|

Массын ой санамж дахь АН-ын нэр дэвшигчид

Массын ой санамж дахь АН-ын нэр дэвшигчид

 

Монголчууд шинэ Ерөнхийлөгчөө ирэх зургадугаар сард "эх барьж” авахаар хүлээж байна. Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд зааснаар  "Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн”.  Энэ хүн, ийм албан тушаалтан Монголын төрд ямар үүрэгтэй, улс нийгэмдээ ямар мөр үлдээхэв, цаашдаа сайнаар эргэн дурсагдах уу, эсвэл саар бүхний түрүүнд цоллуулж явах уу гэдэг нь  бидний сонголтоос шууд шалтгаална. Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шатлалттай хэдий ч сонгох бодит эрх мэдэл нь иргэд бидний гарт байдаг.

Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд тоосоо өргөх хүсэлтэй хүн дэндүү олон байна. Хамгийн ойрын жишээ гэвэл УИХ-ын гишүүн асан Х.Баттулга сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн явдал. Яагаад ч юм, Ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлтэй хүн Ардчилсан намд  их олон байна. 2016 оны сонгуулийн бүтэлгүйтэл хоолойг нь хорсгож, ялагдлын шоок нь зангираад  хариугаа авах тэсвэрлэшгүй хүсэл нь тээглэж хөндөлсөөд байна уу гэлтэй.  Харин МАН-ын хувьд нам гүмхэн, одоогоор өөрийгөө нэр дэвшүүлчихээд ханхалзаж яваа хүн харагдахгүй л байна. Гэхдээ энэ намын хувьд хэнийгээ  гаргаж ирэх нь бараг тодорхой бөгөөд тэд дуугарвал дуу нэгтэй байж чаддагаараа онцлогтой. Нам дуугараагүй байхад иргэд энэ намын нэр дэвшигчийг хэдийнэ "тодруулчихсан” л яваад байгаа. 

Монголын улстөрийн хоёр дахь гол хүчин гэгддэг АН-ын хувьд шинэчлэл шилжилт гээд ажил ихтэй, амьсгаа өндөртэй байгаа. Гэхдээ энэ намын дээвэр дор дэрвэж яваа олон гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэйгээ  хэдийнэ илэрхийлээд байна. Мэдээж, энэ бол хүний эрх, үүнийх нь төлөө тэднийг илүү харж билүү долоох хэрэггүй. Харин асуудлын гол, анхаарлын төвд байгаа нь тэд хэн бэ гэдэгт л бий.  Өөрөөр хэлбэл тоолсон наснаас илүү туулсан зам мөрийг нь харж, хэн байгаад хэн болох гэж байна вэ гэдгийг нь л сонгогчид тунгаана.

Одоогоор дуулдаж мэдэгдснээр АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдээд байгаа хүний тоо гарын таван хуруунд багтахааргүй болсон. Ерөнхийлөгчийн сонгууль сураггүй шахам байхад эхлэн сануулж нэрээ дэвшүүлсэн хүн бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг.  Алтанхуягийн араас амбицаа ил цагаан илэрхийлсэн нь Хотын дарга асан "Баатар”  Э.Бат-Үүл.  "Буян” Жагаа Бүгд найрамдахаа орхиж, АН-д эргэж ирээд байгаа. Үүнийг нь холын зорилгынх төлөөх ойрын алхам хэмээн харж болохоор. Товчхондоо бол АН-ын парламент дахь суудал түүнд Ерөнхийлөгчид нэр дэвших боломж олгоно гэдгийг тунгаасан хэрэг.  АН-ын гишүүн Д.Дорлигжав Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдэж бүр Ерөнхийлөгчийн засаглал гэж идэвхтэй нь аргагүй ярьж явна. Ийм хуулийн төсөл халаасанд нь яваа юм байх.  Түүний энэ алхмыг "хавар” гэж харж болохгүй.  Бас өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн түлхээсээр гэж эндүүрэх хэрэггүй. Тэр бол "хал үзэж халуун чулуу долоосон”  хэн нэгний дохио зангаагаар хөдлөх хүн огт биш.  Ёстой өөрийнх нь хэлсэнчлэн "сэтгэлийн дуудлагаар” гэдэг нь үнэн байх.

