БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улсад одоогийн байдлаар 280 сая гаруй автомашин, жолоо барих эрхийн үнэмлэхтэй 350 сая иргэн байна гэж тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас гаргасан аюулгүй жолоодлогын сэдэвтэй кинонд дурджээ.
Үүнээс үзэхэд жолооны үнэмлэхтэй хятад иргэдийн тоо АНУ-ын нийт хүн амаас олон байх нь. Дээрх яамны Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс аюулгүй жолоодлогын талаарх киног мягмар гарагт гаргаж эхэлсэн бөгөөд уг кинонд тээврийн хэрэгсэл болон жолооч нарын тоо өсч буй энэ үед зарим жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөхгүй байгааг анхааруулжээ.
Улаан гэрлээр дайрч рох, хурд хэтрүүлэх, ядарсан үедээ жолоо барих, ямар нэгэн зүйлд сатаарсан үедээ жолоо барих, согтуугаар жолоо барих гэсэн нийтлэг таван зөрчлийн улмаас үүссэн зам тээврийн ослуудыг кинонд харуулсан байна.
Киноны зорилго нь замын хөдөлгөөний зөрчлийн талаар олон нийтэд боловсрол олгох, ард иргэдийг хуулиа дээдэлдэг болгоход оршино гэдгийг Нийгмийг аюулаас хамгаалах яамны Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дэд дарга Ван Жинбиао дурдлаа.
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг