|

Тавантолгойн гэрээний төсөл хаана явна

 
Л.НОМИН

2016 оны арванхоёрдугаар сарын сүүлчийн долоо хоногт УИХ-ын гишүүдийг Тавантолгойн гэрээний төсөлд ямар реакц үзүүлэх нь вэ гэж шалгаж үзсэн. Тэгтэл дэмжихээсээ илүүтэй шүүмжлүүлсэн учир МАН-ын бүлэг дээр явцыг нь танилцуулаад өнгөрсөн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-аар хэлэлцүүлэхээ амлалаа. Харин дөрөвдүгээр сараас төмөр замын ажил эхэлнэ гэж салбарын яам нь мэдэгдсэн болохоор үүнээс өмнө Тавантолгойн ордыг ашиглах тухай гэрээний төслийг бэлэн болгож, УИХ-д өргөн барих нь тодорхой боллоо. 
Гэвч ямархуу төсөл орж ирэхийг хэлэхэд эрт байна. Ямар ч байсан гишүүдийн хандлагыг харах гэж танилцуулсан хувилбарт 51 хувь нь Монголын тал, 49 хувь нь хөрөнгө оруулагч гэж тусгаж. Монголын талд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн оролцоог оруулж байгаа бол 49 хувьд Хятадын төрийн өмчийн "Шенхуа” компаниас өөр нэр яригдахгүй нь. Японы талаас "Сүмитомо” корпорац өмнөх гэрээний төсөлд орсончлон борлуулалт хэсэгт л хамаатай байх бололтой. Намрын чуулганаар амжиж хэлэлцэхгүй бол УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх тул хугацаа бага үлдэж байна.


Ж.Эрдэнэбат:  Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тавантолгойн асуудалд ямар байр суурьтай байгаагаа өнгөрсөн баасан гарагт илэрхийллээ. Тэрээр "Тавантолгой бол 100 жил ашиглагдахаар дэлхийд үнэлэгдсэн орд газар. Энэ орд газраа ямар нэг байдлаар Монголын ард түмний эрх ашигт нийцээгүйгээр шийдэхгүй. Тавантолгойн ордын 49 хувийг 400 сая ам.доллараар зарах гэж байна, ганц компанид өгөх гэж байна гэсэн мэдээлэл гарч байна. Эдгээр мэдээлэл ташаа гэдгийг мэдэгдье. Засгийн газар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг боловсруулсан санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлнэ” гэлээ. 

Өнгөрсөн оны төгсөлд Засгийн газрын байгуулсан ажлын хэсэг өмнө нь зарласан тендерт оролцсон компаниудтай уулзаж, саналыг нь сонссон. Тухайлбал, Монгол Улсын "Энержи Ресурс” ХХК, БНХАУ-ын "Чайна Шенхуа Энержи” компани, Япон улсын "Сумитомо” корпорацын төлөөлөлтэй уулзсан. 2010 онд зарлаж, 2014 онд болсон сонгон шалгаруулалтад тэнцсэн тус компаниудтай гэрээ хэлцэл эцэслэн байгуулаагүй. Гэрээний төсөл Монгол Улсын хуулийн дагуу шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээр Засгийн газарт буцааж, УИХ-ын тогтоолоор зарим үүрэг өгсөн. Гэхдээ энэ бол өмнөх УИХ, Засгийн газрын үед гарсан шийдвэр. 

Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар Тавантолгойн ордод очиж ажиллаад тэнд олборлолт хийж буй компаниудыг нэг үнийн бодлогоор нүүрсээ экспортлох үүрэг даалгавар өгөөд байгаа. Түүнийг нь гүйцэлдүүлэхээр Төрийн өмчийн "Эрдэнэс Тавантолгой”, хувийн хэвшлийн "Энержи Ресурс” ХХК-иуд хамтран ажиллахаар болсон. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой” ХК олборлолт хариуцаж, "Энержи Ресурс” ХХК нүүрсийг угаах болон борлуулахыг хариуцаж ажиллахаар тохиролцсон тухай мэдээлэл гараад буй. Тавантолгойн тендерт тус ордын найман тусгай зөвшөөрлийн дөрвийг нь хамруулахаар шийдсэн байдаг. Зөвхөн дөрвөн тусгай зөвшөөрөл хамаарах хэсгийн ордын нөөц гэхэд 2,2 тэрбум тонн.
З.Энхболд: Ард түмнээсээ асуухгүй шийдэх юм бол би шүүхэд хандана

Он солигдохын өмнөхөн УИХ дахь Монгол Ардын намын бүлэг Тавантолгойн төслийг хэлэлцээд Засгийн газарт буцаасан талаар Ардчилсан намын дарга З.Энхболд мэдэгдсэн юм. АН ямагт үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавина. Тавантолгойн орд ард түмний мэдэлд хэвээрээ байгаа. Санхүүгийн зохицуулах хороо "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг нийт ард иргэд эзэмшдэг учраас Компанийн тухай хуулийн дагуу ард иргэдээсээ саналыг нь авах ётсой. "Эрдэнэс Тавантолгой” компанийг хувьчлах гэж байгаа бол заавал хувьцаа эзэмшигдийн хурал хийнэ гэж дүгнэснийг хэлсэн. Ард түмнээс асуухгүйгээр шийдэх юм бол "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчийн хувиар МАН-ын Засгийн газрыг шүүхэд өгнө. Шүүх дээр би хувьцаа эзэмшигчийн хувьд ялна гэж байр сууриа илэрхийлсэн.  