Женко Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө  өнгөрсөн долоо хоногт дуулгалаа. Тэр байдлыг харж нэлээдгүй бодсон байж таарна. Бас өөрийгөө АН дотроо хүчтэй өрсөлдөгч гэдгээ тооцоолоод ийм шийдвэр гаргасан биз. Төмөр замын асуудал, гадаадад зугатан гарч интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа  Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ гээд хоёр туслах, бүр цаашилбал  Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гээд  түүний толгой дээр хуралдсан үүлнээс  аянга цахилгаан цахьж мэдэхээр байгаа үедээ Ерөнхийлөгчийн "дархан эрх”-ийг хүсэмжлэв бололтой. 

Нийтлэлч Баабар Ерөнхийлөгчид нэр дэвшихээ нийтлэлээрээ тунхагласан. Тэр ч бас АН-ын угшилтай нэгэн. Баабарын тухайд ном эрдмийн хүн, соён гэгээрүүлэгч гэж тодотгож болно.  Улс төр, албан тушаал түүний хувьд юу ч биш.  АН-ын дарга С.Эрдэнийг нэг нүдээрээ ч хардаггүй "харшил”-тай. Тэр зүгээр л С.Эрдэнийг  өдөж,  дамшиглаж байгаа нь тэр байх. Яг цагаа тулахаар Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй биз.   

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байгаа эдгээр эрхмээс гадна чимээгүйхэн амбицалж, уулын орой дээрээс улстөрийг хараад сууж байгаа  хэд хэдэн хүн бий. Тэдгээрийг тэргүүлж байгаа нь Р.Амаржаргал.  Үнэндээ түүнийг  иргэд түрүүлж нэрлээд байгаа юм. Одоо тэрбээр хөшигний ард,  оюутнуудад лекц уншиж хичээл заагаад таваргаж явна. Гаднаас нь харахад юун Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх  гэмээр. Гэхдээ эр хүний дотор эмэл хазаартай морь багтчихсан л явж байгаа. Тэр бол тодорхой. Энэ намын нэр цэвэр, мөр цагаан  хүн бол яах аргагүй Р.Амаржаргал. Мэргэжил, мэдлэг  туршлага аль аль нь бий. Нэгэн цагт Ерөнхий сайдаар ажилаж байсан, бас эдийн засагч мэргэжил нь түүнд нэмэх оноо болж ирнэ.  Гэхдээ тэр нам дотроо хүрээлэл багатай, дэмжлэг тааруухан байж мэднэ. Тийм болхоор намаасаа гарч ирнэ гэдэг түүний хувьд  Ерөнхийлөгчөөр сонгогдохоос ч хэцүү даваа болж таарах байх.

Эдгээрээс гадна Г.Баттхүү, Л.Болд нар ч бас Ерөнхийлөгчийн суудлыг дотроо хараалж байгаа гэсэн сураг бий.  Энэчлэн Ерөнхийлөгчид өрсөлдөгчид өрсөлдөх  хүсэлтэй кандитдууд АН-д  арван хуруунд багтахааргүй нэмэгдэж байна. Гэхдээ тэдний хэн нь ч нам дотроосоо гарна гэдэг хэцүү.  Саяхан АН-ын дарга намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшигчидтэй   уулзалт хийжээ.   Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Л.Болд, Х.Баттулга, Д.Дорлигжав  болон Б.Жаргалсайхан нар энэ уулзалтад оролцжээ.  АН-ын зүгээс нэр дэвшигчдээ сунгаагаар тодруулна гэж байсан. Гэвч үүнээсээ ухарч эдүгээ  сунгаагаар бус хоёр хүний нэрийг Үндэсний бодлогын хороонд нэр дэвшүүлж, сонгоно гэж ярилцаж байгаа гэнэ. Энэ нь зөвхөн хоёр нэр дэвшигчийг Үндэсний бодлогын хороон дээр  өрсөлдүүлж, хамгийн өндөр санал авсан нэг хүнийг Ерөнхийлөгчид  өрсөлдүүлнэ гэсэн үг юм. Харин тэр хоёр хүн хэн байх вэ, тэдгээрийг хэн сонгож ҮБХ-д оруулах вэ гэдэг нь анхаарал татаж  байна. Эндээс харахад нэр дэвшигчдийн хувьд намаасаа гарч ирнэ гэдэг  үнэхээр асуудал.

