|

Монголын эзэнт гүрний тагнуулын арга ухаан гайхамшигтай

Монголын эзэнт гүрний тагнуулын арга ухаан гайхамшигтай

 

Тэмүүжин Монгол аймгуудыг нэгтгэхдээ өөрийн өмнөх үеийн монголчуудын цэрэг дайны арга, туршлагад тулгуурлан цэрэг зэвсгийн хүчээс гадна тагнах, хуурч мэхлэх буюу өнөөгийн тагнуулын мэргэжлийн үг хэллэгээр хуурч төөрөгдүүлэх болон дайснаа хагалан бутаргах, зөрчил, тэмцлийг нь ашиглах гэх мэт аргуудыг хэрэглэж байжээ. 1196 онд Алтан улс, Татаруудын хооронд дайн үүсч, Татарын Мэгүжин Сүүлт ялагдан хүчээ нөхөн сэлбэхийг оролдож байгааг мэдсэн Тэмүүжин Тоорил хаантай хамтран Татарыг сөнөөсөн Тэмүүжиний анхны том ялалт амжилтын нэг үндсэн шалтгаан нь дайсныхаа цэргийн байр байдлыг нарийвчлан заншиж байсан явдал гэж Чингис судлаач Оросын эрдэмтэн Эринжен Хара Даваа тэмдэглэсэн байдаг.

 

Хэрэйдийн Ван хантай шийдвэрлэх тулаан хийхийн өмнө Чингисийн талд зугатан ирсэн дүү Хасарынхаа нэрийг ашиглан, түүний элчийн дүрээр Халиудар, Чахурхан нарыг Ван ханд туршуулаар илгээж, тэд найрлаж байгааг тандан мэдсэнийхээ дараа тэдэн рүү гэндүүлэн довтолж Хэрэйд аймгийг үндсэнд нь сөнөөсөн талаар Монголын нууц товчоонд тодорхой өгүүлсэн байдаг. Харьцангуй цөөхөн цэрэгтэй байсан Тэмүүжин Найман улстай байлдахын өмнөх хэд хоногт шөнийн цагт цэрэг бүр таван хэсэг гал түлэх тушаал өгснөөр Найманы туршуулууд түүнд хууртагдан Монголын цэрэг тэнгэрийн одноос олон байна гэж Таян хандаа мэдээлж байжээ. Академич Ш.Нацагдорж гуай "Чингис хааны цадиг” бүтээлдээ тэмдэглэснээр Чингис Дундад Азийн худалдаачдыг ашиглан Найманы талаар тагнуулын мэдээ олж байсан байна. Тийнхүү Тэмүүжин бүр Монгол туургатныг нэгтгэх тэмцлийнхээ явцад цэргийн урлаг, түүний чухал хэсэг болох тагнуулын ажлын арга ухаан, туршлагатай болсон нь ажиглагддаг юм. Тэмүүжин эсрэг талаа тагнах үйл ажиллагаандаа алханчийг өргөн ашигладаг байжээ. Монголын нууц товчооны 208, 247, 257, 276, 281 гэх мэт арав гаруй зүйлд ”алхинч” ашигласан тухай өгүүлсэн байна. "Алхинч” гэдэг үгийг Монгол үгсийн язгуурын тольд " Мэдээ занги авагч” гэсэн утгатай манж гаралтай үг хэмээн тайлбарласан байдаг. Манай нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба, Д.Цэрэнсодном зэрэг эрдэмтэд уг үгийг "туршуулч”, "тагнуул”, "мэдээ чимээ сураглах хүн”, "тэргүүн хайгуул”, "мэдээлэгч”, гэх мэтээр өнөөгийн монгол хэлнээ буулгасан юм.