Ч.Сайханбилэгийн Засгийн газар өргөн барьсан гэрээний төсөлд Монгол Улсад, Монголын иргэдэд ашиггүй байх хувилбарыг дэвшүүлсэн учир дэмжихгүй гэж тухайн үед УИХ-ын дэд дарга байсан М.Энхболд, Л.Цог, Р.Гончигдорж нар нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийлж байжээ. Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгт одоогийн парламентад гишүүн хэвээр үлдсэн Б.Чойжилсүрэн, Д.Сумъяабазар, О.Баасанхүү нар ажилласан. Гэрээний төсөлд хэд хэдэн зөрчил байгааг ажлын хэсэг тогтоож, улмаар 2012-2016 оны УИХ-ын 40 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан Тавантолгойн ордыг ашиглах тухай төсөл өргөн барьсан. УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй байсан. УИХ-ын дарга асан З.Энхболд сэтгүүлчдэд тайлбарлахдаа "УИХ-ын тухай хуулиар хуулийн төсөлд гарын үсэг зурсан өмнөх парламентын гишүүдийн 50-иас дээш хувь нь дараагийн парламентдаа сонгогдсон бол тухайн хуулийн төслийг хэлэлцдэг” гэв. Л.Эрдэнэчимэг нарын гишүүдийн санаачилж өргөн барьсан хуулийн төсөлд гарын үсэг зурсан гишүүдээс хэд нь улиран сонгогдсон бэ. Одоогийн УИХ-д О.Баасанхүү, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Д.Сумъяабазар, Д.Тэршбишдагва, Ч.Улаан, Б.Чойжилсүрэн, С.Эрдэнэ, Д.Сарангэрэл, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд нар ажиллаж байгаа ч хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн үг.  

Шинэ Засгийн газраас оруулж ирэх төсөл буцаагдсан хувилбараас ч илүү муу байсан тухай УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нарын өгсөн ярилцлагыг иш татсан юм.  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Засгийн газрын гэрээний төсөл хараахан бэлэн болоогүй гэсэн. Гэвч танилцуулсан гэрээ хэлэлцэл маш муу байсан. Улс өөрсдөө хайгуул хийж олсон ордын 51 хувьд оператор компани нэрээр гадаадын хөрөнгө оруулалттай компани оруулчихвал төрийн эзэмших хувь багасна. 49 хувийг БНХАУ-ын "Шенхуа”-д, 51 хувийг Монголын төр, аж ахуйн нэгжид гэж байгаа. Үүний 34 хувьд хувийн аж ахуйн нэгжийг оруулна. Монголын аж ахуйн нэгж гэдэгт гадаадын хөрөнгө оруулалттай компани хүртэл бий. Тэгэхээр Засгийн газар ердөө 17-хон хувийг эзэмшинэ гэсэн үг. "Энержи Ресурс”-ийн угаах үйлдвэр дөнгөж 50 гаруйхан хувийн гарцтай байдаг. Хятадад угаахад 85 хувийн гарцтай байсан шүү дээ. Хөрс хуулах ажлыг яагаад "Шенхуа” хийх ёстой юм. Төмөр замын гэхэд заавал 49 хувь биш 25-30 хувь байж болно шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь бий. Тэгэхээр Тавантолгойн гэрээний төсөлд хөрс хуулах, төмөр зам барих зэрэг Хятадын "Шенхуа”-гийн санал, нүүрс угаах "Энержи Ресурс”-ийн оролцоотой бол төрийн өмчийн "Эрдэнэс Тавантолгой”-д ямар үүрэг ногдсон нь сонирхол татна. Магадгүй бүр туслан гүйцэтгэгчээр оруулж ирсэн байхыг үгүйсгэхгүй. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Хамтын ажиллагааныхаа 22 жилийн хугацаанд /гэрээний хугацаа/ нэг тэрбум тонн нүүрс олборлох, түүнтэй холбоотой хөрөнгө оруулалт хийх, дэд бүтцээ барьж байгуулах тухай гэрээ хэлэлцээ хийж гэрээ байгуулна гэсэн үг. Дэд бүтэц гэдэгт нь төмөр зам, авто зам, уурхайн бүтээн байгуулалт, угаах үйлдвэрийг хэлж байгаа юм. Хятадын "Шенхуа” 49 хувьд, Монголын тал 51 хувьдаа төрийн болон хувийн өмчийн ямар аж ахуйн нэгж оруулахыг эцэслэх шийдээгүй. Монголын 30 орчим аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн гэж танилцуулсан. "Энержи Ресурс” компани өөрсдийн бий болгосон дэд бүтэц болон угаах үйлдвэрээ хөрөнгө оруулалт болгож оруулах хүсэлт тавьсан” гэж ярьжээ.

