|

Д.Ухаанзаяа: Hарнаас энерги авах нь зөв боловч үйлдэл нь буруу байна

 

"Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяатай ярилцлаа.
 
-Сар шинийн баяр болох гээд хүн бүхэн завгүй явна.  Ер нь Цагаан сарыг бид хэрхэн тэмдэглэх ёстой юм бэ?
 
-Ахмад настнаа хүндэтгэж, хамаатан садантайгаа ураг төрлийн холбоогоо батжуулах Монголын уламжлалт баяр ойртож байна.  Би Цагаан сар, наадам хоёрт ихэд ач холбогдол өгдөг. Энэ баярууд бидэнд монгол хүн гэдгийг сануулж, ухааруулж, омогшуулдаг.  Тэр л сэтгэлээр сар шинэдээ бэлдэж байна даа.
 
-Сүүлийн үед Сар шинийн өдрүүдэд нар харах, байгаль дэлхийтэйгээ ойр байхыг хүмүүс эрмэлздэг болж.  Та ямар бодолтой байна вэ?
 
-Нар харах ёслолыг зан үйлийнх нь дагуу тэмдэглэвэл сайн энергитэй, зөв зүйл. Сүүлийн жилүүдэд нар харахаар явж байгаа хүмүүс утга учиргүй, замбараагүй  үйлдэл хийж байна.  Архи, сүү өргөдөг, мөнгө тавьж,  уухайлж бахирдаг буруу л даа. Мандах нарнаас  энерги авч байгаа санаа нь зөв боловч зан үйл нь буруу байгаа юм.
 
Нарны бурхан гэж бий. Бурханыхаа дүр , хөргийг залаад сан тахилга, ерөөл магтаалыг нь хэлээд  ёс журмынх нь дагуу хийж хэвшвэл нарнаас сайн сайхан энерги авах боломжтой. Мөн шинийн 1-ний өглөө овоон дээр гардаг уламжлалтай. Үүнийгээ ч монголчууд буруу үйлддэг. Би үүнтэй холбогдуулан "Хийморь арван гурав” лекцээ өнгөрсөн Цагаан сараар уншиж байсан. Овоон дээр мөнгөн тэмдэгт, цаастай чихэр, элдэв зүйл өргөх нь буруу юм. Арц хүж, уугиулж арвай будаа, боов боорцог, сүү цагаан идээ,рашаан  өргөх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл амьтан, шувуу шууд идэх боломжтой идээ ундааны зүйлс гэсэн үг.  Тэгэхээр бид уламжлалаа утгаар нь л авч явах ёстой юм. Тэгэхгүй утгаа алдвал энэ нь хүнд буян болохоосоо илүү эргээд гай барцад болох нь бий.
 
-Залуу гэр бүл Цагаан сарыг тэмдэглэхдээ юуг анхаарах вэ. Мөн сар шинийн баярыг аархалын баяр боллоо гэх нь бий. Та санал нийлэх үү?
 
-Санал нийлж байна.  Сар шинийн баяр бол бие биедээ эд хөрөнгөөрөө гайхуулах баяр биш шүү дээ.  Өнөө үед тийм өнгө аяс ажиглагдаж байна. Залуу гэр бүл цагаан сарыг аархаж, баярхаж тэмдэглэдэг боллоо. Хөгшчүүдээсээ илүү есөн үе идээ өрчихсөн, мундаг том ууц тавьчихсан, толгойноосоо том хөөрөг бариад сууж байгаа хүмүүсийг хараад би гутардаг.   Энэ нь бие биенээсээ илүү гарах гэсэн атаа чөтөө, хар санааг хүнд бий болгоод байна.
 
Тэгэхээр цагаан сарын утга учир үгүй болж байна.   Иймэрхүү хавтгайрсан замбараагүй байдалтай монгол түмний баярыг тэмдэглэдэг болжээ. Өөрийн эцгийг амьд байх үед хүүхэд нь идээгээ гурваар өрдөг уламжлалтай.  Аавынхаа дэргэд ес, таван үеийн идээ өрчихөөд сууж байгаа хүн аавыгаа хүндлэхгүй байна.  Аавыгаа хурдан үхээсэй гэсэн утгыг цаанаа илтгээд байна шүү дээ. Гэтэл харамсалтай нь үүнийгээ  өөрөө ч мэдэхгүй байх жишээтэй. Үнэн хэрэгтээ хэн ямар эд хөрөнгөтэйгөөр илүүрхэх бус, энэ баярын уламжлалт ёс заншил ямар вэ гэдгийг л  ойлгож тэмдэглэх хэрэгтэй.
 
-Та шинийн 1-нийг хэрхэн угтдаг вэ. Бурхан шашинтай ойр байдаг учраас биднээс арай л өөр байх даа?
 
