|

Халдлагатай холбоотой найман хүнийг баривчлав

Халдлагатай холбоотой найман хүнийг баривчлав

 

Их Британийн цагдаа Манчестер хотод 22 хүний аминд хүрсэн халдлагатай холбоотой хэ­мээн сэжиглэж дахин хоёр хүнийг барив­чилжээ. Ийнхүү халд­лагатай холбоотой баривч­лагдсан хүний тоо наймд хүрчээ. Манчестер хотын цагдаагийн газрын мэдээлснээр баривч­лагд­сан хоёр хүний нэгийг "Манчестер Арена”, нөгөөдхийг нь Витингтон хотод явуулсан тусгай ажил­лагааны үеэр барьжээ. Цагдаа нар өмнө нь Блэкли дүүрэгт баригд­сан сэжигтэй эмэгтэйг сулласан тухай мэдээлсэн.

 

"Манчестер Арена”-д болсон халдлагыг эцэг эх нь Ливиэс ирсэн, 22 настай Салман Абеди гэгч үйлдсэн болохыг тогтоосон. Абеди экстремист бүлэглэлийн гишүүн байж болзошгүй хэмээн үзэж байна. Ливийн эрх баригчид Абедийн эцэг Рамадан болон дүү Хаши нарыг Триполид баривчилсан гэж мэдээлжээ. Түүнчлэн энэ сарын 23-нд Абедийн ах Исмаилыг Их Британид баривчилжээ.

 

Халдлагыг зохион байгуулсан хэмээн сэжиглэгдсэн амиа золиослогч Салман Абеди "Arndale” худалдааны төвийн хяналтын камерт бичигдсэн байна. Тэрээр уг худалдааны төвөөс тэсрэх бөмбөгөө хийсэн үүргэвчээ авсан байж магадгүй хэмээн "Sky News” телевиз мэдээлжээ. Хяналтын камерт нуруундаа хар үүргэвчтэй, хар хувцастай залуугийн дүрс бичигдсэн байна. 22 хүний аминд хүрч, 60 орчим хүн шархдсан халдлагын хариуцлагыг "Исламын улс” бүлэглэл өөртөө авчээ. Халдлагад амиа алдсан хүмүүс хэн болохыг тодруулсан байна.


М.ХҮСЛЭН

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

й