|

Л.Эрхэмбаяр: Огцрох, огцрохгүй нь Ч.Сайханбилэгээс өөрөөс нь шалтгаална

Л.Эрхэмбаяр: Огцрох, огцрохгүй нь Ч.Сайханбилэгээс өөрөөс нь шалтгаална

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Таныг одоо ерөнхий нарийн бичгийн дарга гэх үү, үүрэг гүйцэтгэгч гэх үү?

-Ерөнхий нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгч гэж яваа.

-Жинхлэх үү?

-Жинхлэх эсэхийг Үндэсний зөвлөлдөх хорооны олонхи л мэднэ.

- ҮЗХ-ноос сонгогддог албан тушаалд таныг үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь намын дарга З.Энхболдын сонголт уу, эсвэл фракцуудын тохироо юу?

-Сүүлийн жилүүдэд манай намын дарга нь "Алтан гадас”-аас байхад генсек нь МҮДН юмуу, МоАХ-оос байж ирсэн. Сая намайг тэр зарчмаар, МоАХ-оос санал болгосон. Намын даргын сонголт ч бас нөлөөлсөн л дөө.

-Та уг нь "Алтан гадас” фракцынх биз дээ?

-Тийм байсан. 2000 оноос хойш Н.Алтанхуяг даргатай нэг баг болж явсан. 2012 оны УИХ-ын сонгуулиар, манай тойрогт болсон хоёр дахь санал хураалтын дараа нэг асуудал гарсан л даа.

-Нууц биш бол ямар…?

-Манайхан намайг мэднэ дээ. Би бол зарчимдаа үнэнчээр зүтгэдэг, урагшаа явдаг зантай хүн. Гэтэл 2012 оны сонгуулийн дараа нэг л биш болоод явчихсан.Хувь хүний амьдралд, улс төрийн амьдралд олон саад, бэрхшээл, үл ойлголцол гарна л даа. Би энд хувь хүний тухай ярихгүй. Хэрвээ хувь хүн ярина гэвэл төгс төгөлдөр хүнийг олохгүй. Ямарч өөгүй, үргэлж өөрийнх нь санаанд таардаг, эрх ашигт нь үйлчилдэг тийм хүнийг хайж олно гэж байхгүй. Тэрийг би ойлгоно, мэднэ. Тийм учраас би хувь хүний ноён нуруу, зарчимтай нь нөхөрлөдөг. Тэр өнцгөөс харахад 2012 оны сонгуулиар, манай тойрогт Д.Сумъяабазар бид хоёрын дундхоёр дахь санал хураалт болох гэж байхад ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг шиг юм болчихсон. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд улстөрд, ялангуяа манай намд ямар нэгэн фракцгүй хүн хол биш юмаа гэхэд урагшаа нэг их явдаггүй. 

-Танай намын нэг гишүүний хэлснээр Р.Амаржаргал гишүүн шиг төвийг сахиад, бас Р.Амаржаргал гишүүн шиг амжилтад хүрдэггүй гэж үү?

-Р.Амаржаргал гишүүн төвийг сахидаг үгүйг, бас амжилтад хүрсэн хүрээгүйг би тодорхойлохгүй л дээ. Ерөнхийдөө л төвийг сахиж, улс төрийн болон үзэл бодлын эрсдэлгүйгээр улс төрд урагшаа явдаггүй л гэж байна.

-Та ялагдлаа хүлээн зөвшөөрч хэвлэлийн хурлаар Д.Сумьяабазарт баяр хүргэж байсныг санаж байна. Гэтэл үүний цаана, сэтгэлдээ "юм”-тай үлдсэн учраас л "Алтан гадас”-аас гарсан байх нь. Тэрийгээ хэлж болохгүй юу л гэж асуугаад байна. Яагаад вэ?

-Ялалт, ялагдлын тухайд ярих юм бол байхгүй, ялагдсан. Ялагдлынхаа төлөө хэн нэгэн хүнд гомдох, туних асуудал надад байхгүй. Харин "Алтан гадас”-аас гарсан гэх үү, орхисон гэх үү, мэдэхгүй байна. Ямарч гэсэн тэр санал хураалтын дараа ч би Эрхэмбаяр гэдэг хувь хүний ноён нуруу, улс төрийн зарчимтайгаа үлдсэн. Тэгээд би тэр "хуучин дээл”-тэйгээ МоАХ фракц руу орсон.  Юу болсныг чи ухаж асуугаад, би бултаж зугтаад байх нууц юм энд байхгүй ээ. Хүний сав хоосон буцаадаггүй монгол зангаар асуултыг чинь хариултгүй үлдээхгүйн тулд зарчмын нэг л юм хэлье. Хоёр дахь санал хураалт болохын өмнө МАН-ынхан Д.Сумьяабазарыг тухайн үеийн миний намын албан тушаалтай дүйцүүлж дүүргийн Ардын намын даргаар томилсон. Улмаар нийслэлийг хариуцсан МАН-ын нарийн бичгийн дарга болгосон. Гэтэл манайхан санал хураалтын өмнө Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын албан тушаалыг надаас авсан. Хамгийн гол нь АН-ын дүрмийн бус аргаар, хулгайгаар авсан. Тэр үед манай "Алтан гадас”-ын тэргүүн маань АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд байлаа. Одоо дараагийн сонгууль бараг болох гэж байхад энэ сэдэв бусдад тийм сонин биш байх аа. Намын л дотоод асуудал.

-Таныг МоАХ-ын квотоор намын генсек болгосон нь З.Энхболд даргын "АН фракцгүй нам боллоо” гэх мэдэгдлээс өмнөх үйл явдал уу?

-Тэгж ойлгож болно, өмнө болсон.

-Тэгвэл одоо таныг ҮЗХ-гоор жинхлэх асуудал ярихад хүрвэл генсек нь МоАХ-оос байх энэ зарчим хадгалагдах уу?

-Намын ерөнхий нарийн бичгийн дарга бол намын "гал тогоо”.Айлаар аав нь намын дарга гэвэл ээж нь ерөнхий нарийн бичгийн дарга. Айлын ээж хүүхдүүдээ энэ нь тийм, тэр нь ийм гэж ялгаад, зэрэг зиндаа тогтоогоод байдаггүй. Айл гэрийн, амьдралын зарчим, ноён нуруугаараа л хүүхдүүддээ ижил тэгш ханддаг. Энэ монгол ухаан улс төрийн намд, ялангуяа намын удирдлагуудад байх ёстой. Тийм учраас ажил хийхэд фракцын эрх ашиг гэдэг бол хэтэрхий жижигхэн, ёстой зуудугаар асуудал. АН-ын үндсэн зарчим, мөн чанарыг авч явж чадаж байвал намаараа, намын далбаан дор тэр фракц ч амжилтад хүрнэ. Түүнээс бус, нэг фракцын эрх ашиг, ялалтын далбаан дор намаараа ялна гэж хэзээ ч байхгүй.Энэ бол миний ажилдаа баримталдаг зарчим, хандлага. Ерөнхий нарийн бичгийн даргаар намайг жинхлэх болов уу, яах бол гэж би ерөөсөө санаа зовдоггүй.Би улстөрд чамгүй олон жил явлаа, багийн даргаас нь эхлээд төрийн албанд зүтгэлээ, нас ч тавь гарчихлаа. Тийм учраас албан тушаалгүй л бол галав юүлэх гэж байгаа юмшиг чичрээд байгаа юм надад алга. Би өөрийгөө улс төрийн туршлага, насны хувьд ир ханасан гэж үзэж байгаа.  Намын удирдлага хэрэгтэй гээд хажуудаа байлгая гэвэл, намын хамт олон таныг ашиглана аа гээд "гал тогоо”-гоо бариулна гэвэл зүтгэхэд бэлэн байна. Хамгийн гол нь АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хийж чадах хүн нь л хийх ёстой. Тэр хүн нь Эрхэмбаяр арай биш байна аа гэвэл би зууралдахгүй гэдгээ ярилцлага өгөх боломж олдсон дээр хэлчихье.

-Боломж олдсон дээр гэж дээ, та өөрөө ил гарах дургүй хүн юм биш үү. Түүнээс бус, эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг том албан тушаал, чухал хүн биз дээ?

-Бас л миний зарчимтай холбоотой юмаа. Хэвлэлээр гарах дургүйдээ юмуу, гарах хэвлэл олдохгүйдээ биш юм. Намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалын нэр сүрээр өөрөө тодрох нь миний зорилго биш, хувь хүний маань зарчимтай ч таарахгүй. Харин улс төрийн туршлага, ажлын дадлага, чадвар байдаг бол тэр бүгдээрээ дамжуулж АН-ыг бүхлээр нь тодруулах нь л миний үндсэн ажил. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга гэж нэрийн хуудас хийлгэх гэж юмуу, намтартаа тодотгол нэмэх гэж энд ирээгүй л дээ, би.

-Фракцгүй АН гэж PR-ын шинжтэй, тунхаг төдий юм биш үү. Жишээ нь, Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг томилоход, сая дэд сайд нарыг тодруулахдаа фракцгүй байж чадсан уу?

-Намын дарга бол Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын танхимыг томилсноос хойш АН фракцгүй болно гэж зарласан, нэгд. Хоёрт Засгийн газрын томилгоог УИХ дахь намын бүлгийн төвшинд шийдсэн. Харин дэд сайдаар томилох хүмүүсийг тодруулахдаа УИХ-ын гишүүнгүй, орон нутагтаа засаглалаа барьж чадаагүй аймгуудын намын дарга нарыг дэд сайдаар томилуулах саналыг намын дарга оруулж ирсэн. Гүйцэтгэх зөвлөл дэмжсэн.Гэтэл тэдгээр аймгийн дарга нар нь голдуу нэг фракцынх байна гэдэг үг яриа гарсан. Энэ нь фракцын зарчмаа хадгалж байна гэж хардахаас илүүтэй санамсаргүй тохиолдол байсан л даа. Гэхдээ одоо энэ асуудал өнгөрч байх шиг байна. Дэд сайдгүй явах нь зөв гээд АН-ын бүлэг шийдчихлээ.

-Дэд сайдгүй явах бүлгийнхээ шийдвэрийг АН дэмжих үү?

-Хэдийгээр засгийн эрх барьж байгаа ч гэсэн дэд сайдтай яв, дэд сайдгүй бай гэж УИХ-ын бүлэгт үүрэгдэх нь ёстой нөгөө, төрийн дээр нам гарчихсан явдал болно. Улс орны эдийн засгийн өнөөгийн байдал, 2016 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор энэ асуудал яригдаж байгаа. Тийм учраас дэд сайдгүй явах үгүй нь УИХ-ын мэдлийн л асуудал. Хэрвээ дэд сайдтай явна аа гэвэл хэнийгээ томилохыг намын төвшинд Гүйцэтгэх зөвлөлөөрөө ярина, тийм дүрэмтэй.

-Дүрэм гэснээс АН даргаа Их хурлаасаа сонгох дүрэмтэй. З.Энхболд дарга ҮЗХ-ноос сонгогдсон. Та бас үүрэг гүйцэтгэгч. Тэгэхээр өнөөдөр АН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга хоёр нь хоёулаа дүрмийн хувьд де-факто байна гэж үзэж болох уу?

-Дүрмийн үг, үсгээр хөөж шууд утгаар нь харвал тэгж ойлгож болох талтай. Намын даргыг ҮЗХ-ноос санал оруулж Их хурлаар батламжилдаг. Гэхдээ намын даргаа ҮЗХ-ноос тодруулах нь манай намд уламжлагдах шинжтэй явж байгаа. Н.Алтанхуяг дарга гэхэд яг өнөөдрийн З.Энхболд дарга шиг ҮЗХ-ноос л сонгогдсон . Их хурлаас сонгогдоогүй, тэндээс батламжлагдаагүй явсаар сонгуульд намаа авч орсон, хамгийн олон суудалтай болгосон, дараа нь намын даргаа өгсөн. Одоо З.Энхболд дарга урьдын адилаар улс төрийн нөхцөл байдалдаа тохируулаад ингээд намаа удирдаад явах уу, эсвэл Их хурлаараа батлуулах ёстой, үгүйг ҮЗХ-ны олонхи л мэднэ.

-АН өнөөдрийн хувьд эрх баригч, улс орны удирдаж авч яваа улс төрийн гол хүчин. Тэр үүрэг, ухамсрынхаа төвшинд АН өөрөө байж чадаж байна уу. Ялангуяа эв нэгдэл тал дээрээ?

-Тийм, үгүй гэж хоёрхон сонголтоор хариулах боломжгүй асуулт байна. Ерөнхий ханаар нь харвал чадаж байгаа гэж би хэлнэ. Үйлдвэржилтийн бодлого, дотоодын үйлдвэрлэлийг сэргээх, дэд бүтэц, эрчим хүч, орон сууцжуулах хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлт, "Гудамж” төсөл, аймгуудыг нийслэлтэй автозамаар холбох гээд яривал хийж бүтээсэн зүйл их. Ардчиллынхан засагласан үед л нийгмийн тэсрэлттэй бүтээн байгуулалтуудыг хийдэг. Энэ талаас нь харвалбид засгийн эрх баригчийн хэмжээнд ажиллаж чадаж байна. Харин боловсон хүчний бодлого, хүний нөөц, төр засгийн төвшинд ажиллах төлөвшил талдаа санаанд хүрэхгүй сонголтууд байгааг үгүйсгэхгүй. Алдаж оноод, алдаанаасаа суралцаад л явж байна. Хамгийн гол нь урагшаа явж байна. Түүнээс бус, эргэж буцаж алхаад юм уу, байран дээрээ хий эргээд байгаа юм алга. Бидний энэ алдаа, санаанд хүрэхгүй байгаа зүйлс дан ганц АН-ын ч асуудал, алдаа биш. Манай Монголын нийгмийн өнөөгийн өнгө төрх, төлөвшил, шилжилтийн явц, цаг хугацааны л үзэгдэл. Албан тушаалаа чадамгай сайн хашиж байгаа нь ч, чадахгүй алдаж байгаа нь ч манай өнөөгийн нийгмийн л нэг бүтээгдэхүүн. Энд намын, улс төрийн ялгарал байх нь зохимжгүй.

-Манай зарим улстөрч, заримдаа төрийн дээр нам гарчихлаа гэх юм. Гэтэл төрийг намаар дамжуулж байгуулж байгаа цагт төрийн дээр үргэлж л нам байдаг биз дээ. Тэр талаасаа Засгийн газраа, УИХ-аа, бүх орон нутгийн удирдлагаа, ер нь Монгол Улсаа хөгжлийн төлөө АН чирччадаж байна уу ?

-Төрийнх нь дээр нам байдаггүй, улс төрийн бодлого, шийдвэрийн хайрцаг дотор төрийн шийдвэр нь гардаггүй улс орон гэж байдаггүй. Ялангуяа, парламентын засаглалтай улс орнуудад. Тэгэхдээ төрийн бүх, бүр детальчилсан ажил руу нам орж болохгүй. Хэрвээ сонгуулиар дамжуулж төрийг байгуулсан нь үнэн л юм бол хөгжлийн бодлого, хүний нөөцийн асуудалд нам оролцох ёстой. Одоо улстөрчид ярихдаа ч, ард түмэн ч нүцгэн үнэнтэй эвлэрмээр байна. Намууд нийгмийг удирдаж, нийгмийг хөтөлж чиглүүлж байгаа л юм бол нийгэмдээ үнэнээ хэлж, үнэнээр нь ойлгуулж явъя. Яагаад ч гажиж болохгүй, хүний амьдралын процесс шиг зүй тогтлыг ард түмнээсээ нуугаад хэрэггүй. Юу гэвэл, парламентын засаглалтай, сонгуулиар дамжуулж намууд засгийн эрх барьж байгаа энэ үед төрийн дээр намууд л байдаг. Тэгсээр ч ирсэн, цаашид тийм ч байна. Сая зургаан сайдыг нь засгаас гаргахад МАН-ынхан маань "төрийн дээр АН гарлаа, УИХ-ын шийдвэрийн дээр АН-ын улс төрийн шийдвэр байна” гэж баахан үзнэ лээ. Ингэх хэрэггүй л дээ. Засгийн газраа хэнтэй яаж байгуулах нь эрх баригч намын улс төрийн шийдвэр. Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг 26 суудалтай МАН-тай хамтарч байгуулах нь АН, МАН-ын улс төрийн л шийдвэр байсан. МАН-ыг засагт оруулсан нь ч, засгаас гаргасан нь ч АН-ын улс төрийн л шийдвэр байсан. Орох болохоороо улс төрийн шийдвэрийг алга тосон хүлээж авчихаад, гаргах гэхээр намын шийдвэр нь төрийн дээр гарлаа гэж гоншгоноод хэрэггүй байсан юм. Одоо бид нар, ядаж АН, МАН-ынхан улс төрийг арай шинэ төвшинд, арай соёлтой хийж сурах цаг болсон. Улстөрчид бол хүмүүст адлуулах, хараалгах, тэнэг мангараараа дуудуулахаас айх хэрэггүй. Нийгмийнхээ маргаашийн сайн сайхны төлөө өнөөдөр өөрийгөө шатааж зольж байх л ёстой. Тэгж чадахгүй нь улс төрөөс өөр замаар явах хэрэгтэй.

- АН өөрөө тэгж зольж, шатаж чадаж байгаа юу л гэж асуугаад байна л даа?

-Нам өөрөө хувь хүн биш. Нийгмийн том масс учраас өөрийгөө золих хурдаар хувь хүнтэй дүйцэхгүй. Хэрвээ хурдлах гэж үзвэл нийгэм нь хүлээж авахгүй ч байх сөрөг талтай. Тийм учраас аливаа нам буурь суурьтай, зогсох ёстой газар зогсч, хөдлөх ёстой газар нь зөв хөдөлж байвал тэр нам өөрийгөө зольж байгаагаас ялгаагүй. АН өнөөдөр тэгж чадаж байгаа. Чадаж байгаа учраас л зохих үр дүнгүүд гарч, бүтээн байгуулалтуудыг босгож байгаа. АН-ын үзэл баримтлал, үнэт зүйл, эрмэлзэх зүйл бол үнэхээр сайн. Дэлхийн стандартыг, шинэ зууны дэлхийн иргэн ямар байх ёстой, ямар нийгэмд амьдрах ёстойг Монголд нутагшуулах гэж зорьж яваа нам. Манай "Монгол хүн 2020 хөтөлбөр” бол АН-ын үнэт зүйл, зорилгыг багцалсан маш сайн хөтөлбөр. Энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ харин гэнэдэж, алдаж байна уу гэвэл зарим зүйл дээр тийм байж магадгүй.

-Хэрвээ чадаж байгаа юм бол намуудын, ялангуяаАН-ын рейтинг яагаад унаад, өөр, намгүй хүмүүсийнх өсөөд байна вэ?

-АН-ын рейтинг унаад МАН-ынх дээшээ гарчихсан гэдэг худлаа шүү. Судалгаа хийлгэдэг хүний хувь би үүнийг баттай хэлнэ. АН-ын рейтинг өмнөх шигээ 30 хувийг давж, 40 рүү дөхдөг шигээ өсөлтгүй байгаа нь үнэн. Зарим хувь, популист гэж болохоор хүмүүсийн рейтинг өсөлттэй байгаа нь ч үнэн . Ийм судалгааны дүн гарч байгаад ганц АН биш, МАН, бүр нийгмээрээ санаа зовох ёстой. АН эрх баригч хүчний хувьд илүү санаа тавьж, илүү үүрэг хүлээнэ.Монголын нийгмийг муу ч, сайн ч удирдаж үзсэн, 25 жил тогтвортой явж туршлага хуримтлуулсан, зохих хэмжээндээ институт болж яваа энэ хоёр нам, АН, МАН л авч явна. Түүнээс бус, хэн чанга дуугарсан нь, хүчтэй орилсон нь нийгмийг удирдаж чиглүүлдэггүй юм. Өчигдөр байгуулагдсан, эсвэл нэг хувь хүн, нэг компанийн суганд хавчуулагдаж явдаг нам сонгуульд ялдаггүй, амжилт үзүүллээ гэхэд нийгэм нь тэндээс хэзээ ч хождоггүй. Яг ажил дээр гарахаар, гардаж "гурил зуураад” эхлэхээр популистуудын рейтинг хөөс байсан нь мэдрэгддэг. Тэд хэн билээ, улс төрд яваа үүх түүх нь юу билээ, нам гэдэг нь юу билээ, цаана нь хэн байгаа билээ, хэдэн гишүүнтэй билээ гэдгийг бид мэднэ шүү дээ. Ийм популистууд нь гарч ирээд балран доройтсон, унасан улс орны бэлээхэн жишээ зөндөө. Тэр түүхийг давтах хэрэггүй. Улсыг, нийгмийн удирдахад дээлний хуучин нь дээр . АН, эсвэл МАН ялагдаж болно. Харин "шинэ дээл өмсөх” гэж яваад нийгмээрээ ялагдаж болохгүй. Миний нүцгэн үнэнтэйгээ нүүр тулъя гэж түрүүнээс хойш хэлээд байгаа маань бас энэ л дээ. Намуудын рейтинг яагаад унаад байгааг, рейтинг нь өсөөд байгаа хүмүүс маань хэн билээ, мөн чанар нь юу билээ гэдгийг нийтээрээ үнэнээр нь таньж мэдэх хэрэгтэй  юм.

-Харин тийм учраас л нийгмийн массаа дагуулдаг нам хэрэгтэй. Таныхаар АН өнөөдөр массаа дагадаг нам уу, массаа дагуулдаг нам уу?

-Улс төрийн аль ч нам массаа дагуулдаг, бас массаа сонсч тэднийхээ төлөө явдаг байх ёстой. Өнөөдөр намын нэг гишүүнийг ажилтай болгох жижиг эрх ашиг бүх намд байна. Нам нь ч, гишүүд нь ч үзэл баримтлалын сонголт хийж чадахгүй байна. Зүгээр л, би энэ намд л орвол ажилтай болно, энэ хүнийг дагаад явбал албан тушаалд хүрчихнэ, тендер авчихна гэдэг байдлаар. Өөрөөр хэлбэл, "танилаараа дамжуулж ажлаа бүтээчих” сэтгэхүй л зарим хүнийг намтай холбож, намын гишүүн болгож байна. Ийм үзэгдэл Монголын нийгэмд хавтгайрч. Улс төрийн үзэл бодол, нийгмийн үнэтзүйл рүү массаа чиглүүлэх тал руу намууд ажиллах хэрэгтэй болжээ. Монголын намууд ажил олгогчоос нийгмийг чиглүүлэгч улс төрийн хүчин болж шинэчлэгдэх, гишүүд нь танилаараа дамжуулж ажлаа бүтээдэг сэтгэхүйгээс салж, маргаашийнхаа төлөө өөрийгөө зольж чадах, үзэл бодол, үнэт зүйлсийн сонголт хийдэг болох ёстой. АН энэ чиглэл рүү явж байгаа учраас би массаа дагуулж чадаж байгаа нам гэж хэлнэ.

-АН-ын рейтинг унаад, улс орны эдийн засаг хүндрээд байгаа нь

АН массаа дагуулж чадаж байгаагийн илрэл мөн үү?

-Эдийн засаг өмнө нь ямар байсан юм бэ. Тийм сайн байсан юм уу.

-Статистик тоогоор 17 хувийн өсөлттэй байсан гэж сөрөг хүчнийхэн ярьдаг?

-Үнэнийг ард түмнээсээ нуугаад хэрэггүй юм. Улс орон бол айл өрхтэй адилхан. Тэгж бодвол үлгэрт гардаг шиг өрхийн тэргүүн явж байгаад л боодолтой мөнгө олчихсон байхгүй юу. Тэр нь Оюутолгойн бүтээн байгуулалтыг дагаж орж ирсэн 4.6 тэрбум доллар, бас нүүрсний үнийн дэлхийн зах зээлийн өсөлтийн оргил үе, манайхны сайн нийлүүлж байсан үе таарсан хэрэг. Түүнээс биш, бодлогоор яваад тэр нь үр дүнгээ өгөөд эдийн засгаа 17 хувьд хүргэж өсгөчихсөн юм байхгүй. Олсон боодол мөнгөө бэлнээр тарааж байгаад л сонгууль хүргэсэн. Нэг нь 17 хувь өсгөсөн гэж худлаа ярихаа, нөгөөх нь мөнгө дууссан, хүндэрсэн үед нь засаг авсан гэж гонгинохоо одоо болих хэрэгтэй. Үнэн бодит байдлаа л ард түмэндээ хэлж явъя.

-Өнөөдөр доллар өссөн, гадаадын хөрөнгө оруулалт байхгүй болсон, үнэ нэмэгдэж, өрхийн хэрэглээ хумигдсан нь бодит үнэн шүү дээ?

-Үнэн үнэн. Доллар өссөн, Нөгөө, гэнэт олсон мөнгө маань дууссан учраас өссөн. Бид нар 1.5 тэрбум долларын бонд босгож ёстой харин ч нүдэнд харагдаж, гарт баригдахаар зарцуулсан шүү. Бүгд бүтээн байгуулалт болсон. Автозам руу оруулсан нэг их наяд орчим төгрөгөөс бусад зээлүүд бүгд буцаж төлөгдөнө. Үрдүнгээ ч өгнө, цаг хугацаа нь арай болоогүй байна. Ардын намынхан маань харин бодлогын томоохон бүтээн байгуулалт бол хийж чадаагүй. Тэд нарын хэлээд байгаа 17 хувийн эдийн засгийн өсөлт, бидний 1.5 тэрбум доллараар бүтээсэн бүтээн байгуулалт хоёр асар их ялгаатай. 

-Тэгвэл массаа талцуулж, асуудлаа шийдэж чадахгүй байгаагаа та хүлээн зөвшөөрөх үү. Тухайлбал, Тавантолгойг хөдөлгөх дээр танай нам хоёр хуваагдсан, массаа, нийгмээ хоёр хуваасан?

-Яаж?

-Бүр тодорхой асуувал танай нам дотроо Х.Баттулга гишүүний МоАХ фракц дээр АН-ын удирдлага бүхлээрээ буюу намын дарга, генсек хоёр нь, нөгөө талд хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгаалсан Засгийн газар ба "Алтан гадас” ч гэж хуваагдсан?

-Тийм хуваагдал байхгүй ээ. Манай намынхан, намын удирдлагууд Тавантолгойг зөв голдрилоор хөдөлгөчих юмсан гэж Монголын ард түмний л нэгэн адил хүсч байгаа. Түүнийхээ төлөө байр сууриа илэрхийлж, үзэл бодол дээрээ хатуу зогссон. Асуудлыг ажил хэрэгч, эрүүлээр шийдэх энэ уур амьсгал дундуур харин нөгөө баялгийн хараал гэдэг нь юмуу, өөр нөлөөлөл орж ирээд байна уу гэж би хувьдаа харж байгаа.

-Жишээ нь, сайд М.Энхсайханы ахалж УИХ-д өргөн барьсан төсөл дээр АН-ын Гүйцэтгэх зөвлөл оролцож төслийг буцаахыг бүлэгтээ үүрэг болгосон. Тэр төсөл та бүхнийхээр Тавантолгойн зөв хувилбар биш байсан хэрэг үү?

-Биш байсан учраас АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Тавантолгойн 51 хувийг төрийн өмчид байх ёстой гэсэн шийдвэр гаргасан. М.Энхсайханы ажлын хэсэг бол 60 жилээр 100 хувь хувийн компанид өгөх төсөл оруулж ирсэн. Энэ яавч байж болохгүй хувилбар. Тавантолгой дээр АН ард түмнийхээ талд байгаа. Зуны М.Энхсайханы өргөн барьсан төсөл дээр АН ард түмнийхээ талд байж, Тавантолгойг авч үлдэж чадсан шүү.