-Сар шинийн өдрүүдэд буян хураахыг хүснэ. Битүүний өдөр Төв ганданд очиж хуралд оролцон даган баясдаг. Мөн өөрийн хийд дээрээ битүүний урьд өдөр хүмүүст буян үйлдэж засал ном хийдэг.  Тэгээд шинийн 1-ний өглөө Төв айм­гийн Борнуур суманд байр­ладаг "Аглаг бүтээ­лийн хийд”-д  очиж номын багш Г.Пүрэвбатдаа золгоно. 
 
-Хамгийн түрүүнд аав ээждээ золгодог байх гэж бодож байлаа?
 
-Бурханы аравнай хүртсэн хүний хувьд багш ямагт хамгийн түрүүнд байдаг.
 
Багш дор мөргөе Бурхан дор мөргөе Ном дор мөргөе гэсний дагуу багшаа дээдэлдэг. Багшгүйгээр дээдийн номыг ойлгохгүй байсан. Тиймээс бурханы номтой холбож, сургаал номлолоо хайрласан багшаа хүндэлж юун түрүүн очиж золгодог заншилтай. Харин шинийн 2-ноос аав ээжтэйгээ золгоно. Мөн миний шавь нар над дээр ирж золгодог.
 
-Та хэр олон шавьтай болж байна вэ?
 
-Хадаг барьж ирсэн шавь нар цөөнгүй байна. Багш гэж хүндэлж явдаг хүн ч олон бий. Тэд миний сургаал номыг уншиж сонсдог учир хүндлэлийг нь хүлээж авах нь миний хувьд их хариуцлага юм даа.
 
-Ер нь Г.Пүрэвбат лам та хоёрын багш шавийн барилдлага хэзээнээс эхэлсэн юм бэ?
 
-Дөнгөж ургаж  эхлэж байгаа цэцгийг услаж тэтгэвэл маш гоё цэцэг ургана. Багшийнхаа аварлаар би тэгж цэцэглэж чадсан. 1994 оноос Урлахуйн ухааны сургуульд суралцаж эхэлсэн байдаг. Тэр үеэс л олон сайхан багштай болсон. Зураг зурах суурийг маань  Батбаяр багш маань тавьсан. Намайг дэмжиж урам өгч уралдаан тэмцээнд оруулж дөрөвдүгээр ангидаа анхны үзэсгэлэнгээ гаргахад минь хүртэл дэмжиж байлаа.
 
Түүний дараа Г.Пүрэвбат багштайгаа учирсан даа. Бурханы зураг энгийн зурагнаас дүрэм журам, өнгө, зураас,татлага гээд бүхий л талаараа ялгаатай. Их олон зүйлс давхцаж зав чөлөө гардаггүй байсан. Зураг зурна, төвд ном цээжилнэ, угсаатан зүйн даалгавар, орчуулгын даалгавар зэрэг олон хичээлээ амжуулах гэж нойр, хоолгүй олон өдрийг өнгөрөөсөн. Миний бие даваад гардаг л юм бол бүгдийг нь хийнэ гэж хичээдэг байсан.  Тэгээд сэтгэлийнхээ тэнхээгээр даваад гарсан. Нойргүй, хоолгүй явсаар ухаан алдаж унаж хүртэл байлаа.  Гэхдээ хүн үхдэггүй юм билээ.
 
-Бурхан зурна гэдэг цаанаа л нэг увидаслаг байна биз?
 
-Тийм шүү. Бурханы зургийг хүн бүр зурж чадахгүй, сэтгэлгээ чухал. Ариусаагүй сэтгэл дотор юу ч бодогдож болно. Тиймээс бурхан зурж байгаа хүний сэтгэл ариун байх учиртай.  Хэрэв сэтгэл ариун биш бол замбараагүй дүр, дүрслэл гарч эргээд сөрөг нөлөөллөө хүнд үзүүлэх аюултай. Өнгө, дүрс, нэг зураас хүртэл бурханы зурагт утга учиртай. Жишээ нь, таван өнгөнөөс илүү өнгө холивол бузартана гэж үздэг. Зарим хүн бурханы зураг бол баригдмал урлаг ч гэж ярьдаг.
 
Үүнтэй санал нийлдэггүй.  Би монгол зургийн  амин сүнс нь бурханы зураг гэж боддог.  Энэ тухай ч олон газар, уран бүтээлчдэд санал бодлоо хүргэсээр ирсэн. Бидний өвөг дээдэс бурхан зургийг урлаад бүтээгээд үлдээчихсэн. Үүнээс бид суралцаж морь, мал, хүн, газар нутаг, уул усаа яаж зурах уу гээд арга ажиллагаа гарч ирсэн болов уу. Үүнтэй санал нийлдэг  уран бүтээлч, зураачид бий.  Хоёр хэсэг болчихоод яг тогтсон үзэл баримтлал одоогоор алга байна. 
 