Хувийн хэвшлүүдээс Тавантолгойн ордын нэг хэсэг буюу Ухаахудагийн тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж буй "Энержи Ресурс” ХХК. Ухаахудагийн нөөц Тавантолгойн ордын нийт нөөцийн 5 хувь нь буюу 460 орчим сая тоннын нөөцтэй гэсэн үг юм. 2009 оноос хойш энд олборлолт хийж байгаа. Энэ хугацаандаа тээвэр хийхээр Гашуунсухайтын боомт хүртэл хатуу хучилттай автозам барьж 2011 онд ашиглалтад оруулсан. 2013 онд Засгийн газрын тогтоолын дагуу тус замыг "Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэн авч, төлбөрийг Зам төлбөр нь км/тонн тутамд 4,2 ам.доллар байсныг 1,25 болгосон байдаг. Бусад компаниудын хувьд тээвэр хийхэд төлбөр өндөр гэсэн санал гомдол их гарсан тулд улсад шилжүүлэн авсан юм. Улсад шилжүүлж авсан төлбөрийг Хөгжлийн банкнаас гаргасан. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын төсөлд 170 тэрбум 595,5 сая төгрөг "Говийн зам” ХХК-д шилжүүлсэн байна. Баяжуулах үйлдвэр нь 2013 онд бүрэн ашиглалтад орсон. 2011 онд ашиглалтад оруулсан цахилгаан станц нь 18 мегаваттын хүчин чадалтай, Цогтцэций сумыг цахилгаанаар хангадаг. Энэ бүгдийг хөрөнгө оруулалт хэмээн тооцуулахаар төсөлд саналаа хүргүүлсэн гэсэн үг юм.

 
Төмөр замд ганцхан хувилбар бий

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тавантолгойн төслийг төмөр замтай хамтад нь шийдэхээ нэгэнт мэдэгдсэн. "Шенхуа” компанийн сонирхол төмөр замын төслийг гүйцэтгэж, 49 хувийг эзэмших хүсэлтэй байгаа. Зам тээврийн хөгжлийн яамнаас энэ оны дөрөвдүгээр сараас төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэн 2018 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаа төлөвлөсөн. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ТЭЗҮ-ийг 2012 онд Австрали улсын "Ай Ком” компани 1520 мм-ийн буюу өргөн царигтай байхаар боловсруулж, барилгын ажлыг эхлүүлсэн. Гэвч 2014 онд УИХ-аас тус чиглэлийн болон өөр хэд хэдэн төмөр замын өргөнийг 1435 мм буюу нарийн байхаар шийдвэрлэсэн юм. Иймээс ТЭЗҮ-д өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа аж.   

2015 оны дөрөвдүгээр сард гэрээ хийхэд бэлэн болгоод байсан Тавантолгойн төсөлд тухайн үед "Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал байсан Д.Ганбат төмөр замын төслийг хамтад нь шийдэх буруу гэж бичгээр илэрхийлж байв. Д.Ганбат нь одоогийн Зам тээврийн хөгжлийн сайд. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ММС /Монголиан Майнинг Корпрэйшн/ "Шенхуа” компанийн хамтарсан консорциумд олгохыг дэмжихгүй. Уг шинэ төмөр замын төсөл, тусгай зөвшөөрлийг МТЗ компанид олгосон байтал өөр компаниудад өгөх нь Үндэсний аюулгүй байдлыг зөвлөмжүүд, Засгийн газрын хэд хэдэн тогтоол, холбогдох хуулиуд зөрчсөн гэж бичгээр мэдэгдсэн байдаг. 

Гэтэл Засгийн газрын ажлын хэсгийн түвшинд хэлэлцээрийн үндсэн нөхцөлүүдэд Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагч эзэмших, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн компанид Монголын талын 51 хувь, "Шенхуа Энержи” компани 49 хувь тус тус эзэмших санал өгчээ. Тэр дагуу нь ч төсөлд тусгаж буйгаа УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд танилцуулсан талаар нэр бүхий гишүүд хөндсөн. Салбарын сайд нь гэнэт л "Шенхуа”-гаас өөр энэ замыг барих компани байхгүйг ярьж эхэлсэн. МТЗ ТӨХК-ийн экс захирал Зам тээврийн хөгжлийн сайд болохоороо ингэж эрс өөрчлөгддөг бололтой. Юутай ч Тавантолгой-Гашуунсухайт  чиглэлийн хувьд шороо л овоолж барихаас өөрцгүй төмөр замын гол ажлууд нугарсан. Шинэ төмөр замын төслийг ТЭЗҮ-г нь өөрчлүүлээд ч болов үргэлжлүүлэхээр болж. Одоогоор ганцхан л хувилбартай. Тэр нь Хятадын төрийн өмчийн компани.
Эх сурвалж: www.assa.mn