|

20 насны зөрүүтэй хосод хамтын тэтгэвэр үйлчлэхгүй

 

 

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, батална. Хууль батлагдвал 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. УИХ-аас баталж байгаа дийлэнх хуулийг буцаж хэрэглэдэггүй бол Хамтын тэтгэврийн тухай хууль нь 2014 оны нэдүгээр сарын 1-нээс хойшх хугацаанд буцаан хэрэглэх боломжтой гэдгээрээ онцлог. Хууль буцаж үйлчлэхэд 9.8 тэрбум төгрөг шаардагдана гэсэн тооцоог гаргаад байгаа аж.

Энэ хуулийн гол үзэл санаа бол олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн гэр бүлийн гишүүнд буюу түүнийг амьдрах хугацаанд нь тэтгэвэр нь тодорхой хэмжээгээр давхар олгогдох юм. Ингэснээр тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэхээс эхлээд олон талын ач холбогдолтойг хууль санаачлагчид хэлж байгаа. Гэхдээ энэ хууль тэтгэврийн насны бүх хүн хамрагдах боломжтой гэж ойлгож болохгүй. Хамтын тэтгэвэрт хамрагдахгүй байх хэд хэдэн нөхцлийг хуульд заажээ. Тухайлбал, хүнтэй суугаагүй боловч тэтгэвэр тогтоолгосон, насны хэт зөрүүтэй боловч хуульд заасан зарим шаардлагыг хангаж байгаа, улсад ажил хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэд хуульд хамрагдахгүй нь. Тодруулбал, Хамтын тэтгэврийн тухай хуулийн

3.3.1. Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө хамгийн багадаа 15 буюу түүнээс дээш жил нэг гэрт хамтран амьдрахдаа гэр бүлээ баталгаажуулаагүй

3.3.2. Гэр бүлийн ба­т­ал­гаатай мөртлөө тус тусдаа амьдардаг эхнэр, нөхөр

3.3.3. 20 ба түүнээс дээш насны зөрүүтэй, дахин гэр бүл болж хамт амьдарсан бол хуульд хамрагдахгүй байхаар заажээ.

Харин гэр бүлийн хоёр 15 жил хамт амьдарсан байвал энэ төрлийн тэт­гэвэрт хамрагдах боломж нээгдэх юм байна. Үүний зэрэгцээ нийгмийн даат­галын шимтэл төлсөн байх тодорхой шалгуурыг хуульд цаг хугацаагаар нь тодорхой заажээ. Мөн хуулийн 3.2-т "Гэр бүл болсноос хойш эхнэр, нөхөр хоёулаа тус бүр 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимт­гэл төлсөн, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө хамгийн багадаа 15 буюу түүнээс дээш жил нэг гэрт амьдарч, гэр бүлээ баталгаажуулсан эхнэр, нөхөр хамаарна” гэжээ. Тэгэхээр 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, эхнэр, нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь нөхөр буюу эхнэрийнхээ тэтгэврийг үргэлжлүүлэн авах боломжтой болох юм. Хамтын тэтгэвэр авах эрх үүссэн буюу "Тэтгэврийн хамтын эрхийн гэрчилгээ” олгогдсон иргэнд гэр бүлийн гишүүний амьд сэрүүн байх үедээ авч байсан тэтгэврийнх нь хамгийн багадаа 20, дээд тал нь 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг олгохоор хэлэлцүүлгийн шатанд ярьж байгаа.Мөн хамтын тэтгэвэр авах эрх үүссэн иргэнд олгох тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны баталгаажих доод төвшин, үнэ ханшийн өөрчлөлттэй уялдуулан Засгийн газар жил бүр тогтоохоор болж байгаа. Хэрэв Засгийн газраас хамтын тэтгэврийн хэмжээг 20 хувиар тогтоовол жилд найман тэрбум орчим төгрөгийн зардал гарна. Харин 70 хувиар тогтоовол жилдээ 70 тэрбум төгрөгийн зар­дал гарна гэсэн тооцоог хийжээ. Хамтын тэтгэвэр авах эрхийг эдлэх иргэн нь эрэгтэй 60, эмэгтэй 55 насанд хүрсэн байх шалгууртай.Одоогоор манайд 310 мянган ир­гэн тэтгэвэр авдаг гэ­сэн судалгаа бий. Хэрэв хууль хэрэгжээд эхэлбэл хамтын тэтгэвэрт хам­раг­дах боломжтой 76 мянган иргэн байна гэсэн урьдчилсан тоог гаргажээ. Түүнчлэн хамтын тэт­гэврийн хэмжээг Засгийн газар жил бүр тогтоож байхаар тусгасан байна.

Тухайн иргэн хамтын тэтгэвэрт хамрагдах хү­сэлтээ гаргаж, хүсэлтийнх нь дагуу бичиг баримтын бүрдүүлэлт хангагдаж "Тэтгэврийн давхар эрхийн гэрчилгээ”-г ол­гоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн хүсэлт гаргасан иргэнд давхар тэтгэвэр олгогдож эхлэх юм. "Тэтгэврийн давхар эрхийн гэрчилгээ”-г өөр хүмүүст худалдах, бэлэглэх, барьцаалах, гэрээслэхийг хоригложээ.

Д.Гэрэлцэцэг

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин