|

Тэрбумаар үнэлэгдсэн ДЭЛХИЙН АВАРГААРАА гудманд хандив гуйлгадаг Монгол

Тэрбумаар үнэлэгдсэн ДЭЛХИЙН АВАРГААРАА гудманд хандив гуйлгадаг Монгол

Хүндийг өргөлтийн залуучуудын Азийн аварга, Оюутны дэлхийн аварга М.Анхцэцэгийн дүүд туслах хандивын аян энэ лхагва гаригт өндөрлөлөө. Солонгос улсын Ханган Сү эмнэлэгт түлэгдлийн дараахь арьс нөхөн сэргээх хагалгаа хийлгэх 65 сая төгрөг цуглуулах хандивын аян 14 хоног үргэлжилж, нийт 70 орчим сая төгрөг цугларснаар ийнхүү хааж байна.

-ЮУ БОЛОВ-

Өдгөө 19-хөн настай дэлхийн аваргын маань 15 настай дүү М.Номин-Эрдэнэ өнгөрсөн есдүгээр сард сургууль дээрээ ангийнхаа сурагчдын 20 литрийн савтай хоолыг өргөж явахдаа халтирч унан, өөр дээрээ асгажээ. Эгч шигээ хүндийг өргөлтийн тамирчин болж, тив дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулах их хүслээрээ жигүүрлэн явахдаа ийм золгүй зүйлтэй учирсан нь энэ.

Өнгөрсөн есдүгээр сард ийм зүйл болсон. Харин үүнээс хойш хоёр сарын дараа буюу 11 дүгээр сард М.Анхцэцэг ганцхан долоо хоногийн дотор болж өнгөрсөн хоёр ч томоохон тэмцээнд зардлын мөнгөгүйн улмаас дасгалжуулагчгүйгээр ганцаар явсан байдаг. Жин захиалах, тооцох, төлөвлөх, бусад тамирчдын захиалгыг харах гээд багшийн шаардлага нэн хэрэгтэй энэ үед залуу тамирчин маань ганцаар явсан ч Азийн аварга, бас Оюутны дэлхийн аварга гэх эрхэм хүндтэй цолыг эх орондоо авчирч, элэг нэгтнүүдийнхээ магнайг тэнийлгэн, бахархал нь болж байлаа.

Мөн энэ үеэр 19 настай М.Анхцэцэгт АНУ, БНСУ, Казакстан, Узбекстан гэсэн дөрвөн улсаас өөрийн нэр дээр тэмцээн уралдаануудад оролцох санал тавьсан ч тэрээр "Миний гол зорилго бол мөнгө биш, дэвжээн дээр гараад, голын тавцан дээр зогсоод Монголоор овоглож, Монголынхоо төрийн дууллыг эгшиглүүлэхэд байдаг. Эх орон хүнд ганц л олдоно шүү дээ” хэмээж байв.

Тэрбумаар үнэлэгдэх гэрээний саналуудаас татгалзах энэ үед М.Анхцэцэгийн дүү өвдсөн байж. Тухайн үед М.Анхцэцэгийн багш Ц.Хосбаяртай биднийг ярилцах үеэр "Охинд маань хүнд хэлж боломгүй нарийн ширийн асуудлууд зөндөө л байдаг. Гэсэн ч Анхаа маань Монголоо л гэдэг, гэр амьтай хүүхэд” хэмээж байв. Нэг үгээр хэлбэл, М.Анхцэцэг тэрбумын саналаас татгалзан эх орондоо үлдээд, элгэн садан түмнээсээ 65 сая төгрөг хандивлахыг уриалж байна.

-ЭГЭЛ ЖИРИЙН ИРГЭД ХАЛААСАА УХАЖ, БАХАРХАЛ БОЛСОН ОХИНД ТУСЛАВ-

Жүдогийнхон, боксынхон, хамтлаг дуучид, жүжигчид, эрүүл мэндийн салбарынхан, яруу найрагчид, бизнесийнхэн, төрийн байгууллагууд гээд тэс өөр салбарынхан бүгд л М.Анхцэцэг болон түүний дүүд туслахаар яаралдав. Ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж түүнд туслахаар шуугилдацгаав. "Монголыг мөнгөөр солиогүй болохоор нь...” гэж тэд бахархацгаана.

Орой бүр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөрийн зурагтай путболк, аяга сэлт эд зүйлсийг зарж борлуулан, хандивын хайрцаг аялуулж байсан М.Анхцэцэг "Хэрэв дүү минь эдгэхгүй бол би өөрийгөө өршөөхгүй” хэмээсэн битүү утгатай үгийг ч хэлсэн. Яагаад энэ эгэл биш охин ийм зүйл бодож, ийм зүйл хийхэд хүрдэг билээ гэж бодоход гол харлана.

Азийн аварга, дэлхийн аварга, монгол улсын олон шинэ рекордын эзэн, эх орноо өнгө мөнгөнөөс болж солиогүй, орхиогүй, хаяагүй энэ охин яагаад гудманд гарч хандив гуйхад хүрэв. Ер нь дэлхийн аваргаараа ингэж хандив мөнгө гуйлгадаг улс орон гэж байдаг болов уу? Яваад ирэхэд нь бүгд л булаацалдаж "Манайх л, Монголынх л, бараг л МИНИЙХ Л ” гэлцэнэ. УИХ-ын гишүүн бүр л өрөөндөө урьж, хамт авахуулсан зургаараа цахим хуудсаа гоёно. Эсвэл урлаг соёлын олны танил эрхэмүүд нь хөгшин залуугүй нам дагаж,  улс төрчийн халаасанд багтчихна. Оройн сэрүүнд хандив гуйж байгаа ДЭЛХИЙН АВАРГА бяцхан охин дээр очоод сэтгэлээрээ ч болтугай дэмжчихгүй, олон нийтэд уриалчихгүй мөртлөө нэр дэвшигчийн үнэмлэх гардаж авах ашигтай мөчийг андахгүй. Нэг үгээр хэлбэл, тэднийг аваачсан, очсон хэн хэнд нь М.Анхцэцэгийнх шиг сэтгэл гэж байсангүй, мөнгө л хүчтэй. Өнгө мөнгөний хорвоо ийм ажээ.   

Улс орноо гээд ээж аавыгаа, эгч дүүсээ ч бодолгүй эх орондоо үлдсэн 19-хөн настай охинд төр нь төмөр нүүрээ үзүүлж, улс нь улс шиг байж тусалсангүй. Эгэл жирийн иргэд халаасаа ухаж, бахархал болсон охиндоо туслав. Тэрбумаар үнэлэгдсэн охиныг улс орон нь "уйлуулав”. Гэсэн ч М.Анхцэцэг дахиад л улс эх орныхоо төлөө Азийн аварга, дэлхийн аварга, олимпийн аварга болохоор хөлсөө дуслуулан зүтгэнэ.

                                                                                                                                                                               Эх сурвалж: Мэдээ.мн

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН