|

Шарын гол, Хонгор сумын алслагдсан малчин өрхөд тусламж хүргэлээ

Шарын гол, Хонгор сумын алслагдсан малчин өрхөд тусламж хүргэлээ

 

Аймгийн нийт нутгаар битүү цасан бүрхүүл тогтож, хөдөө аж ахуйн цаг агаарын байдал сөргөөр нөлөөлж, өвөлжилт хүндрэх төлөвтэй болж байгаатай холбогдуулан аймгийн удирдлагууд 4-н ажлын хэсэгт хуваагдан малчдаар явж эхэлсэн. 

Аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг Хонгор сум, Шарын гол сумын алслагдсан малчин өрхөөр 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн орж цаг үеийн байдалтай газар дээр нь танилцсан юм. Малын бэлчээрийн цасан бүрхүүлийн зузаан, нягт тодорхойлох, малчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, малчдад зарим нэгэн шаардлагатай эд зүйлсийн дэмжлэгийг энэ үеэр өгч малчин, мал бүхий иргэдийн санал хүсэлтийг сонслоо. 

1 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд цаг агаар огцом хүйтэрч, хүчтэй шуурсны улмаас цас хунгарлаж, хатуурсанаас шалтгаалан зам даваа хаагдсан, хүн хүч муутайгаас шалтгаалан хадлан бага авч өнөөдөр өвсөө дуусч байгаа талаар малчид хэлж байсан юм. 2016 оны 11 дүгээр сарын 20,21-нд аймгийн удирдлагууд 4-н сумынхаа алслагдсан малчин өрхүүдээр явж өвөлжилтийн байдалтай танилцан зарим тусламжийг өгч байсан. Энэ жилийн тухайд 2 дахь удаагаа ийнхүү аймгийн удирдлагууд 4-н ажлын хэсэгт хуваагдан алслагдсан малчин өрхүүдээрээ явж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. 

2016 оны 12 дугаар сард Хонгор суманд гарсан малын цэцэг өвчний талаар малчид нэлээдгүй сонирхож хариултаа авсан юм. Цаашид малчид өөр аймаг сумаас мал авчрахгүй байх хэрэгтэйг ч ХХААГ-ын мэргэжилтэн зөвлөлөө. Алслагдсан хэсэгт өвөлжиж байгаа малчин өрхүүд тэр бүр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжтой байдаг. Тийм учраас энэ удаагийн ажлын хэсэгт Нэгдсэн эмнэлгийн Түргэн тусламжийн тасгийн эрхлэгч багтаж малчдад үзлэг хийн яаралтай тусламжийг хүргэсэн юм. Нийтдээ мал бүхий өрхийн нийт 40 гаруй иргэдэд анхан шатны тусламжийг үзүүлж заавар зөвлөгөө өгч ажиллажээ. 

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 2 дахь өдрөө буюу 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдөр Шарын гол сумын Шар хөтөл, Буянт, Нарийн жалга, Ар хавчуу, Булагт, гээд нийт 7-н чиглэлд 54 малчин өрхөөр орж хандивын элгэвч нэмнээ, өвс, тэжээл, нүүрсийг үнэ төлбөргүй малчдад тараасан юм. 

2 өдрийн хугацаанд нийт Хонгор, Шарын гол сумын алслагдсан цэгт амьдарч байгаа 87 өрхөд нийтдээ 160 боодол өвс, 254 шуудай хивэг, 240 шуудай нүүрс, 200 ширхэг элгэвч, нэмнээ, эмийн сангуудын "Эм холбоо”-ноос хандивласан 15 багц анхан шатны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм хэрэгслийг малчдад хүргэсэн байна. Улсын нөөцөөс тодорхой хэмжээний өвсийг үнэ төлбөргүй, тэжээлийг 50 хувийн хямдралтай олгох шийдвэрийг улсын онцгой комиссоос гаргасан бөгөөд малчид өөрсдөө өвс тэжээлээ авах боломжтой юм байна. Мөн энэ сарын 5-наас эхлэн Хүнс хөдөө аж ахуйн газраас холбогдох мэргэжилтэн, малын эмч нар малчдаар явж малыг вакцинжуулахаар болжээ. 

Цаашид малчидруу чиглэсэн хандив тусламж, алслагдсан, хүн хүч муутай малчдад туслах ажлыг өрнүүлэхээр боллоо.