|

14 тэрбумын хэргээр 5 жилийг нарсанд өнгөрөөсөн Ц.Чимэдцэрэн дахиад 1 тэрбумын хэрэгт холбогджээ

14 тэрбумын хэргээр 5 жилийг нарсанд өнгөрөөсөн Ц.Чимэдцэрэн дахиад 1 тэрбумын хэрэгт холбогджээ

 

"Хадгаламж” банкнаас 14 тэрбум төгрөг улайм цайм дутаж, улстөрийн хүрээнд хүчтэй шуурга дэгдэж байсан нь 2007 он буюу 9 жилийн өмнөх явдал. Сонирхолтой нь тухайн үед уг хэрэгт холбогдож явсан У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын нөхдүүд өнөөдөр Монголын төрд засгийн эрхийг атгацгааж явна. Юм гэдэг нь үнэхээр сонин юм шүү. Эдгээр нөхдүүд 14 тэрбумаар БНСУ-д казинод тоглосон гэж шалгаж байсан ч, хэргийн гол эзэн нь тэд биш, харин тус банкны ахлах нягтлан бодогч, МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг Ц.Чимэдцэрэн гэгч болж, тодорч байсан билээ. Ямар ч байсан Ц.Чимэдцэрэн Солонгосын казинод зуун мянгаас сая хүртэл ам.доллараар тоглочихдог, тунчиг бийлэгжүү нэгэн байсныг нь гэрчлэх баримтууд байсан байдаг.

Түүнийг "1997-2007 онд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, чек ашиглан гүйлгээ хийж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн эд хөрөнгө, өмчийг шамшигдуулж, онц их хэмжээний хохирол учруулсан. Ингэхдээ банкнаас банкны хооронд хуурамч гүйлгээ хийдэг. Энэ нь Хадгаламж банкинд бүртгэгддэггүй. Хувийн дансаа ашигладаг байсан гэдэг нь тогтоогдсон байдаг. Тэр өөрөө ганцаараа бүгдийг үйлдсэн гэдэг ч, улстөр дэх хамтран зүтгэгчидгүйгээр төр улсын банкнаас тэгж их луйвар хийж, тэрийгээ нууж хааж явна гэдэг боломжгүй зүйл гэдгийг уг нь хаа хаанаа ухаарахтайгаа л даа. Гээд яахав, нэгэнтээ мань эр ганцаараа ялаа үүрэх гээд би л хэрэгтэн гээд байхад, хууль хүчнийхэн итгээд өнгөрсөн юмдаг уу даа. Ямартай ч 2008 оны гуравдугаар сарын 17-ны шүүх хурлын шийдвэрээр Ц.Чимэдцэрэн 220 удаагийн үйлдлээр 14 тэрбум 385 сая төгрөг завшсан нь тогтоогдож арван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Түүнийг банк хооронд 63 удаагийн үйлдлээр 5.3 тэрбум төгрөг, компани, иргэдийн данс ашиглан 35 удаа 4.1 тэрбум, төрийн байгууллага руу 12 удаа 256 сая гаруй төгрөг, нийт 110 удаа 9.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн гэдгийг нотлох баримтаар тогтоосон байдаг.

Тэрбээр Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг худалдаж, банк хоорондын зээлийн хүүг нэмэгдүүлэх зэрэг аргаар тэрбум тэрбумаар нь хувьдаа мөнгө гаргаж ашиглаж байсан аж. Уг нь Улсын яллагч "Банкны шат шатны ажилчид, дарга нар хяналтаа сайн хийсэн бол ийм их хэмжээний хохирол учруулж чадахгүй байх боломжтой байсан юм” гэж байсан ч тэр ганцаараа хийсэн гэж гүрийсээр, 10 жилийн ялаа сонсоод, шоронгийн хоригдол болсон юм. Гэхдээ тэр нарсанд бусад шиг дарамтлуулаагүй. Цагдан хоригдсон хугацаатайгаа нийлээд таван жилийн ялыг биечлэн эдэлсэн бөгөөд хөдөлмөр эрхэлж байсан тул "ялтан хөдөлмөр эрхэлбэл эдлэх ялын хугацаанаас шагналын хоног хасах тухай” заалтын дагуу улиралд 30 хоног буюу жилд дөрвөн сарыг хасуулан тооцуулсан байдаг. Гол нь 2009 оны долдугаар сарын 9-нд гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1-д "Анх удаа хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн ялаас гурван жилийг хасна” гэж заасны дагуу түүний ялаас гурван жил нь хасагджээ. Түүнчлэн 2011 онд баяр наадмын үеэр дэглэм бууруулсан бөгөөд жирийн дэглэмтэй хорих анги руу шилжүүлсэн байдаг. Тэгээд шоронгоос гарах хүртэлх хугацаандаа хорих ангийн номын санчаар ажиллаж байгаад гарсан байдаг. Түүнийг 14 тэрбумын хохирлоо төлж барагдуулсан гэх мэдээлэл гарч байсан ч, баталгаажуулсан мэдээллийг албаны эх сурвалжууд өгддөггүй юм. Ямар ч байсан тэр бол Монголд дуулиан шуугиан тарьж байсан хэргээр хариуцлага хүлээх ёстой буруутан гэгдэн шүүхээр шийтгэгдсэн нэгэн юм.

Гэтэл нөгөөх алдарт Ц.Чимэдцэрэн маань нарснаас наранд гарч ирсэн хойноо тэрбумын залилан хийсэн гэх мэдээлэл Shuurhai.mn сайтад нийтлэгдсэн байдаг. Тэнд өгүүлснээр бол Ц.Чимэдцэрэн эхнэр, дүүгийнхээ хамт залилан хийсэн байж болзошгүй байгаа юм.

Тодруулбал, нэр сүр муутай Ц.Чимэдцэрэнтэй хүн ёсоор харилцаж, итгэснийхээ төлөө хохирчихоод байгаа Д.Мөнхбаяр гэж иргэн хуулийн байгууллагад хандсан байдаг. Иргэн Д.Мөнхбаярын Хан-Уул дүүргийн орлогч прокурор М.Буяннэмэхэд гаргасан гомдолд бичсэнээс харахад 2014 оны 4 дүгээр сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн Цэцээгүн хотхоны 1 дугаартай хаусыг иргэн Ц.Чимэдцэрэнгээс 1 тэрбум 300 сая төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцон, улмаар Ц.Чимэдцэрэнд 250 сая төгрөгийг бэлнээр, шинэ Лексус-570, Лексус RX- 350, Хан-Уул дүүргийн Рапид хотхонд байрлах 3 өрөө байр, дулаан зогсоолыг шилжүүлсэн аж. Тодруулбал, 1 тэрбум төгрөгийг бэлнээр болон бартераар өгсөн аж. Үлдсэн 300 сая төгрөгийг хаусаа авсны дараа зээл авч өгөхөөр тохиролцсон аж. Тэгээд 2014 оны 6 дугаар сарын 1-нд Ц.Чимэдцэрэн хаусаа чөлөөлж, түлхүүрийг нь Д.Мөнхбаярт өгчээ. Тэрбээр байрандаа намар орно гэж байтал өөрийнх нь худалдаж авсан гэж ойлгоод явж байсан байрыг нь зарна гэсэн зар сонин дээр гарчихсан байж. Хэрэг дээрээ тэрхүү таун хаус нь Ц.Чимэдцэрэнгийнх биш өөр хүнийх байсан байна. Тиймээс Д.Мөнхбаяр Ц.Чимэдцэрэнгээс 1 тэрбум төгрөгөө нэхжээ. Харин Ц.Чимэдцэрэн түүний мөнгийг өгнө гэж явсаар өгөхгүй өдийг хүрчээ. Тиймээс Д.Мөнхбаяр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж, ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Л.Энхмөрөн шалгаад 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эрүү үүсгэхээс татгалзаад прокурорт шилжүүлсэн байдаг. Д.Мөнхбаярын тухайд уг шийдвэрийг эсэргүүцэн гаргасан гомдлыг дор хавсаргаж байна.

 14 тэрбумын хэргээр 5 жилийг нарсанд өнгөрөөсөн Ц.Чимэдцэрэн дахиад 1 тэрбумын хэрэгт холбогджээ

Иргэн Д.Мөнхбаярын гаргасан гомдол үндэслэлтэй гэдэг нь дараах баримтуудаас тодорхой ойлгогдож байгаа юм. Тодруулбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэж байсан ч, иргэн Д.Мөнхбаярыг прокурорт гомдол гаргасны дараа тус цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэхдээ прокурорт удаа дараа шилжсэн боловч, нэмэлт мөрдөн байцаалтад дахин дахин буцааж байгаа учраас Д.Мөнхбаяр УЕПГ-ын Дотоод Аюулгүй Байдлын Хэлтэс болоод Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгаланд тус тус гомдол гаргасан байгаа юм.

 14 тэрбумын хэргээр 5 жилийг нарсанд өнгөрөөсөн Ц.Чимэдцэрэн дахиад 1 тэрбумын хэрэгт холбогджээ

Түүний гаргасан гомдлоос харахад Ц.Чимэдцэрэн эхнэр Энхтуяа болон төрсөн дүү Цогтбаяр нарынхаа хамтаар иргэн Д.Мөнхбаярыг залилсан гэж ойлгогдож байгаа юм. Мөн Д.Мөнхбаяр нь хэрэг удаашраад байгаа асуудлыг дүүргийн прокурор Содномцогтой холбоотой гэж үзэж байгаагаа гомдолдоо бичжээ. Содномцог нь Ц.Чимэдцэрэнтэй дотно найз учраас өмгөөлж хамгаалсан алхмуудыг хийгээд байна гэж иргэн Д.Мөнхбаяр үзэж байгаа аж. Уншигч та түүний гомдлыг уншиж байгаа учраас энд дахин нурших нь илүүц биз ээ.

 14 тэрбумын хэргээр 5 жилийг нарсанд өнгөрөөсөн Ц.Чимэдцэрэн дахиад 1 тэрбумын хэрэгт холбогджээ

Ер нь бол энд дурдагдаж байгаа мэдээллүүдээс үзэхэд тэрбум тэрбумын хэрэг үйлдэж Монголчуудад танигдсан тэрбээр дахиад хэрэг үйлдэхдээ ч үнийн дүнг нь тэрбумаас буулгадаггүй л юм байна. Том артай, том нөмөр нөөлөгтэй байгаад хэрэг үйлдлээ ч, орон шоронгоос удалгүй гарчихдаг байж болно. Гэхдээ тэглээ гээд иргэдийг хохироогоод байж болохгүй баймаар. Том хүмүүстэй хамтран том хэмжээний мөнгө шамшигдуулж, том нөмөр нөөлгүүдийнхээ дэмээр 5-хан жилийг нарсанд өнгөрөөсөн болохоор, түүнд айдас хүйдэс ч гэж байдаггүй юм байх даа гэмээр хэрэгт тэр ямартай ч холбогдсоныг дээрх мэдээллүүдээс харж болохоор байна.

У. Сайхан

Эх сурвалж: Fact.mn