Дархан хотод "Солар Повер Интернешнл компани” Японы "Sharp” корпорац, "Shigemitsu shoji” компанитай хамтран 10 МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станц байгуулах томоохон бүтээн байгуулалтын ажлаа дуусгаад байна. Энэ цахилгаан станц 10 МВт-ын хүчин чадалтай, жилд 15.2 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн, төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлж, 14.746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлнэ гэдэг урьдчилсан тооцоо гаргасан байна.
Энэ станцад Япон улсын "Sharp” корпорацийн өндөр үзүүлэлттэй 32274 ширхэг нарны зай суурилуулж, хамгийн сүүлийн үеийн технологи, ноу-хоу, туршлагыг ашиглаж, нам болон өндөр хүчдэлийн цахилгаан тоноглол зэрэг бусад тоног төхөөрөмжийг ХБНГУ-ын СМА компани болон Швед улсын АВВ компаниас нийлүүлжээ. Монголын хамгийн анхны мега нарны станц туршилтын журмаар ажиллан, үйлдвэрлэсэн цахилгаанаа анх удаа Төвийн эрчим хүчний системд нийлүүлэх ёслолын ажиллагаанд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Зохицуулагч Э.Түвшинчулуун, Үнэ тарифын зохицуулалтын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ болон бусад мэргэжилтнүүд оролцжээ.
Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Монгол Улсын нарны анхны мега станцын үйл ажиллагааг эхлүүлж, эрчим хүчний хөгжлийн түүхэнд бас нэгэн шинэ хуудас нээж байгаадаа баяртай байна. Манай орон нарны эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нөөц баялагт тулгуурлан дотоод, гадаадын мэргэжлийн олон байгууллагууд нарны цахилгаан станц байгуулахаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлөө аваад ажиллаж байна. Нарны анхны станц хэр найдвартай, үр ашигтай ажиллахаас цаашид хэрэгжих олон төслийн хувь заяа хамаарна” гэлээ. Ийнхүү Монголын нар мөнгө болох эхлэл Дархан-Уул аймагт тавигдаж, нарны анхны том станц цахилгаан үйлдвэрлэж эхэллээ.