|

Хөрөнгийн биржийн захирал М.Болор “Дэнзэн №2” мөн үү

Хөрөнгийн биржийн захирал М.Болор “Дэнзэн №2” мөн үү

Хөрөнгийн биржийн захирал Д.Ангарыг ажлаас чөлөөлж оронд нь М.Болорыг томилсон. Энэ талаар Д.Ангар нүүр номдоо "Монголын хөрөнгийн биржийн анхдагч зах зээлийн арилжааг  зургаан сая төгрөг байсныг 10 тэрбум төгрөгт хүргэж ажлаа өглөө” хэмээн бичжээ.

Тэгвэл энэ амжилт нь Д.Ангарыг ажлаас чөлөөлөх шалтгаан болсон байж мэдэх юм. Харин түүний ажлыг авсан М.Болорын хувьд УИХ-ын гишүүн Н.Батбаярын охинтой гэрлээд гурван жил гаруйн нүүрийг үзэж байна. Гэхдээ зөвхөн хадам аав нь цорын ганц "татаас” нь биш. М.Болорын өөрийнх нь аав П.Мөнхсайхан "Капитрон” банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч бөгөөд өнгөрсөн долдугаар сарын 17-нд "Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Гүйцэтгэх захирлаар ажиллах нь компаний зохистой засаглалыг хэрэгжүүлэхэд нийцэхгүй тул” гэдэг шалтгаанаар ажлаа ТУЗ-ийн гишүүн О.Хүрэлбаатарт хүлээлгэн өгсөн байдаг.

М.Болор нь Монголбанкны хяналт шалгалтын газарт ажиллаж байгаад 2011 онд тодорхойгүй шалтгаанаар ажлаа өгч байжээ. Ямартай ч М.Болорыг банкны салбарт туршлагатай, чадвартай залуусын төлөөлөл мөн гэх боловч Хөрөнгийн биржийг удирдахын тухайд Д.Ангарын эхлүүлсэн ажлын үр дүнг эцсийг нь үзэх ёстой байсан. Энд улс төрийн хор гүйж, Д.Ангарын хийсэн ажлын үр дүн, амжилтыг угтан авч Н.Батбаяр гишүүний хүүд "бэлэглэчихлээ” гэлцэж байна. Үнэхээр ч гэм зэмгүй ажлаа хийж байсан залууг тодорхой шалтгаангүйгээр халаад дуртай тоглоомыг нь авч өгөх мэт үйл явдал өрнөсөн болохоор хоёрын хоёр нөлөө бүхий аавуудыг нь хардахаас яах билээ.

Ийнхүү  тал талын дэмжлэгтэйгээр улс төрд, албан тушаалд гэнэт "тавтай морилж” буй түүнийг "Дэнзэн №2” биш гэж үү хэмээн хардлага сэрдлэгийн сүүдэр тусгасаар байгаа юм. Д.Ангарын ажлыг хэрхэн үргэлжлүүлж, өөрийн гэсэн зам мөрөө хэрхэн тавихаас М.Болорыг эцгээр нь, эсвэл хадам эцгээр нь биш өөрөөр нь харах боломж нээгдэх биз ээ.

С.Мөнгөндөл


 
zaluu.com