранд орох юм уу. Өнөөдөр Монгол Улс залуучууддаа ингэж хандаж, бүхий л боломжийг хааж, боож, залуу гэдгээр нь ялгаж байхад тэд яасан гэж саналаа өгөх юм. Чухам юуны төлөө санал өгнө гэж.
Зөвхөн иргэний үүргээ биелүүлэх ёстой гэдэг утгаараа санал өгөх л ёстой болчихоод байгаа биз дээ. Мэдээж иргэний үүргээ ухамсарлаад, биелүүлээд явж байгаа залуучууд олон бий. Гэтэл тэр дунд чинь төрөөс баримталж байгаа энэ олон балай бодлого, залуучуудыг боомилсон үйлдэл бүхэнд нь гомдсон, цөхөрсөн нь ч бас цөөнгүй байгаа шүү дээ. Зүгээр л үүргээ биелүүл гэж шаардчихаад, биелүүлснийх нь дараа "ус цацаад” байвал дахин дахин тэгж шаардлага тавиад нэмэр байх уу. Юм бүхэн хоёр талтай шүү.
Эх сурвалж: Монголын мэдээ
Н.Пунцагболд