 

 3.4. Монголын нууц товчоонд дурдсанаар хаан болсон Чингис хүмүүсийг албан тушаалд томилохдоо "Архай Хасар, Тахар, Сүхэхэйжэүн,Чахурхан дөрвийг "Холын холбогч, ойрын оточ ( хол ойрыг сурвалжлах газарч) болтугай” гэсэн байдаг. Монголын нууц товчооны дээрх зүйлийн тухай Чингис судлаач, Өвөр Монголын нэрт эрдэмтэн Сайшаал "холбооч, туршуулч, газарч” гэсэн тусгай албан тушаал бий болгожээ хэмээн тайлбарлажээ. Энэ бүхэн нь Чингис хаан туршуулч, холбоочин гэх мэт тагнуулын ажил эрхэлсэн албан тушаалтантай байжээ гэдэг дүгнэлтэд хүргэж байна.

 

5. Чингис хаан Тангадтай амжилттай байлдахын тулд түүнтэй хил залган амьдарч, дотоод амьдрал байдлыг нь сайн мэдэх болсон хэрэйд, найман нар болон Дундад Азийн худалдаачдыг ашиглан Тангадын дотоод байдал, цэргийн хүчин чадлыг байнга тагнан судалж мэддэг байсан байна. Алтан улсыг байлдаж эзлэхийн өмнө Чингис хааны цөөн тооны цэрэг Тангадын нутагт хэд хэдэн удаа цөмрөн орж байжээ. Юань улсын сударт тэдгээр цөмрөлтийг " Зөвхөн айлган сүрдүүлсэн чанартай дээрэм тонуул хийсэн төдий дайн” гэж тэмдэглэсэн боловч биднийхээр тэдгээр нь Тангадын цэргийн байлдах арга ухааныг нарийвчлан тагнан судлах зорилготой цэрэг, тагнуулын ажиллагаа байсан гэж үзэх үндэстэй юм. Тагнуулын ажиллагаа явуулах нэг зорилго нь эсрэг талтайгаа байлдахад шаардлагатай мэдээ, баримт сэлт олоход оршдог. Чингис хаан тийм мэдээ баримт олох зорилгоор цэргийн ажиллагаа явуулдаг байсан нь тэр үеийн Монголын тагнуулын арга ажиллагаанд түүний оруулсан хувь нэмэр гэж үзэж болно. Чингис хаан нь Тангадын тухай шинэ соргог мэдээг түүний сайн мэдэх Хэрэйд, Найманы зөвлөх, лалын худалдаачдаас мөн олж цуглуулан ашигладаг байсныг олон эх сурвалжид тэмдэглэсэн нь бий. Чингис хаан тийнхүү Тангадын тухай тагнуулын мэдээг янз бүрийн эх сурвалж, аргаар олж чадварлаг ашигласнаар Тангадыг эзлэх дайныг амжилттай явуулж, ялалт байгуулсан байна.

Чингис хаан өөрийн улсын хүчнээс хавьгүй илүү хүчирхэг, бэлтгэл сургуулилт сайтай, олон арван цайз, бэхлэлт бүхий хотуудад түшиглэсэн, маш чадварлаг ноёд , жанжидтай Алтан улстай байлдахын тулд түүнийг холбоотон улсуудаас нь салгах, Тангадын нутгийг байлдааны түшиц газар болгож ашиглахын зэрэгцээ тагнуулын үйл ажиллагаа идэвхтэй явуулж, түүний дотоод байдал, цэрэг арми, хот тосгон, газар нутаг зэрэг өргөн хүрээтэй асуудлаар янз бүрийн арга зам, эх сурвалжийг ашиглан тагнуулын ихээхэн мэдээ цуглуулж байжээ. Тэрээр тагнуулын зорилгодоо яс үндэс, зэрэг янз бүрийн шалтгаанаар хавчигдаж дургүйцсэний улмаас Алтан улсаас оргож ирсэн хүмүүсийг ч ашигладаг байсан. Мөн лалын худалдаачдаас үнэтэй чухал мэдээ олох нь цөөнгүй байжээ. Лалын худалдаачид нь тэр үедээ Дундад Ази төдийгүй алс холын Монголын нутаг хийгээд Хятадын баян чинээлэг мужуудыг сайн мэддэг ховорхон хүмүүс болохыг Чингис хаан соргогоор олж мэдэж, өөрийн зорилгодоо ашигладаг байсан байна. Тийм худалдаачдын нэг нь хонио усалж явахдаа Тэмүүжинтэй уулзсан хэмээн Монголын нууц товчоонд дурдагддаг сартаул (Хорезм) Хасан юм. Тэрээр хожим нь Хорезмыг байлдан дагуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн тухай эрдэмтэн Сайшаал тэмдэглэсэн байдаг. Алтан улс нь тэр үед хоорондоо дайсагнасан Цин, Сүн хоёр улсад хуваагдсан байсныг Чингис хаан тагнуулын зорилгодоо мөн ашиглаж байжээ. Тэрээр Алтан улсыг тагнахад тусгайлан бэлтгэсэн туршуулуудаа болон тэнд ажиллаж байсан ноёд, жанжнуудаа ч ашигладаг байжээ.

