|

Хил хязгааргүй гэмт хэрэг буюу хийсвэр ертөнц дэх бидний амьдрал

Хил хязгааргүй гэмт хэрэг буюу хийсвэр ертөнц дэх бидний амьдрал

 

Техник технологи хөгжсөн хорин нэгдүгээр зуунд хүн бүр цахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгч болсон. Энэ нь сайн тал олонтой ч сүүлийн үед техник технологи, кибер ертөнцийн хурдацтай хөгжлийг дагаад хуурамч хаягаар цахим харилцаа тогтоох, мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, түүнчлэн онлайн худалдааны үйл ажиллагаа явуулах нэрээр иргэдийг залилах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.

Мөн цахим орчинг буруу байдлаар ашигладаг хүмүүс ч олширсон. Тухайлбал, хэн нэгнийг шантаажлах, доромжлох, эрх баригчдыг гүтгэх, дайрч доромжлоход фэйсбүүк хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг болоод байгаа юм. Бүр болоогүй уйдаагаа гаргахын тулд санаанаасаа гэмт хэрэг зохион бичиж кайф авдаг, нийгмийг түгшээх тохиолдол ихэссэн.

Учир нь Монгол Улсын интернет хэрэглээ ямар ч хяналтгүй. Тиймээс залуусын уйдааг гаргах, гэмт хэрэг үйлдэх сэдэл болж байгаа цахим ертөнцийн хэрэглээнд бага ч гэсэн хяналт тавьж хуульчлах хэрэгтэй байна. Ингэлээ гээд хүний эрх чөлөөнд халдах асуудал огт биш. Компьютерын цаана суугаа олон мянган гаж донтон, нэгийгээ чадах гэсэн, уйдаагаа гаргах гэж санаатай, санамсаргүй хар бараан мэдээлэл түгээж бусдын сэтгэхүйд буруу үлгэр дууриал болж байгаа үйлдлийг таслан зогсооход тустай.

Үүнийг зарим нэг нь эсэргүүцэж, "Ардчилсан нийгэмд хүний үг хэлэх, хэвлэн нийтлэхийг эрхийг боогдуулах нь зүй ёсонд нийцэхгүй” гэх байх. Гэхдээ иргэн эрхээ эдэлж байна гээд бусдыг доромжлох, гэмт хэргийн шинжтэй худал зүйлс бичиж болохгүй.

Бусдыг ор үндэсгүйгээр гүтгэн доромжлох талбар болсон фэйсбүүк, твиттер

Олон нийтийн мэдээллийн сүлжээ ашиглан бусдын нэр хүндэд халдах, хувийн зураг, мэдээллийг нь ил болгох, хөрөнгө мөнгө залилах гээд олон төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд цахим орчинд маш ихээр гарч байна.

Учир нь бага балчир хүүхдүүдээс эхлээд хижээл насныхан хүртэл бүгд л үнэн худал нь мэдэгдэхгүй хаягтай, зарим нь бүр хэд хэдэн хаягтай байх нь энгийн үзэгдэл болж. Үүнийг дагаад хүний өмнөөс цахим хаяг нээж, түүгээрээ олны анхаарлын төвд орж, бусдыг гүтгэн доромжилж нэр хүндэд нь халдаж байгаа тохиолдол ихээр гарах болсон нь өнөөгийн нийгмийн толгойны өвчин болоод байна.

Өөрөөр хэлбэл, сүүлийн үед монголчууд фэйсбүүк, твиттерийг мэдээллийн хэрэгсэл гэдэг талаас нь ашиглахаа больж, бусдыг гүтгэнэ доромжлох, худал шуугиан дэгдээх, олон лайк цуглуулж мөнгө олох хэрэгсэл болгож ашиглах болжээ.

Хамгийн энгийн жишээ дурдахад, өнгөрсөн 11 дүгээр сард нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа хүүхдээ сугавчилан гадаа зогсож байгаа хүний зургийг "Баянхошууны эцэст нялх хүүхдийг нимгэн даавуунд ороочихсон ганц шил архиар солино гээд бариад явж байна” гэх тайлбартайгаар нийтэлсэн. Энэхүү мэдээлэл цахим сүлжээнд тавигдсанаас хойш хурдтай тархаж олон нийт ч өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, тухайн хүнийг үгийн муухайгаар хараан доромжилж, зарим нэг сайтаар ч энэ талаар мэдээлж эхэлсэн юм.

