|

ХАЯГДАЛ ТӨМРИЙН АСУУДАЛ ГИШҮҮДИЙГ ТАЛЦУУЛАВ

 ХАЯГДАЛ ТӨМРИЙН АСУУДАЛ ГИШҮҮДИЙГ ТАЛЦУУЛАВ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортлох дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхлэх хүртэл үүссэн 36 тэрбум төгрөгийн өрийг шийдвэрлэх, төмөр замын дэр мод бэлтгэх зөвшөөрөл сэргээх, 10 мянган тонн воганы хаягдал хар төмрийг экспортлох асуудлыг хэлэлцсэн юм. 

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир " "Дархан төмөрлөгийн үйлдвэр” хаягдал  төмрийн боловсруулалт дээр тулгуурлан ажилладаг.  Гэтэл 10 мянган тонн хаягдал хар төмөр экспортлоно гэж байна. "Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ыг дампууруулахгүй гэвэл энэ өгүүлбэрээ авч хаях хэрэгтэй” гэлээ. Үүнд Б.Дэлгэрсайхан гишүүн "Хоёр жилийн өмнө зогссон "Дархан төмөрлөгийн үйлдвэр”-т төмрөө өгөөд хэзээ мөнгөө авах юм” гэсэн юм. Үүнээс үүдэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрсдийнхөө асуудлыг оруулж ирлээ, үндэсний компаниа дэмжсэнгүй гэх шүүмжлэлийг байнгын хорооны гишүүдэд хэлсэн юм.

Үүнээс үүдэн гишүүдийн дунд багагүй маргаан дэгдэж, Д.Дамба-Очир гишүүн байнгын хорооны хуралдааныг орхин гарч одлоо.

"Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн хувьд дээрх хаягдал төмрийг нэг тонныг нь 180 мянган төгрөгөөр авах санал ирүүлээд байгаа аж. Харин Хятадын тал нэг тонныг нь 700 мянган төгрөгөөр авах санал ирүүлсэн байна. Эдийн засгийн үр ашгийн үүднээс "Улаанбаатар төмөр зам” 10 мянган тонн воганы хаягдал хар төмрийг экспортлох саналыг дэмжүүлэхээр байнгын хорооны хуралдаанд оруулж ирсэн юм.