|

“АВЬЯАСАЛАГ МОНГОЛЧУУД” ШОУНЫХАН ЖИНХЭНЭ МОНГОЛ АВЬЯАСЫГ ҮЛ ТООЖ БАЙНА УУ

 “АВЬЯАСАЛАГ МОНГОЛЧУУД” ШОУНЫХАН ЖИНХЭНЭ МОНГОЛ АВЬЯАСЫГ ҮЛ ТООЖ БАЙНА УУ
Дэлхийд танигдах жинхэнэ Монгол авьяасыг нээж илрүүлэх зорилготой "Авьяаслаг Монголчууд” шоу хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй. Тэгвэл шинэ улирлын шоуны хагас шигшээ хэдийн эхэлсэн. Өнгөрсөн хоёр долоо хоногийн шинэ дугаар үзэгчдэд хүрч, энэ нь  цахим ертөнцөд нэлээд шуугиан тариад байгаа.

Учир нь шоуны оролцогчдын үзүүлсэн үзүүлбэр болоод шүүгчдийн санал олон нийтийг бухимдуулаад байгаа юм. Тодруулбал гитар барин гадаад дуу дуулж үзүүлсэн Б.Ихэрсувд үндэсний өв соёл уртын дуугаа сэтгэлээсээ сайхан амьдруулж чадсан төрмөл авьяастай М.Дүгэрсүрэн нарын үзэгчдээс ирүүлсэн мессеж саналын тоо тэнцэхэд М.Дүгэрсүрэн шүүгчдийн саналаар уг шоуг орхисон. 

Шүүгчдийн шүүлтийн дараа үзэгчид "Гитар барин гадаадаар дуулах, Уртын дуугаа үнэн сэтгэлээсээ уянгалуулах хоёрын аль нь жинхэнэ Монгол авьяас вэ”, "Монголчууд дэлхийд уртын дуу, уран нугаралтаар илүү танигдах боломжтой” "Жинхэнэ Монгол авьяастныг нээж илрүүлнэ гэж хэлчихээд үндэсний урлагаа үгүйсгэлээ” гэх мэт сэтгэгдлээ илэрхийлж байсан юм.

Тэгвэл нэвтрүүлгийн уриа нь хүртэл "Дэлхийд гайхуулах Монгол авьяасыг хайж байгаа" гэх атал Европын гудамжинд дуулагддаг юкэлэлэ хөгжимтэй үзүүлбэрийг "Монгол уртын дуунаас илүү ирээдүйтэй байлаа" хэмээн шийдвэр гаргаж байгааг харах Монгол үндэстэний хувьд тун эмгэнэлтэй явдал байлаа.

ЮНЕСКО-д бүртгэлтэй уртын дууг Монгол хүнээс  өөр хэн ч дуулж чадахгүй. Иймээс л бид жинхэнэ Монгол урлагийг таниулах авьяастныг хайж байгаа бус уу. 

Угтаа хэлтэй устай л бол гадны дууг дууриаж дуулчих хүн Монголд цөөнгүй бий. Харин гадаад хүн Монгол уртын дууг М.Дүгэрсүрэн шиг дуулна гэвэл ертөнцийн хаанаас ч эрээд хайгаад олохгүй биз ээ. Монгол авъяасын онцлогийг М.Дүгэрсүрэн тодоос тод харуулсан ч шүүгч С.Чимгээ, Ц.Чулуунбат, Рокит бэй нар Өрнөдийн урлагийг илүүд үзэж Монгол хүний авъяасыг нойрсууллаа.

Б.Сансар
olloo.mn