Гэтэл цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж, "тухайн зураг дээр байсан эрэгтэй ач охиноо түр салхилуулаад явж байсныг нь зөвшөөрөлгүйгээр зургийг нь авч олон нийтийн сүлжээнд буруу ташаа тайлбартайгаар тавьж нэр хүндэд нь халдсан. Ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу шалгаж анх тараасан хүнийг нь олж хариуцлага хүлээлгэхээр болсон" гэж мэдэгдсэн.

Энэ мэт хэргүүд сүүлийн үед ихээхэн гарах болсон ч хуурамч хаягны цаанаас үйлдэж буй энэ гэмт хэргийг тэр болгон илрүүлээд байдаггүй. Тийм болохоор өнөөдүүл нь даварсаар бие биеийнхээ тухай үнэн, худал мэдэгдэхгүй элдэв мэдээлэл цацаад л суугаад байна. Одоо ч байдал тийм л байна. Цахим ертөнцөд тэр чигтээ хэрүүлийн, гүтгэлгийн шинж чанартай бараан мэдээллүүд хөвөрсөөр л.

Угтаа бол "Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг. Тэгэхээр хүний нэр төрд халдана гэдэг бие махбодод нь халдсанаас ч илүүтэйгээр хүнд тусдаг гэдэг шүү дээ.

Ер нь ч тэгээд цахим эрх чөлөө гэдэг чинь хүний эрхээс илүү гарах учиргүй шүү дээ.

Буух эзэн, буцах хаяггүй онлайн худалдааны залилан

Сүүлийн үед онлайн худалдаа ихээхэн газар авч байна. Дэлхий дахинд аль хэдийнээ нийтлэг бөгөөд хэвийн үзэгдэл болж хувирсан ч манай улсад сүүлийн таван жилд л идэвхтэй хөгжиж байна гэж хэлэхэд буруудахгүй. Эмэгтэйчүүд гэдэг дэлгүүр хэсэж л байвал л хөлөө цуцаж, гэдсээ өлсөхийг ч анзааралгүй аз жаргалтай байдаг улс. 

Энэ ч утгаараа цахим худалдааны идэвхтэй гишүүд нь эмэгтэйчүүд байдаг. Олон дахин үзлээ гэж худалдагч дургүйцэхгүй, асууж лавлахад уриалагхан хариулдаг, мөнгөгүй байсан ч хэсэж болдог, хэдхэн хоног хүлээчихвэл хилийн чанадаас ч захиалга хийх боломжтой зэрэг олон давуу тал онлайн дэлгүүрт бий. Гэхдээ мэдээж бараа, мөнгөө баруун, зүүнээр солилцохгүй тул итгэл бага, нүдээр харж гараар барихгүй болохоор чанарт нь ч эргэлзээ үүсдэг зэрэг сөрөг тал бий. Чухам энэ л асуудал болж байгаа юм. "Фэйсбүүкийнхээ зураг шиг л бай л даа” гэдэг үгийг охидод биш наймаачдад хэлмээр болох үе олон байдаг талаар цахим худалдан авагчид гомдолложээ

Зурган дээрх хувцас гоё харагддаг, дээр нь моделиудад өмсүүлчихсэн фото хэний ч шуналыг хөдөлгөж чаддаг. Гэтэл түүнийг гэртээ хүргүүлэхэд зурган дээрхээсээ өөр, чанаргүй, урагдсан, бүр хулхи бүтээгдэхүүн байх нь элбэг байдаг аж. Ийм зүйлийг авах хэцүү, харин захиалга аваад хүргэж ирсэн худалдаачин хоосон буцах хэцүү болдгоос үл ойлголцол их үүсдэг байна.

Энэ ч мэдээж сэтгэл санааны хохиролтой боловч мөнгөө өгөөд бараагаа ч, мөнгөө ч авч чадалгүй эдийн засгаараа хохирогчид бүр ч их гомдолтой үлддэг байна.

