|

Дарханы ХБИ Франц улсад болох олон улсын хоолны тэмцээнд оролцоно

Дархан-Уул аймаг дахь МСҮТ-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний ангийг 2010 онд төгссөн н.Ишгомбо нь мэдсэн сурсанаа амьдралд хэрэгжүүлж ажил хөдөлмөр эрхлэх гэж хоёр жил гаруй хугацаанд цөөнгүй байгууллагын үүд хаалгыг сахин сууж өргөдөл хүсэлтээ өгсөн ч хөгжлийн бэрхшээлтэйн улмаас түүнийг ажилд авах газар олдоогүй байна.

Харин 2014 онд талх нарийн боовны нэг сарын сургалтад сууж чадамжийн гэрчилгээтэй төгссөн нь түүнд урам зориг өгч улмаар жижиг үйлдвэрлэл эрхлэх боломжийг нээж өгсөн гэж түүний ээж Б.Гомбодой ярилаа. Тэрээр Оросын цахилгаан зууханд өдөрт 5-10 талх хийж айл хөршийнхөндөө зарж хоолны мөнгөндөө нэмэр болдог байсан хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад байдал арай өөрчлөгдөж одоо өдөрт 30-40 талх үйлдвэрлэж худалдаанд гаргадаг болжээ.

Тэр үйлдвэрлэлээ өргөжүүлж бүтээгдэхүүнийхээ гарцыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж авахаар энэ онд Дархан сумын "Сум хөгжүүлэх сан”-гаас гурван сая төгрөгийн зээл авчээ. Авсан зээлээ зориулалтаар нь ашиглаж өдөрт 100 талх үйлдвэрлэх боломжтой шарах шүүгээ авч үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Талхнаас гадна амтат жигнэмэг, үзэмтэй, эрдэнэ шишийн үртэй зэрэг олон төрлийн талхыг ч хийдэг. Бүтээгдэхүүнийхээ бүх түүхий эд материалыг Буриадын Улан-Үд хотоос өөрөө явж авч ирдэг гэв.

Аманд орсон бүхэн амьтай холбоотой учир амттай, чанартай бүтээгдэхүүн хийж хүмүүст хүргэхийг зорьдог түүний сэтгэл амжилтад хөтлөх алхам болж тэрээр Монголын Абилимпын холбооноос зохион байгуулсан ХБИ-ийн мэргэжлийн өндөр ур чадварын анхдугаар тэмцээний бялуу үйлдвэрлэлийн төрөлд нэгдүгээр байр эзэлж ирэх оны гуравдугаар сард Франц улсад болох олон улсын тэмцээнд оролцох эрхээр шагнуулжээ.

Тэрбээр 2016 оны пара олимын наадамд оролцох бэлтгэл хангах тамирчдын тоонд багтсан тухай албан ёсны мэдээллийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотоос ирүүлжээ. Ээж хүү хоёрт илүү ихийг хийх хүсэл тэмүүлэл байгаа ч тэдэнд хийсэн бүтээгдэхүүнийг нь худалдан авч хамтарч ажиллах аж ахуйн нэгж, байгууллагын дэмжлэг үгүйлэгдэж байна.

Б.Норовсамбуу