Гараад ирлээ гэхэд сонгогдох магадлал нь хэр вэ. Энэ л чухал. Сонгогч  иргэдийн хувьд нэр дэвшигчдийн  сонгуулийн үеийн "үлгэр”-ээс илүүтэй ирсэн мөр, туулсан замналыг нь тунгааж цэгнэж баймаажин саналаа өгнө.  Ингэхэд Р.Амаржаргалаас бусдынх нь иргэдийн ой тоонд үлдсэн санамж  сонголтыг нь урвуулах шалтгаан  болж мэдэх юм. Иргэдийн сонгогчдын саналыг урвуулж хөрвүүлж мэдэх ямар ой санамж байгаа билээ?  Эргэж нэг харцгаая.

Н.Алтанхуяг: Түүнийг намын дарга байх үед АН ямагт туг дэрвүүлж явсан нь үнэн. Ерөнхий сайд байх үедээ улс оронд томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж,  эр хүн шиг эрвэлзэж явсан нь бас үнэн. Энэ үед "Алтангадас” фракцийнхан албан тушаалын өндөр, алдар хүндийн  аль өөдтэйг хүртдэг байлаа. Түүний үед төрийн алба жинхэнэ утгаараа төрлийн алба болсон гэлцдэг. Үүнийг ЗГХЭГ-ын дэд дарга "Хүргэн Дэнзэн”,  Ерөнхий сайдын ахлах зөвлөх баз хүргэн Л.Гансүх нарын  томилгоогоор тодотгодог байлаа.  Н.Алтанхуягийн уналтыг чимээгүйхэн хүлээж байсан Ц.Элбэгдорж З.Энхболд нар хүч хавсран энэ мэт хий гүйдлийг нь нь харж байгаад  Засгийн газартай нь хамт тонгорчихсон. Араас нь АТГ-аар "хандыг нь хага даруулах”-аар хичээж байгаа.  Эргэж хүчирхэгжих боломж нь АН-ын дарга болох аль эсвэл Ерөнхийлөгч болох явдал. Гэхдээ С.Эрдэнэ, З.Энхболд нар түүнийг тэгж "давруулахгүй” байх.Нам доторхи тулах цэг нь болж байсан ҮЗХ-ны гишүүдийн дийлэнхи хувь нь нэгэн цагт "Алтангадас”-ынхан байсан. Одоо тэр сайхан цаг ард хоцорчээ. "Алтангадас” үнэндээ өнөөгийн АН-д байхгүй болсон.  Хэдийгээр тэр Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэж байгаа ч намаасаа дэмжлэг хүлээж гарч ирнэ гэдэг бараг боломжгүй. Харин нийт массын ой санамжид түүний эерэг үнэлэмж илүүтэй орон зай эзэлж байгаа дбайх.

Э.Бат-Үүл: Баатарын дараагийн нүүдэл нь Ерөнхийлөгчийн сонгууль байгаа. АН-ын хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдийн нэг. Гэхдээ түүний нэр сайнаасаа илүүтэйгээр саар бүхэнд холбогдож яригддаг.

С.Зоригийн гэх  гэх зовлонтой хэрэг түүний нэр устай холбогдож яригдсаар ирсэн. Энэ хэрэг арай гэж нэг тийшээ болсон  ч гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож бүтэлгүйтсэн хүү Б.Чулуудай нь  эцгийгээ  "муухай дээр улцан” гэгч болгочихоод байна.

Х.Баттулга: Өөрийгөө Ерөнхийлөгчийн хэмжээний хүн гэсэн итгэл үнэмшилтэй яваа энэ эр нам дотроо бол хүчтэй өрсөлдөгч. Нарийн цагирагтай төмөр зам тавьбал Хятадууд танкаа ачаад ороод ирнэ гэсэн  "алдарт  догма”-г анхлан санаачлагч  нь тэр. Анх 17 чингэлэг спиртээс эхлээд төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк гэх мэтийн АН-ын бүтээгүй мөрөөдлийг түүний нэр устай холбон ярилцдаг. Гэхдээ энэ хүний масс дахь дэмжлэгийг дутуу үнэлж болохгүй.  Түүнээс гадна намынхаа ҮБХ-оор өрсөлпөх хоёр хүний нэг байхыг ч үгүйсгэх аргагүй.

АН-аас өөрийхөө нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээ илэрхийлээд  байгаа эрхмүүдийн хувьд олон нийтийн дунд яригддаг танил  болсон өнгө өнцөг нь товчхондоо нэг иймэрхүү.  Иргэдийн ой тоонд хадгалагдаж явдаг  энэ  мэт ойлголт үнэлэмж сонгуульд иргэдийн саналыг үргээх хүчин зүйл болох магадлал бага биш.  

П.Булган

Эх сурвалж: Zaluu.com