 

Товчхоноор хэлбэл, Чингис хаан байлдан тагнах ажиллагаа зохиох, Хэрэйд, Найманы зөвлөх, лалын худалдаачид болон Сүн улстай дайтахад нь Цин улсад туслан ажиллаж байсан өөрийн ноёд, жанждаа тагнуулын зорилгод ашиглах, тусгайлан бэлтгэсэн олон арван туршуулаа Алтан улсад нэвтрүүлэх, Алтан улсын төрийн түшээдээс элсүүлэн ашиглах, өөрөө биечлэн тагнах, урваж ирсэн цэргийн жанжид, олзлогдогсдоос чухал мэдээ олох, хуурч төөрөгдүүлэх ажиллагаа зохиох зэрэг арга, зам, сувгийг ашиглан тагнуулын үйл ажиллагааг идэвхтэй, маш чадварлаг явуулсны үр дүнд Алтан улсын цэрэг, эдийн засгийн хүчин чадал, цэргийн байлдах арга ухаан, нийгэм, улс төрийн байдал, байгаль цаг уурын нөхцөл гэх мэт өргөн хүрээтэй асуудлаар тагнуулын мэдээ олж цуглуулан ашигласнаар Хятад орныг байлдан эзлэх туйлын хүнд зорилтыг тагнуулын аргаар хангасан байна. Цэрэг дайны болон тагнуулын олон зууны асар их туршлагатай Хятад орныг байлдан дагуулах хүнд зорилтыг хэрэгжүүлж чадсан нь Чингисийн Монгол гүрний улс төр, цэргийн үйл ажиллагааны төдийгүй тагнуулын үйл ажиллагааны зүй ёсны үр дүн, дэвшил хөгжлийн шинэ үе шат байжээ.

 

6. Чингис хаан Алтан улсын цэргийн хүчийг биечлэн тандан мэдэхийн тулд хаанд нь бэлэг өгөх халхавчаар биечлэн очиж байсан нь тэрээр эсрэг талаа тагнан мэдэхэд ямар их ач холбогдол өгч байсны нэг илрэл гэлтэй. Чингис хаан Хойд Хятадын нутгаар явж цаашлан Алтан улсын нийслэлд очих гэсэн нь янз бүрийн эх сурвалж, арга замаар олсон тагнуулын мэдээллүүдийн бололцоотой заримыг нь газар дээр нь биечлэн шалгах зорилготой ч байсан байж болох юм. Бас Алтан улсын хаан гэж хэн болохыг таньж мэдэх, түүгээр ч барахгүй түүнийг айлган сүрдүүлэх замаар бууж өгөх шаардлага тавих ч зорилготой байсныг үгүйсгэх ч аргагүй. Чингис хаан Хятадын нутгаар тагнуулын аялал хийж явсан тухай манай нэрт түүхч Ч.Далай гуайгаас гадна Оросын нэрт эрдэмтэн Б.Я. Владимирцов тэмдэглэсэн нь бий. Чингис хаан Алтан улсын зарим түшээдийг элсүүлэн, ашиглаж байсны нэг нь Алтан улсын бичгийн яамны түшмэл, Кидан үндэстэн Елюй Ахай, түүний дүү Елюй Доху нар юм. Алтан улсын дотоод байдлыг маш сайн мэдэж байсан тэд Чингис хаан тус улсыг байлдан дагуулах төлөвлөгөө, шийдвэр боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ.

 

7. Хорезмыг байлдан дагуулах үед Их Монгол улсаас зохиосон тагнуулын үйл ажиллагаа нь Тангад, Алтан улсыг байлдан дагуулах үед зохиосон тагнуулын үйл ажиллагаанаас улам боловсронгуй идэвхтэй, чадварлаг болсон байна. Чингис хаан дээрхи хоёр улсыг дайлахдаа тагнуулын үйл ажиллагаандаа худалдаачид, элч, төлөөлөгч, хил залгаа орны иргэд, Монгол Улсад оргон ирэгсдээс ихэвчлэн ашиглаж байсан бол Хорезмын эсрэг тагнуулын үйл ажилллагаандаа дээрхээс гадна тэндээс оргож ирсэн хүмүүс, лалын шашны санваартнуудын дундаас ашиглаж байсан нь уг үйл ажиллагаандаа ашиглах хүмүүсийн хүрээ, бааз суурийг тухайн орны онцлогт тохируулан нэлээд өргөтгөснийг харуулж байна. Чингис хаан өөрийн элчийн халхавчаар Хорезмын иргэн, өөрийн туршуул (Махмуд)- ыг шашин шүтлэг нэгтэй тэр улсынх нь эзэн хаанд тавьж өгөн туршуулаар нэвтэрч, түүний зорилго, эрмэлзлийг олж мэдэх тагнуулын ихээхэн аз туршсан арга хэмжээг амжилттай явуулж чадсан нь тагнуулч, туршуулыг ашиглах ажиллагаа өндөр түвшинд гарсныг харуулдаг юм. Мөн Шах нь эх хатан Туркан болон хамаатан садантайгаа гүнзгий зөрчилтэй байгааг тагнаж мэдсэн Чингис хаан Хорезмын эзэнт улсын овог, аймаг, хараат улсууд Чингисийн хүссэн бүхнийг биелүүлэхэд бэлэн байгааг илэрхийлсэн хуурамч захиаг Туркан хатны хамаатан ноёдын нэрийн өмнөөс зохион бичүүлж, түүнийгээ Хорезмын талд урван очиж буй Чингисийн шадар хүний дүр эсгэсэн туршуулаар Шахад хүргүүлсэн нь Мухаммед султанд сэтгэл санааны хүнд цохилт болсон гэж гадаадын судлаачид тэмдэглэсэн байдаг. Тийм мэдээ авч үнэмшин дотоодоос өөрийнх нь эсрэг гарч болзошгүй бослого тэмцлээс айж эмээсэн Мухаммед султан цэргийн хүчээ улс орныхоо янз бүрийн хэсэгт тараан байрлуулахад хүрсэн аж. Тийнхүү эсрэг талаа хуурч төөрөгдүүлэх ажиллагааны нэлээд ярвигтай хэлбэр болох хуурамч мэдээг бичгээр үйлдэн хүргүүлэх, хуурч төөрөгдүүлэх тагнуулын арга хэмжээг Чингис хаан анх удаа чадварлаг явуулж, стратегийн зорилтыг шийдвэрлэж чадсан нь энэ төрлийн арга хэмжээ зохиоход гарсан томоохон ахиц дэвшил байсан гэж хэлж болно.

 

Мөн туршуулуудынхаа тусламжтайгаар Хорезмын ард иргэдийн дотор үймээн самуун, эмх замбараагүй байдлыг зориуд үүсгэх зэрэг хорлон бусниулах үйл ажиллагааг ч чадварлаг зохион байгуулж байсан баримт ч бий билээ.

Тийнхүү Хорезмыг байлдан дагуулах дайны өмнө болон дайны үед Монголчууд тагнуулын нөхцөл байдлын онцлогийг харгалзан бүхий л бололцоог бүрэн ашиглаж, тагнуул, хорлон бусниулах үйл ажиллагааг чадварлаг, үр дүнтэй явуулснаар тус орныг байлдан дагуулах чухал нөхцлийг бүрдүүлжээ.