-Таныг эхлээд бурханч лам Г.Пүрэвбатын шавь гэдгээр чинь хүмүүс хүлээн авдаг байлаа.  Харин одоо бурхан урлаач Д.Ухаанзаяа гэдэг болсон. Бие даан сургаал номлолоо олон түмэнд хүргэхэд багш тань юу гэж захидаг байв?
 
-Анх "TV9” телевизээр 108-н  цуврал лекц ард түмэндээ хүргэсэн. Цуврал лекцээ хоёр жил гаруй явуулсан. Үүнээс хойш миний хувийн орон зай үүсч эхэлсэн гэж ойлгож болно. Багшийн яриа, миний яриа хоёр хоорондоо төстэй боловч жаахан   ялгаатай зүйл бий. Буддын ном сургаалыг энгийн судлаач хүн ярих,  лам хүн ярих тэс өөр юм. Энгийн хүнээс, хүн эргэлзэж буй зүйлээ санаа зовохгүйгээр асуудаг бол лам хүнээс тэр бүр асуугаад байдаггүй. Тиймээс багшийнхаа үргэлжлэл болж сургаал номлолыг нь дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж лекц уншиж байна. Багш минь намайг дэмждэг. Анх "TV9” телевизээр лекц уншиж эхлэхээсээ өмнө багшаасаа асуухад "Юм ярина, бусдад зөвлөнө гэдэг өөрийгөө маш ихээр хөг­жүүлж буй хэрэг. Мөн буян­тай сайхан үйлс” хэ­мээн зөвшөөрөл өгч байлаа. 
 
-Таны сургаал ном багшийнхаасаа ялгаатай гэлээ. Та ямар утгаар нь хэлсэн бэ?
 
-Би танин мэдэхүйн сэтгэлгээгээр энгийн зүйл дээр жишээ дурьдан олонд аль болох ойлгомжтойгоор ярихыг зорьж байна. Би  багшийнхаа номыг хуулбарлаж ярьдаггүй. Мөн аливаа зүйлд мухар сүсгийн төвшинд ханддаггүй. Хүнд аливаа зүйлийг ойлгуулна гэдэг өөрөө ярьж байгаа зүйлээсээ хэдэн зуу дахин илүү уншиж судалсан байх шаардлагатай. Монгол тү­мэн ухаантай ард тү­мэн. Буруу зөрүү зүйл яри­вал нэг сонсох ч ахиад тө­дий­лөн анхаарахгүй шүү дээ.
 
-Таны лекц их сонир­хол­той амьдралд ойр бай­даг.  Түүнтэй адил зураг­нууд тань бурханы шаш­ныг илтгэх атлаа их энгийн ухаарал хайрласан харагдаж байна. Өөрийн бүтээсэн бурханы зургаараа үзэсгэлэн гаргах бодол байна уу?
 
-Надад  заяасан авьяас бол бурхан зурах юм. Зарим хүн нэг өдрийг өнгөрөөх гэж үйл тамаа үзэж байна. Миний хувьд нэг өдөр ч хайран байна. Ном бичиж орчуулах, зовсон, гутарсан хүнд туслах, лекц унших, засал хийх гээд олон ажил нэг өдөрт багтдаггүй. Уг нь миний чин хүсэл зураг зурах юм шүү дээ.  Гэхдээ ажилчдынхаа цалин, түрээс, хувийн хэрэгцээний мөнгө зэргийг олоход бүхий л ажлуудаа амжуулах шаардлагатай болдог. Зургаа  зурах уу, ашиг орлого олж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах уу гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм. Гэхдээ би өөрөө өөртөө зав гаргаж чөлөөлөхгүй бол хэн ч миний өмнөөс шийдэхгүй. Жилдээ нэг удаа лекцээ уншаад, хүнд өвчин, зовлонтой хүмүүсийг хүлээн авч уулзаад үлдсэн цаг хугацааг зураг, бүтээлдээ зарцуулна гэж төлөвлөсөн. Урлангийнхаа өрөөг ч бэлтгэж байгаа.  Тэгэхээр хэзээ нэгэн цагт бүтээлүүдээ олондоо хүргэх нь тодорхой.
 
-Энэ олон ажлуудыг амжуулна гэдэг амаргүй.  Сэтгэл санаагаа хэзээ нь амрааж өөртөө цаг гаргадаг вэ?
 
-Тийм цаг байхгүй дээ. Өдөржин ажил буцалж өнжинө.  Шөнө нь өдөр болсон зүйлээ, бүтээлүүдийнхээ талаар бодож хононо.  Надад хандаж байгаа хүмүүс зурхайч, сэтгэлзүйч, бурхан урлаач Д.Ухаанзаяа мөн үү гэж ярьдаг. Аль аль нь надад таалагддаг.  Тэднээс би эргээд эрч хүчийг авна. Тэр хүний итгэл, надад хандаж байгаа хандлага нь  сайхан. Олны танил эрхмүүд, энгийн ард олон ч бий. Тэдгээр хүний  хувийн асуудлыг би олонд дэлгээд байвал утгагүй. Ахин тэр хүн надад итгэхгүй. Буддын шашны ам тангараг авсан хүн хэзээ ч бусдын нууцыг ярьдаггүй хадгалж явдаг байх учиртай. Тийм учраас бүх зүйл итгэлцэл дээр явагддаг.
 
-Сүүлийн үед цахим ертөнц хүмүүсийн дунд хүчээ авч байна. Бурханы зураг шейрлээд л буян хураана, эд мөнгөтэй болно гэсэн зүйлүүд ажиглагддаг.  Та энэ талаар юу хэлэх вэ ?
 
-Би саяхнаас фэйсбүүк ашигладаг болсон. Лекцийн цаг товлох, олон хүнд түүнийгээ хүргэх зэрэг ажлын шугамаар ашигладаг. Дэмий тэнэх элдвийг сонирхох цаг зав байдаггүй. Ажлаас бусад тохиолдолд ашиглах дургүй л дээ. Facebook хүний цаг завыг бардаг, дур зоргоор санал бодлоо илэрхийлдэг талбар болж хувирч байна. Хэн ч, хэнийгээ гутаан доромжилж эсвэл  буруу үзэл сурталчлах нь олширч байна.
 
Бурханы зураг, мөнгө цаасны зураг хаа хамаагүй шэйрлэдэг.  Энэ буруу л даа. Ялангуяа тэр зураг нь буруу зураг явж байдаг. Бурханаараа хамаагүй тэгж тоглох нь тэр хүнд буян болохгүй, харин ч эргээд гай барцад болох нь бий. Тиймээс энэ тал дээр анхаараарай гэж хэлмээр байна.  Мөн  фэйсбүүкийг чалчаа үгийн хамгийн том талбар гэж дүгнэдэг. Ямар ч зорилгогүй цаг заваа гарган суудаг, ихийг хийж бүтээх өөрийгөө хөгжүүлэх цагаа ямар ч ашиггүй тэнд өнгөрүүлж байгаа нь эмгэнэлтэй. Ялангуяа залуучууд өөрийгөө олох, авьяасаа нээхэд цаг гаргах хэрэгтэй.
 
-Та жил бүрийн Цагаан сарын үеэр лекц уншаад хэвшчихлээ. Энэ жилийнх шинийн 6-нд болох юм байна. Энэ тухайгаа ярихгүй юу ?
 
-Би уламжлал болгон жилдээ нэг удаа олныг хамарсан лекцээ толилуулж байхаар тогтсон. Өмнөх лекцэнд Бөхийн өргөө дүүрч, гадаа нь 300-400 хүн үлдэж байсан. Орон нутгаас олон хүн зориод ирсэн байлаа. Монгол хүн зөв гэж итгэсэн зүйлдээ сэтгэл гаргаж чаддаг нь харагдсан. Үрийн буян, ханийн тэнгэр, ханиа сонгох гэхчлэн амьдралд тулгамдсан олон асуудалд хариулт өгөхийг зорьдог. Жишээ нь, монгол эмэгтэйчүүд үрийн заяагаа өөрсдөө гомдоодог. Нэг бүсгүй надад хандаж байсан. Оюутан байхаасаа хойш таван удаа аборт хийлгэсэн байсан. Эмэгтэй хүн нэг л удаа үр хөндүүлэхэд үрийн заяа гомддог. Үр хөндөлтийг хэзээ ч хийж болохгүй үйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ удаагийн лекц маань сэтгэлийн хирээ угаая, сэтгэлээ ариусгая гэсэн агуулгатай.
 
Монголчууд ядуу амьдрах учиргүй, гэвч бид ядуу байна. Шалтгаан нь мэдээж төрийн эрхмүүдтэй холбоотой ч олон түмний сэтгэлзүй, бохирдсон учир муу муухай оршиж байна. Мөн ус чандмань эрдэнэ хэмээн усны үнэ цэнийн тухай ярина. Мэдээж дараагаар нь буян хийж, өглөгийн сэтгэлээ нээх, атаа хорслоо арилгах зан үйл хийнэ. Өнөө үед гэрийнхээ хойморьт энгийн хятад бурхан залах бус утга учиртай зөв бурханаа залах нь чухал. Буруу бурхан тахиж шүтсэнээс гэр оронд хэрүүл тэмцэл, хэл ам салдаггүй гэж үздэг.  Энэ мэтчилэн олон зүйлийг шинийн 6-нд болох лекцээрээ өгүүлэх болно.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин