|

МАН гишүүдээ хөөх шийдвэр гаргажээ

МАН гишүүдээ хөөх шийдвэр гаргажээ

МАН-ын дотор нилээдгүй зөрчил гарах болсон ч тэд энэ маргаанаа тогоондоо хаглаж чаддаг. Харин сүүлийн үед орон нутагт сонгуульт гишүүд нь нэгнээ дэгээдэж унагах болсон ч тэр болгон дээр хэвлэл мэдээлэл хүрч чадахгүй байгаа нь нууц биш. Үүнд Дорнод, Говь-Алтай, Дархан-Уул аймгийн МАН-ын хороодыг урьдаж болно.

Саяхан Дархан-Уул аймгийн ИТХ-ын хурлын 31 гишүүдээс, МАН-аас арав, АН-аас ес, Шударга ёс эвслээс хоёр нийт 21 гишүүний ирцтэй хуралдаж Засаг дарга С.Насанбат болон ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нарыг огцруулах шийдвэр гаргасан. Харин тэдний оронд Дархан-Уулын аймгийн Засаг даргаар МАН-ын гишүүн А.Энхболдыг, ИТХ-ын АН-ын бүлгийн дарга П.Эрдэнэбатыг сонгосон байдаг.

Тэгвэл өчигдөр Дархан-Уул аймгийн МАН-ын хороо хуралдаж С.Насанбат, Ч.Цэндсүрэн нарыг огцруулахад оролцсон Дархан-Уул аймгийн ИТХ-д МАН-аас нэр дэвшиж сонгогдсон найман иргэнийг МАН-аасаа хөөх шийдвэр гаргасан байна. Харин А.Энхболд, Р.Эрдэнэбаяр нарыг энэ оны зургаадугаар сард намаас хөөсөн байжээ.

Н.МЯГМАР