Ийнхүү боомтуудаар нэвтэрч буй бараа болгоноос хураамж авахаар болсон нь Хятадын боомтуудын дэд бүтцийг шинэчлэх ажилтай холбоотой юм байна. Хэдийгээр энэ дунд Хятад, Оросын хилийн зарим боомт багтсан ч Монголын хувьд бараг бүх түүхий эдээ Хятадтай холбогддог боомтоор гаргадаг учир хавьгүй дарамт нэмэгдэж байна.
Нүүрсээ тодорхой хэмжээгээр ахиу үнээр худалдаалахаар болсон ч Ганцмод боомтоор гарч буй нэг тонн нүүрс тутамд дунджаар 1.3 орчим долларын нэмэлт ачаалал ирж байна. Зэс, нүүрснээс гадна бусад түүхий эд болох цайр, төмрийн хүдэр, жонш болон бусад бүх бараанд тодорхой хэмжээний нэмэлт ачаалал ирэх нь дамжиггүй.
Эхний арван сарын байдлаар Монгол улсын нүүрсний нийт экспорт 18.7 сая тонн, төмрийн хүдэр 5 орчим сая тонн, цайрын хүдэр 106 мянган тонн, зэсийн баяжмалынх 1.3 сая тонн, цэвэр зэсийнх 13 орчим мянган тоннд хүрсэн байна. Ийм хэмжээний экспортын бараанаас дээрх тооцоонд үндэслэн хураамж авах нөхцөлд бүдүүн тойм дүнгээр нүүрснээс 20 орчим сая долларын хураамж, төмрийн хүдрээс 6 сая доллар, цайраас 120 мянган доллар, зэсийн баяжмалын экспортоос 2.8 сая доллар, цэвэр зэсийн экспортоос 100 гаруй мянган ам.долларын хураамжийг Хятадын талд төлөхөөр байжээ. Ирэх оны экспортын хэмжээ яг хэд байх нь тодорхойгүй ч багагүй хэмжээний хураамжийг урд хөршид төлөх төлөв эндээс харагдаж буй юм.
Боомтын хураамжийг хилийн боомтын дэд бүтцийг шинэчлэх санхүүжилтэд зарцуулах юм.Энэ тухай албан бичгийн нэгдүгээр заалтад "Боомтын үйлчилгээний хураамжийн дагуу нутаг дэвсгэрийн хэмжээн дэх боомтуудын үйлчилгээний төлбөрүүдийн нэршлийг өөрчилж, боомтуудын бүтээн байгуулалтыг дэмжих төлбөр хураамж нь тухайн боомтуудын бүтээн байгуулалтыг хийхэд ашиглагдсан банкны зээл түүний хүүг эргүүлэн төлөхөд зарцуулагдана” гэжээ.
Хэдийгээр Өвөрмонголын Ардын Засгийн газар үүнийг боомтын дэд бүтцийн шинэчлэлтэй холбон тайлбарлаж буй ч энэхүү шийдвэр нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчөөд зогсохгүй өөрсдийнх нь Монголын экспортод зориулж гаргасан шийдвэрийг шууд зөрчиж байгааг шинжээчид тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр Далай ламын айлчлалтай холбоотойгоор хятадууд ийм шийдвэр гаргасан гэх хардлагыг ч хэвлэлүүд болон зарим шинжээч дэвшүүлж буй юм.
Боомтоор нэвтрэх бараанд ногдуулах төлбөрийн тухай энэхүү шийдвэр нь нүүрсний үнийн өсөлттэй давхцаж буй нь зах зээлийн үнийн өсөлтийг далимдуулан тодорхой хэмжээний ашиг хүртэхээр хийж буй Хятадын Засгийн газрын алхам ч байж болох юм. Өмнөх долоо хоногийн Мягмар гарагт буюу 11 дүгээр сарын 22-ны өдөр "Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний худалдааны үнээ 50 ам.долларт хүргэхээр болж буй тухайгаа мэдээлсэн бол яг энэ өдөр Ганцмод боомтоор нэвтрэх бараанд ногдуулах хураамжийн тухай мэдэгдэл гарчээ.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ тухай "Гашуунсухайт боомтоор нэвтрэх нэг машинаас өмнө нь ямар нэг хураамж авч байгаагүй, үүнд 10 юань авахаар шинэ хураамж гаргасан. Нэг тонн нүүрснээс 5 юань авч байсныг 8 юань болгосон байна. Зэсийн баяжмалаас 5 юань авч байсныг үнийн дүнгийн 0,2 хувь болгосон. Энэхүү шийдвэртэй уялдаж бидний хийсэн тооцоогоор бол Монгол Улсын аж ахуй нэгж, байгууллагууд жилдээ зэсэнд 12.3-12.5 сая ам.долларын нэмэлт төлбөр төлөх болох нь.” гэж Монцамэ агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Боомтууд дээр бараа бүтээгдэхүүний хураамж нэмэгдсэн, эсвэл цоо шинээр бий болсон эсэхийг бид дараа дараагийн мэдээллүүдээр хүргэх болно.
Салбарынхан маш олон жилийн турш Ганцмод боомтыг олон улсын статустай болгох талаар ярьсаар ирсэн ч өнөө хэр нь тус боомт орон нутгийн шинж чанартай боомт хэвээр байгаа юм. Ийм "гэнэтийн бэлэг”-ийн түүх 2012 онд тохиож байсан бөгөөд Өвөрмонголын Баяннуур аймгийн захиргаа Монголын нүүрсэнд, тэр дундаа угаасан нүүрсэнд өндөр хураамж ногдуулж байсан билээ.
Боомтыг олон улсын статустай болговол ийм асуудал гарах нөхцөл бараг бүрэн хязгаарлагдахын сацуу Монголын нүүрс Хятадын эргийн буюу коксжих нүүрс өндөр үнэтэй байдаг бүс рүү нэвтрэх бололцоо бүрдэх юм.