|

Дарханчууд шинэ оноо Найрамдал талбайд угтана

 Дарханчууд шинэ оноо Найрамдал талбайд угтана

 

Дархан-Уул аймгийн хэмжээнд жил бүр шинэ оноо угтаж олон ажлуудыг өрнүүлдэг билээ. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбатаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2016.12.14/ хуралдаж, Шинэ жилийг аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэлэлцлээ. Дархан-Уул аймгийн нэгдсэн шинэ жилийн арга хэмжээ болох "Мөнгөн өвөл” шинэ оноо угтах цэнгүүнийг "Залуучууд театр”-ын өмнөх төв талбайд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 цагаас үдшийн 00 цаг хүртэл тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Энэ үдэш аймгийн удирдлагууд Дарханчууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэхээс гадна Уран бүтээлчдийн тоглолтоор бэлэг барина. Түүнчлэн шинэ оноо угтах хүрээнд ААНБ-уудын бүтээсэн Мөсөн барималын шилдгүүдэд шагналыг гардуулах, тусгайлан бэлдсэн баярын салют буудах зэрэг арга хэмжээнүүд багтаж байна.

 

Өнөөдрийн байдлаар мөсөн гулгуур, мөсөн баримал хийх, зам талбайн цас мөсийг арилгах зэрэг ажлуудыг холбогдох байгууллагууд хийж эхлээд байгаа юм. Тодруулбал, ДДЦС ТӨХК нь 12 жилийн мөсөн баримал, аймгийн ОБГ-аас Мөсөн гулгуур хийх зэрэг хэд хэдэн газарт ААНБ-ууд мөсөөр бяцхан хотхонуудыг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа тухай аймгийн Захирагчийн албанаас мэдээллээ.

М.ГҮНЖИЛХАМ

darkhan.gov.mn