Энэ бол худалдааны группүүдэд нийтлэгдсэн постуудын ердөө нэгээхэн хэсэг нь. Бараг өдөр бүр шахам иймэрхүү гомдол гарах болжээ. Залилагчид өөрийн жинхэнэ нэрийг ашигладаггүй, барааны юм уу аль эсвэл гадаад хүний зургийг ашигласан байдаг ба захиалагчид урьдчилгаа хийсэн банкны данс, захиалга авагчийн утасны дугаар хоёрт найдан огт таньж мэдэхгүй хүнд мөнгөө өгдөг байна. Хэсэг хугацааны дараа тус цахим хуудас ор мөргүй устах ба утасны дугаар нь хаагддаг байна. Банкнаас данс эзэмшигчийн мэдээллийг бусдад өгөхгүй гэж учирладаг ба цагдаад хандаж болох ч их төлөв 10-30 мянган төгрөгийн урьдчилгаа хийсэн иргэд цагдаа сэргийлэхээр явахаас төвөгшөөж зөнд нь орхидог байна. Энэ нь харин залилагчдыг өөгшүүлдэг ба нэг хүнд бага мөнгө байж болох ч нэжгээдийг хулхитаад ирэхээр овоо мөнгө босгочихдог байна. Дээр нь хохирогчид эвлэлдэн нэгдэж л хандахгүй бол нэг хүний ийм багахан мөнгөн хохирлыг тоож үзэх цагдаагийн байгууллага ч байдаггүй гэнэ. 

Интернетийн өөр нэг түгээмэл дэлгэрч байгаа залилан бол буяны үйл ажиллагааны нэр барьж мөнгө завших явдал. Ийм тийм өвчтэй хүүхэд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, орон гэргүй хүнд туслах гэж байгаа тул сэтгэлээрээ мөнгө хандивлана уу гэсэн зарууд интернетэд ихээр нийтлэглэгдэх болсон. Тусалдаг нэг хэсэг байгаа ч тэдний нэрийг барьж хяналтгүйгээр мөнгө олж сурсан залилагчид байгааг ч цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм.

Цахим ертөнцөд цадигаа алдсан хүүхдүүд

Цахим гэмт хэрэг гэгддэг зах хязгааргүй гэмт хэргийн хохирогчдын дийлэнх нь өсвөр насныхан буюу насанд хүрээгүй хүүхдүүд. 

Дээхэн үед эцэг эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж байгаад анхаарч хаана юу хийж байгааг нь хянах боломжтой байсан бол өнөө цагт тийм боломж байхгүй болсон. Учир нь гэртээ томоотойхон компьютерийнхээ урд суугаа хүүхдээ хараад эцэг эхчүүд гэрээс гарч дэмий тэнэдэггүй сайн хүүхэд гэж боддог. Гэтэл таны хүүхэд цахим ертөнцөд нуугдаж буй хорон санаат гэмт хэрэгтнүүдэд хууртаад маш том эрсдэлд орчихсон сууж байхыг үгүйсгэх аргагүй.

Бодит амьдрал дээр 20 хүрэхгүй найзтай хүүхэд интернет орчинд 2000 найзтай байдаг. Энэ л хамгийн том эрсдэл юм. Интернетэд хулгай, дээрэм хийхээс авахуулаад хүнийг яаж тарчлаан зовоох, тэсрэх бөмбөг яаж бүтээх гээд бүхий л мэдээлэл бий. Ийм учраас бид хүүхдээ хүн төрөлхтний суут бүтээлүүдийн нэг интернет дэх аюулаас хамгаалах хамгийн чухал болоод байна.

Одооний өсвөр насны хүүхдүүдийн постыг хараад байхад ихэвчлэн "Лайк дарвал дотно чатлая би эхэлнэ, "Relationship хийх нь лайк" гэх мэт постууд байдаг. Энэ нь гэмт хэрэгтнүүдэд хамгийн том  боломж болдог. 

Тиймээс мэдээллийг бо­­­гино хугацаанд олон ний­тэд тараах, олон найз нөхөдтэй болох боломжтой хүн төрөлхтний хамгийн гайхамшигтай нээлтүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог цахим ертөнцөд хэт нээлттэй байх нь хүйтэн сэтгэлтнүүдийн хохирч үлдэх магадлалыг өндөрсгөдөг гэдгийг хүүхэд залууст са­нуулж, сэрэмжлүүлэх шаард­лагатай болж байгаа юм. 

Т.Гэрэл