 

Чингис хаан Хорезмын эзэнт улс олон овог аймаг, хараат улсаас бүрдсэн, дээд удирдлагаасаа эхлэн лалын шашинтны янз бүрийн урсгал, чиглэлүүдийг шүтэж бишрэгчдийн хооронд сөргөлдөөн ихтэй байсныг тагнуулын үйл ажиллагаандаа бааз суурь болгон ашигласан байна. Тиймээс лалын шашинтнуудын санваартнууд хүртэл буруу номтон Чингисийн туршуулаар ажиллах тохиолдол ч байжээ.

Монголын хаад, цэргийн жанжид харь оронд ажиллаж байсан тагнуулч, туршуулуудтайгаа холбоо барихад тухайн улс орны онцлогийг харгалзан янз бүрийн арга, зам суваг, хүмүүсийг ашигладаг байжээ.Чухал суурин тагнуулч, туршуултай холбоо барихад тусгай холбоочинг ашигладаг байсан. Мөн энэ зорилгод мөргөлчдийг ашигладаг байсан тухай баримт ч бий.

 

8. Чингис хаан, түүний жанжид дайснаа тагнах, хорлон бусниулах зорилгодоо хамгийн өргөн хэрэглэдэг байсан аргуудын нэг нь хуурч төөрөгдүүлэх ажиллагаа байсан. Нууц товчоонд өгүүлснээр Додой Чербийн санал болгосноор найманчуудыг хуурч төөрөгдүүлэх зорилгоор хүн бүр таван хэсэг гал түлж байсан, мөн эцэнхий саарал морио зориуд алдаж, Монголын агт туранхай гэдэг буруу ойлголтыг эсрэг талд өгч байсан. Шихихутуг Желал ад Дины армитай хийх тулааны өмнө илүү хувцсаа өмсгөсөн мануухайг хөтлөгөө морьдынхоо нуруун дээр тогтоох аргаар тэдний талаас илүү олон хүнтэй мэт ойлголт төрүүлэх хуурч төөрөгдүүлэх ажиллагаа явуулж байсан тухай баримт бий. Хорезмын шахад хуурамч захиа хүргүүлэх замаар хуурч төөрөгдүүлэх арга хэмжээ зохиож байсныг дээр өгүүлсэн билээ. Тийнхүү Чингис хаан, түүний жанжид эсрэг талдаа хуурамч биет зүйл үзүүлэх, хуурамч мэдээ, баримт сэлт хүргэх гэх зэрэг хуурч төөрөгдүүлэх ажиллагааны бүхий л хэлбэрийг хослуулан чадамгай ашигладаг байсан ажээ.

 

9. Их Монгол улс тухайн үедээ чухал мэдээ, мэдээлэл, түүний дотор тагнуулын мэдээ, мэдээлэл дамжуулах хамгийн боловсронгуй, найдвартай тогтолцоог бий болгон ашиглаж байжээ. Эрдэмтэн Л.Д.Хартогийн тэмдэглэснээр Монголын эзэнт гүрний хамгийн чухалд тооцогдох Ясад бичигдсэн нэгэн дүрэм байсан нь тагнуулын үйл ажиллагаа буюу өртөө улааны алба байсан аж. Үнэхээр ч Их Засаг хуулиар "Төр улсад болж байгаа бүхий л үйл явдлуудыг хурдан түргэн мэдэж байхын тулд байнгын шуудантай болохыг ноёд, захирагчиддаа зарлигджээ”. Мэдээллийн сүлжээг Чингис хааны үеэс байгуулж эхэлсэн бөгөөд өртөөнд морь, үхэр тэрэг, завь зэргийг газар орны нөхцөл байдлыг харгалзан хэрэглэдэг байсан байна. Монголын хаад мэдээлэл дамжуулахад морин өртөөнөөс гадна явган өртөө, нохой өртөө, завь зэрэг бүхий л хүч, хэрэгслийг ашигладаг байжээ. Тэр тухай Марко Поло зэрэг нэрт хүмүүс маш тодорхой өгүүлсэн нь бий. Түүний өгүүлснээр өртөө замын суурь хоорондын зай нь газар орны байдлаас хамааран 15-40 гаруй бээр буюу 25-35 километр бөгөөд өртөө болгон дээр элч зарлага тав тухтай амарч хоноглох гэр буудал байсан. Өртөө бүрт элч болон бусад зорчигчдын уналаганд зориулсан 300-400 орчим морь ямагт бэлэн байдаг. Хүн, амьтангүй эзгүй газарт ч элч нарт зориулж гэр буудал байгуулсан байжээ. Өртөө бүрт төрийн чухал мэдээ бүхий шууданг өртөөнөөс өртөөнд хүргэх ажил эрхэлдэг 20-иод улаач байдаг байсан. Өртөө болгоныг хэрхэн ажиллуулах, унаа морь, идэш тэжээл, хоол хүнс, ажилчдаар хангах гэх мэт журмыг хаан гаргасан байжээ. Хааны зараалаар хэл хүргэх, мэдээ дамжуулах үүрэгтэй ихээхэн эрх дарх олгодог пайз бүхий элч нар өдөрт 200-250 бээр буюу 320-400 километр замыг туулдаг байжээ. Марко Пологийн өгүүлснээр явган өртөө хоорондын зай нь 3 бээр буюу 5 километр орчим байсан бөгөөд өргөн бүс бүсэлж хонх зүүсэн явган элч нар өртөө хооронд буухиалан гүйж, ганц хоногт 10 өдөрчийн газрыг туулдаг байжээ. Нохойн өртөөг мөс, намаг, шалбааг, жалга, ганга ихтэй газар оронд байгуулсан бөгөөд өртөө тус бүрт илжигнээс арай багавтар 40 нохой байдаг. Элчийг 6 нохой хөлөлсөн чарганд өртөөний улаач суулган өртөө хооронд буухиалан давхиж хүргэдэг байжээ.

Оросын нэрт судлаач Г.Н.Потанин Чингис хааны үед монголчууд захидал харилцааг хүргэхэд шувууг ашиглаж байсан тухай өгүүлсэн нь бий.

 

10. Та энэ бүтээлдээ "...Их Монгол Улс нь тухайн үедээ бараг бүх дэлхийн мэдээллийн төв, дэлхийн ихэнх улс орнуудтай олон талын мэдээлэл солилцох талбар болж байжээ” гэж дүгнэлт хийсэн байна. Тийм дүгнэлт хийх үндэслэл болох мэдээ, баримт байдаг юм уу?

 

10. Чингис хаан, түүний залгамжлагчид эзлэгдсэн улс орнуудынхаа эрдэмтэн мэргэд, янз бүрийн авъяас, чадвартай хүмүүс, тэр үеийн тэргүүний зэвсэг, техник, хэрэгсэл, ололтыг маш соргогоор олж мэдэж ашигладаг байжээ. Чингис хаан Найманаас олзолсон бичгийн сайд асан Тата-тунга, одон орон судлаач, гүн ухаантан, тэр үеийн төгс төгөлдөр хүмүүсийн нэг Алтан улсын түшмэл байсан Елюй-Чуцай, түүний дүү Елюй-Ахай зэрэг эрдэмтэн мэргэд олныг төрийн түшээ болгон ажиллуулж байсан. Хятадын гүн ухаантан Чан-Чун-Бумбыг их хүч чармайлт гарган урьж авчран уулзахдаа, байгуулсан их үлс гүрнээ удаан тогтоож барих болон насан хутгийг уртасгах арга зам гэх зэрэг олон асуудлаар ярилцаж байсан. Алтан улстай дайтах үедээ оньсон техник, түүний дотор гал шидэгчийг олж авч ашиглаж эхэлсэн. Жек Уайтерфордын өгүүлснээр Монголчууд Хятадын дарьны технологийг Европын чадвартай хослуулан төмөр цутгаж, хонх гэх мэт том зүйлүүдийг хийдэг болсон. Хятадын бүтээгдэхүүнийг Европын хонхтой нийлүүлж, шинэ хувьсгалт их бууг гаргаж ирсэн ажээ. Хүлэгү хаан Мөнх хааны тушаалаар Лалын нэрд гарсан зурхайч Насир ад-дин Түчийг хамт ажилладаг эрдэмтэдийнх нь хамт Монголд авчиржээ. Азербайжаны одон орон судлаач Жамал-ад-диныг одон орон судлах томоохон төхөөрөмжтэй нь Монголд авч ирж байсан аж. Монголын ажиглабарын одон орон судлаачид өөрсдийн ажиглалтад тулгуурлан шинэ албан ёсны цаг тооны бичиг зохиосон нь орчин үеийнхээс ердөө л 26 секундын зөрөөтэй байсан гэж Уайтерфорд гуай тэмдэглэжээ. Хятадын зүү эмчилгээ, судас оношлогооны мэдээлэл, мэдлэгийг Мусульманчуудын илүү нарийн арга ухаантай холбохын тулд Монголчууд Хятадын ардын эмнэлэг болон Энэтхэг, Ойрхи дорнодын эмч нарын бүрэлдэхүүнтэй эмнэлэг, сургалтын төвүүдийг Юань улсад байгуулсан байна. Монголын хаад эзлэгдсэн орнуудынхаа барилгачид, уран дархчуудыг нутагтаа ирүүлж орд, харш байгуулах, гоёл чимэглэлийн зүйл хийлгэх замаар асар их мэдээлэл, мэдлэг олж авдаг байсан. Монголчууд түүхийг бусад үндэстэнийг эзэлж, тэднийг илүү үр дүнтэй захирахад мэдээлэл олох чухал арга гэж үзжээ. Энэ зорилгоор Хубилай хаан 1260-аад онд Үндэсний түүхийн алба байгуулсан байна. Мөн Зүрчид, Китайн вант улсууд болон Сүн улсын бүрэн түүх зохиож эмхэтгэх ажлыг 80 жилийн турш гүйцэтгэж, 1340-өөд онд дуусгасан гэдэг. Энэ бүхэн тэр дүгнэлтийг хийхэд хийхэд хүргэсэн юм.

 

11. Чингис хаан, түүний залгамжлагчид гадаадынхны дундаас тагнуулч, туршуул болгон ашиглаж байсан нь цөөнгүй. Тийм хүмүүсийн тоонд бидний өмнө нь дурдаж байсан Хорезмын худалдаачин Хасан;Чингис хааны элчээр Хорезмын шахад зарагдаж, түүнд давхар элсэгдэн чухал мэдээ олж ирсэн Махмуд, Чавчаал боомтыг ар талаас нь дайрч орох нууц замаар Монгол цэргийг хүргэж, Алтан улсын Жүндүг довтлон эзлэхэд гарамгай гавъяа байгуулсан, Алтан улсад Чингис хааны элчээр зарагдах, Чанчүн Бумбыг Чингис хаантай уулзуулах зэрэг олон чухал үүргийг гүйцэтгэсэн Жафар Ходжа; Хорезмын Кашгар зэрэг хотуудыг эсэргүүцэлгүйгээр буулган авахад элчээр ажилласан, Орост дайтаж явсан Зэв, Сүбэдэй нарт Чингис хааны элчээр зарагдсан, черкес, алан, лезги, кипчакуудын нэгдсэн хүчийг задлан бутаргахаар кипчакуудтай нууц хэлэлцээр хийж, тэд нарыг Монголын талд оруулсан Чингис хааны элч тагнуулч Исмаил; Дамаск дахь Египетийн цэргийн гол бичээч, нэрт түүхч, Монголын туршуул аль-Макин б.аль Амид; Сирийн Айюбид дэглэмийн их сайд, Монголын туршуул Аз-Зайн аль Хафизи зэрэг олон хүнийг нэрлэж болох юм.

12. Чингис хаан болон Монголын бусад их хаад улс орныхоо дотоод аюулгүй байдалд байнга ихээхэн анхаардаг байжээ. Их Засаг хуульд "Хэн ч атугай хэрэв өшөрхөн сагсарч, олон хаадын сонгуульгүйгээр өөрийн эрх сүрд түшиглэн байж хаан суусан байвал түүнийг өчүүхэн ч хайр найргүй алж орхино” хэмээн хуульчилжээ. Уг хуульд бас төрийн нууц задруулсан этгээдэд "100 шийдэм хүнд шийдэмдэх” ял оноохоор заасан байна. Чингис хаан болон бусад хаад дотоод аюулгүй байдалдаа байнга анхаарч элдэв үймээн самуун төрийн эсрэг хуйвалдаан гарахаас сэргийлэх, түүнийг илрүүлж таслан зогсооход чиглэсэн сөрөх тагнуулын ажлыг тасралтгүй явуулдаг байсныг нотлох баримт цөөнгүй.

 

Мөнхийг хаан ширээнд 1251 онд суусны дараа Ширэмүн Нагу нар тэргүүтэй хуучин хан хөвгүүд хуйвалдаан зохион байгуулж, түүнийг дарахаар цэрэг удирдан ирж явсныг Мөнхийн шударга хүн Хишиг олж мэдээд Мөнх хаанд ирж мэдээлснээр Ширэмүн, Нагу нарыг өршөөн цөлж, хуйвалдаанд оролцсон Илжигдэй ноён нарын 70 гаруй хүнийг цаазалж байжээ.

 

Монголчууд эзэлсэн улс орондоо сөрөх тагнуулын ажлыг сайн зохион байгуулж байсны дотор элдэв бослого, хөдөлгөөн гарахаас урьдчилан сэргийлэх, илрүүлж таслан зогсоох арга хэмжээг чадварлаг явуулдаг байжээ. Жишээ нь, Гүржид хаан хүү Давидын санаачлагаар бослого гаргахаар цугларсан гүрж, арменчуудыг цаг тухайд нь мэдэж тэр дор нь хатуу ширүүн дарж, оролцогчдыг нь залхаан цээрлүүлсэн нь бий.

 

13. Их Монгол улсын хаад, жанжид тагнуулын арга ухааныг гарамгай эзэмшсэн тагнуулын ажлын хосгүй мастерууд байжээ.Тэд дэлхийн хагасыг эзэлж чадсаны нэг нууц нь бүхий л нөхцөл бололцоо, зам сувгийг гайхалтай соргогоор мэдрэн олж харж, уран нарийн арга ухаан хэрэглэн тагнуулын үйл ажиллагааг нэн чадварлаг явуулж, дайн, байлдаан эхлэхээс бүр өмнө эсрэг талаа алган дээрээ байгаа юм шиг бүх талаас нь нарийн судалж мэдсэн байдагт оршино. Оросын тагнуул судлаач С.Воронцов "Монголчууд нууц үйл ажиллагааны урьд байсан арга, хэлбэрийн агуулгыг Азийнханы заль мэх, итгэл алдуулах зэрэг явдлаар баяжуулж, тагнуул, сөрөх тагнуулын үйл ажиллагаа төлөвшин бүрдэхэд чухал хувь нэмэр оруулсан юм” гэсэн юм. Харин түүн дээр нэмж хэлэхэд, Чингис хаан, түүнийг залгамжлагчид дэлхийн хагасыг байлдан дагуулах явцдаа Монголын тагнуулын уламжлалыг эзэлсэн орнуудынхаа өвөрмөц нөхцөл байдалд зохицуулан тэдгээрийн тагнуулын арга ухаанаар улам баяжуулан ашигласнаар тэр үед болон урьд өмнө нь хаана ч байгаагүй шинэ өндөр дээд түвшинд гарган хөгжүүлсэн байна.

ТЕГ-ын Үндэсний тагнуулын академийн дэд захирал,  доктор, профессор М.Цогтоо