​“Эмэгтэй нэр дэвшигчдэд тулгамддаг асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо

 

/2016.11.02/ аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнтэй хамтран "Сонгуулийн хуулийн хэрэгжилт ба зөрчил, гажуудлын асуудал”, "Эмэгтэй нэр дэвшигчдэд тулгамддаг асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга С.Алтандолгион, аймаг, сумын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчид, сонгуульд нэр дэвшиж оролцсон эмэгтэйчүүд, Сонгуулийн хэсгийн хороодын ажилтнууд, намуудын төлөөлөл болон сонгуулийн үйл ажиллагаанд ажиглагчаар ажилласан иргэний нийгмийн байгууллагууд, мөн Дархан сумын багуудын ИНХ, Засаг дарга нар, ард иргэдээс бүрдсэн 80 гаруй хүн оролцлоо. Тус хэлэлцүүлгийг 2 хэсэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд эхний хэсэгт "Сонгуулийн хуулийн талаарх мэдээлэл, хуулийн шинэчлэл, хариуцлага, хэрэг маргааныг хянах шийдвэрлэх тухай” асуудлаар аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга С.Алтандолгион, "Сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага, санал” сэдвээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нар тус тус илтгэл тавьсан юм.Монгол улс сонгуулийн хуулийг 1992 онд баталж, улмаар удаа дараа шинэчлэн баталж хэрэгжүүлсээр ирсэн. 2012 оноос сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг, 2016 онд сонгуулийн тухай нэгдсэн хуулийг баталсанаар эрхзүйн хувьд зарчмын шинэчлэлийг хийсэн гэж үзэж болно. Өнгөрсөн хугацаанд сонгуулийн тогтолцоог сонгох, түүний эрх зүйн үндсийг бүрдүүлэх, сонгууль явуулах ажилтныг бэлтгэх, сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх зэрэг ажилд зохих бэрхшээл гарч байсан, одоо ч гарсаар байна. Тиймээс Сонгуулийн хуулийг боловсруулахдаа аль нэг улс төрийн бодлого, улс төрийн намын болон хувийн эрх ашгийг бүхнээс дээгүүр тавилгүйгээр төрийн тулгуур бодлогод захирагдах ёстой. Улс орныхоо язгуур эрх ашиг, нийтийн эрх ашгийн үүднээс хандаж, удаан хугацаанд үйлчлэх тогтвортой сайн хуультай болох ёстойг харуулж байгааг дээрх илтгэлүүдийн үеэр онцолж байлаа. Хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэг "Эмэгтэй нэр дэвшигчдэд тулгамддаг асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвээр үргэлжилсэн холбогдох сэдвээр Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дарга А.Янжмаа, аймаг сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуульд бие даан нэр дэвшсэн О.Энхзаяа, Б.Лхамаажав нар мэдээлэл хийж, эмэгтэй нэр дэвшигчдэд тулгамддаг асуудлуудыг хөндөн ярилцсан юм. Эмэгтэй нэр дэвшигчдийг улс төрд бэлтгэх тогтолцоо сул, иргэдийн зүгээс тавих шаардлага өндөр, соёл нийгмийн хэм хэмжээ харьцангуй, санхүүгийн дутмаг байдал, гэр бүл, амьжиргааны асуудал зэрэг бэрхшээлүүд үргэлж дагадагаас гадна нэр дэвшигч эмэгтэйчүүд болон сонгогчид хэн хэнийх нь хандлагын буруу байдал ч байдаг тухай тэд хөндөж байлаа. Судалгааны явцад эмэгтэй нэр дэвшигчдийн боловсролын түвшин өндөр, нийгмийн идэвх оролцоо сайтай, хот суурин газрын иргэд тэднийг дэмжих хандлага илүү өндөр байгаа нь харагдсан байна. Эрүүл мэнд, боловсрол хөгжлийн асуудал, гэр бүл нийгмийн хамгаалал, хүний эрх, нийтийн эрх ашгийг хөндсөн болон засаглалын асуудлыг шийдэхэд түлхүү анхаарч ажилладаг гэдгийг судалгаанд оролцогчид дурьдаад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг ханган аливаа асуудалд уян хатан хандаж, зөвшилцөн хамтарч ажиллах, авилгад автахгүй, итгэлтэй, үнэнч байдаг давуу талтай гэж үзсэн байна. Мөн үеэр хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс "Сонгуулийн тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулах, сонгуулийн өдрийг хагас бүтэн сайны амралтаар тааруулж зохион байгуулах, хэсгийн хороодын үйл ажиллагааг чанаржуулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх үүднээс сонгууль өгсөн иргэдийг урамшуулах, УИХ болон аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн бүрэн эрхийн хугацааг нэмэх зэрэг саналуудыг гаргалаа. "Сонгуулийн хуулийн зөрчил болон гажуудал, эмэгтэй нэр дэвшигчдэд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгээс гарсан саналуудыг зохион байгуулагчид нэгтгэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Сонгуулийн Ерөнхий хороо, Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ гишүүдэд хүргүүлэхээр санал нэгдлээ.