Хөрс судлаач, доктор Ц.Батчулуунтай Дэлхийн хөрсний өдрийг тохиолдуулан ярилцлаа. Тэрбээр, ой модыг зүй зохистой ашигласнаар хөрсний доройтлоос сэргийлэх боломжтойг онцолсон юм.
-Жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-ныг Дэлхийн хөрсний өдөр болгон тэмдэглэж байна. Хэзээнээс тэмдэглэх болсон бэ?
-2006 оноос Олон улсын хөрс судлалын холбоо энэ өдрийг санаачилж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас дэмжиж ажилладаг. Энэ жилийн хувьд хөрс, хүн төрөлхтний хоорондын харилцааг чухалчилж байгаагаараа онцлогтой.
-Үүнээс ч өмнө хөрс дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан байх?
-Тийм ээ. Хүн төрөлхтөн анх Нил мөрний эргээр тариа тариалж эхэлсэн үеэс л үржил шимтэй газрын төлөөх тэмцэл өрнөсөн. Өнөөдөр дэлхийн гадаргын 29 хувийг эзэлж байгаа хуурай газар дээр 7.2 тэрбум хүн амьдарч байна. Хүн төрөлхтөн хоол хүнсээ ч хөрснөөс авч, хөрсөн дээр байшин барилгад аж төрж байна. Тиймээс хөрс бол амьдралын үндэс учраас дэлхийн хамгийн чухал бодлого болдог юм.
Газар тариалан, мод бэлтгэлийн технологийг шинэчлэх шаардлага байна
-Манай улсад хөрс хамгаалал, нөхөн сэргээлтийн бодлого хэр зэрэг хэрэгждэг вэ?
-Үндэсний хэмжээнд хөрсний бодлого бий ч хэрэгжилт хангалтгүй байна. Хөрсөө хамгаалахын тулд ойжуулах нь л хамгийн зөв гарц. Мөн газар тариаланд хөрс боловсруулалтын технологийг сайжруулж, газар ашиглалтын зөв менежмент хэрэгжүүлэх шаардлагатай байна.
-Газар тариалангийн технологийг хэрхэн шинэчлэх шаардлагатай вэ?
-Газрын хөрсийг эргүүлж хагалах технологиос дэлхий нийтээрээ татгалзаж байна. Газрын өнгөн хөрсний доод давхаргыг зөв бүтэцтэй болгож, таримал ургамал ургах нөхцөлийг хангаж өгч байна. Энэ боловсруулалт манайд туршилт төдий л байна. Үүнээс гадна газар хагалсан л бол тэр газраа хамгаалах хамгаалалтын зурвас байгуулж байхыг хуульчилж өгөх нь зүйтэй. Тухайлбал, Хятадын Ганьсу муж манайхаас их цөлжиж буй газар. Тэндэхийн тариачид алга дарам газраа ч ногоон зурвасаар хамгаалдаг. Хүн, байгаль орчин, нийгмийн аль алинд нь ашигтай алхам бол энэ.
-Цөлжилттэй тэмцэх цорын ганц алхам гэж үзэх болсон ойжуулалтын талаар яриад байна уу?
-Тийм. "Agroforestry” гэдэг ойлголт хөрсөө хамгаалах хамгийн эхний ажил юм. Өөрөөр хэлбэл, газар хагалж ашиглаж л байгаа бол модоо тарих ёстой гэсэн үзэл санаа. Газраас үр шимийг нь авч байгаа бол газраа хамгаалах ажил хийх л ёстой. Үүнд л энэ жилийн Хөрс хамгаалах өдрийн гол мессеж чиглэж байгаа.
-Нэгэнт газар тариалангийн асуудал хөндсөнийх нэг асуултад тодорхой хариулт авмаар байна. GMO-той хүнсний тариалалт хөрсөнд ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Газар тариалан эрхэлж байгаа хүмүүс үйлдвэрлэлээ бодоод ургацаа нэмэгдүүлэхийг тэргүүнд үздэг. Үүний цаана их хэмжээний ургац хурдан хугацаанд авч, ахиу ашиг олох бизнесийн зорилго л явж байгаа. Гэтэл хөрсний үржил шим хязгаартай. Тухайн ургамал тэрхүү хязгаарын хүрээнд л өсөж, ургадаг. Хөрс үржил шимээ ургамалд өгөөд өөрөө доройтдог.
-Тэгвэл үржил шимтэй хөрсийг ямар аргаар нөхөн сэргээх вэ?
-Хөрсийг нөхөн сэргээх олон арга бий. Гэхдээ фосфорын, калийн зэрэг химийн бордоог хэрэглэж болохгүй. Тухайн ургамалдаа л сайн болохоос биш хүн болоод хүнсний аюулгүй байдалд олон уршиг дагуулдаг. Мөн хөрсний жам ёсны өөрчлөлтөд нөлөөлж, дараа дараагийн ургамлын генид мутаци үүсгэх эрсдэлтэй. Тиймээс газрын асуудалд маш өндөр хяналт тогтоох ёстой. Нөхөн сэргээлтийг биологийн болон механик аргаар хийсэн нь дээр.
-Пестицидийг бас өргөн хэрэглэж байна. Энэ бодисыг нэг удаа хэрэглэхэд л хөрс доройтдог уу?
-Пестицидийг олон улсад хориглосон зүйл шүү дээ. Манайд хэрэглээд байгааг нь ойлгохгүй байна. Маш аюултай эд. Агаар, ус, хөрсөнд нэвтэрч төрөл бүрийн бодисын эргэлт явагддаг химийн урвалд оролцогсдын өсөлт хөгжилтөд нөлөөлдөг. Тиймээс эхний жил пестицид хэрэглэхэд ирэх жил нь дахиад бүр ихийг хэрэглэх шаардлагатай болдог.
-Ойн хөрсийг их онцлогтой гэлцдэг. Ямар учраас тэр вэ?
-Ойн хөрс бол амьд организмын өөрчлөлтүүдийг мэдэрч байдаг мониторингийн гол платформ гэсэн үг. Би 1998 оноос ойн хөрсийг судалж байна. Өнгөрсөн хугацаанд ойг амьдралын эх үндэс гэж үзэх үндэслэл хангалттай байдгийг нотолсон олон судалгаа хийлээ. Амьдралын эх бол ус. Усны эх бол ой буюу ургамал.
-Танд тодорхой судалгаа бий юу?
-Би Хантайн нурууны их хэмжээний мод бэлтгэж байсан хоёр даваанд судалгаа хийсэн. Нэг хэсэг ойн модыг бүхэлд нь унагаж, гинжит трактороор зөөсөн байна. Тэнд хөрсний чийг алдагдсанаас хээрийн ургамал түрж, эргэн тойрны моддын өсөлт жилд 0.6 мм-ээс хэтрэхгүй байна. Энэ нь эх ойн өсөлтөөс хоёр дахин удаан байна гэсэн үг. Харин нас бие гүйцсэн, таваарлаг моддыг сорчлон тайрч, дүүжлэн өргөж тээвэрлэсэн талбайн ойн нөхөн сэргээлт 70 хувьтай байна.
-Энэ хоёр технологийн аль нь үнэтэй вэ?
-Үйлдвэрлэл гэдэг утгаар нь бүтээмж талаасаа хоёрдугаар технологи мэдээж үнэтэй. Гэхдээ эхнийх нь хямд боловч экологийн хор хохирол асар их. Хоёр дахь нь экосистемийн хувьд хал балгүй. Эхний технологийг манайх өнөөг хэр нь ашиглаж байгаа.
-Монгол орны ойн хөрс ямар онцлогтой юм бэ?
-Эмзэг! Ой нь эмзэг. Хөрс нь бүр эмзэг. Ойг зөв зохистой арга технологиор ашиглах хангалттай нөөц манайд бий. Харамсалтай нь, буруу замаар будаа тээснээр буцахдаа шороо тээхийн үлгэр болж байна. Үүнийг сүүлийн үеийн хөрсний судалгаанууд харуулж байна. Хөрс хатаж, цэвдэг хайлж, ургамал өөрчлөгдөж байна шүү дээ. Манай ойн нөөц ашиглахад хангалттай хүрэлцэнэ. Гэхдээ экологид сөрөг нөлөө хамгийн багатай технологийг нэвтрүүлэх шаардлагатай.
З.Цэлмэг
ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