|

Хүнийх болсон тэд

Хүнийх болсон тэд

 

800 зууны тэртээ

Уул доргиож
Ус цалгитал дайтаж

Мөнх хөх тэнгэрийн доор дэлхий ертөнцийг эрхшээж

Морин төвөргөөнөөр дэлхийг чичрүүлж
Морин туурайгаар дэлхийг тамгалж

Толгойтныг бөхийлгөж
Тойгтныг сөхрүүлж асан хүчирхэг түүх,

хүчирхэг дээдсийн удам, хөх толбот монголчууд эдүгээ харин салж сарнисан монгол, тарж бутарсан монгол, гундаж гандсан монгол, сөнөсөн галт уул угаа адил монгол болжээ хөөрхий.

Гэхдээ яахав Могойг гурав таствал гүрвэлийн чинээ
Монголыг гурав хуваавал гүрний чинээ гэдэг билүү?

Их эзэн богд Чингис маань нойрноосоо сэрж эдүгээ бидний цаг үед ирж миний байгуулсан улсыг хэн ийм болгов оо? Гэж асуувал

Би харин-Бид өөрсдөө гэж хэлье

Хаан тимэм, овог аймгуудын тэмцэл, таны удмын цөс ихт, зарим нэгэн мунхаг харанхуй хаадын тэмцэл ийм болгосон юм.

Таниас хойш бидний монгол сэрсэн, мандсан, гундсан, бутарсан.

Эдүгээ цагт дэлхийд үр удам нь байтугай сүнс н ь ч байхүй Манж гээч улсын эрхшээлд 200 жил, энэ дэлхийн хамгийн адгийн нийгэм болох Коммунизмын өлгий улаан Орост ухаанаа эргүүттэл 70 жил дарлуулж их түүх, эзэн богд таны нэрийг тань зоригтой хэлж чадах сайн цаг, ардчилсан нийгэмтэй учраад 20 гархан жил л болж байна.
Бусдын мууд дурладаггүй монгол сайхан ёсоор бидний монголын 200 жил дарласан Манж, 70 жил дарлсасан улаан Орост баярлалаа гэж хэлмээр санагддаг.
Яагаад гэвэл биднийг зажилсан ч залгиагүйд нь .Бас биднийг үгүй хийх их гүрнүүдийн санаархалыг дарж байсанд нь.
Түүхийн сайн нь ч миний багш, муу нь ч миний багш гэсэн үг байдаг

Ололт амжилт, алдаа дутагдалтайгаа л бидний түүх хугас ч гэсэн эдүүгээгийнхээрээ байгаа нь сайн хэрэг ээ.

Их Монголын далай их хаадаас хойшхи
Их Монголын балай их хаадын шастир эдүгээ бидний түүхийг ИЙМ болгосон байна. Гэхдээ түүхийг цэгнэж, цэгнэж болох авч засаж залруулж болдоггүй ажгуу.
Хаадын алдааг харц шүүдэггүй хорвоод.

Их хаан, түүний удмын хаад дэлхийг эрхшээх их байлдан дагуулалтынхаа явцадаа элэг нэгт ахан дүүсээ хараа хүрж, хөл тавсан газар болгондоо үлдээж байлаа.

Удахгүй бид иргэж ирнээ гэж.

Тиймээс бидний мах цусны тасархай дэлхийгээр нэг тарсан бөлгөө.
Саяахан интернэт ухаж байгаад хүмүүсийн сэтгэгдлээс харь болсон монголынхоо тухай ийм 2 сэтгэгдэл харлаа.

...Дэлхийгээр тархсан Монголчууд та нар бүгд хаад ноёд шүү. Их монголын аугаа хаад эзэлсэн улсаа захир гэж үлдээсэн хаадын үр сад шүү...

....Алтан ясны хэлтэрхий, алаг махны тасархай ...

Тиймээ та нар бүгд хаадын үр сад хаад.

Цөөхүүлхэнээ үлдсэн хэрнээ олуулаа болж ирнээ бидний монголчууд гэж итгэж, хүлээж байгаа найдсан монголчууд.
Харь улсын өв соёлд хавчигдаж, уусаж мөхөхийн ирмэгт ирсэн ч нэг л өдөр бидний монголчууд ирнээ гэж итгэж, найдаж, хүлээж цөхөрсөн монголчууд.

Та нар бол хүлээсэн монголчууд
Та нар бол хүлээж цөхөрсөн монголчууд

Гол нь тасравч
Горь нь тасраагүй монгол ахан дүүс минь
Гэгээн өдөр цээжиндээ
Харанхуй шөнө зүүдэндээ санаж , бэтгэрсэн байж таарнаа биднийгээ.
Дэлхийгээр нэг тарсан алтан ясны хэлтэрхий, алаг махны тасархайнууд минь .

... Алтайг давж, өлгийг орхисон хасгууд чинь
Ага-Ыгийн дэгдээхэй, урам жиргээт домбороосоо
Арай л илүүтэй Монголоо зүүдлэж яваа шүү
Захчин, торгууд, амтай хэлтэй мянгад чинь
Заяын хүрээ сахисан номхон торгон өөлд чинь
Босоо нүдэн сартуул, Дарьгангын дөрвөд чинь
Ботгоны мөр шиг монголдоо бултаараа хайртай....
Тиймээ хүний болсон заяандаа эвлэрч
Хүсэл дуудах салхи
Хүй цөглөсөн түүхэндээ хайртай байж таарнаа тэд.

• Та нар яасан удаан ирдэг юм бэ? Мянган улаан атаа хөтөлж ирээд нүүлгэнэ, буцаад ирнэ гэсэн яалаа гэж хэлэлцэж

... Алтай хангай энгэрт
Атан тэмээгээ буйлууллаа
Аавыгаа гэж бодоход
Алаг нүд минь мэлмэрнэ
Элст алтайн энгэрт
Ингэн тэмээгээ буйлууллаа
Ээжийгээ гэж бодоход
Эрэвгэр нүд минь мэлмэрнэ... гэж дуулан, хайлан суудаг
Өөлдүүд чинь...

• <<Эргэх амьдрал гэж байдаг бол Ар монголд адуу болж төрөхсөн>>
<<Аз байгаад очвол монголын тэнгэр ямар өнгөтэйг харах юмсан” "агаар нь ямар байдгийг мэдрэхсэн>> гэлцэж

Өдөр бүр даяар Монголын ариун голомтыг зүг сүүн цацлаа өргөж, мөргөж залбирч байдаг Дээд монголчууд чинь.......

• Сайн, сайхан яваа нэгнээ Монгол гэж дуудаж омогшдог, сэтгэлээ дэвтээдэг Хазаричууд чинь....

• Унасан нутаг, угаасан усаа орхиж чадахгүй нүүвэл нутагтайгаа нүүнэ гэж буруудаж буурал түүхийн ээдрээт нугачаанд харийн болсон Баргууд чинь....

• .....Ирэхийн чин сэтгэл байхад
Ижлийн ус шалчааг/шалбааг/ л... гэж элэг нэгт түмнээ үгүйлсэн гансарч, эмгэнэлт их амьдрал туулж

...Хүйтэн Сибирийн замдаа
Хөлдөөд хөхрөөд одсон Халимагууд чинь....

• ...Аньсага дүүрэн нулимстай, сэтгэл дүүрэн гунигтай, зүүсгэл уужаа өмсөөд харь болсон Хорь буриадууд чинь ....

• Хүсэвч буцааж өгөхгүй
Хүнийх болсон монгол минь
Хаяа хатавчаар нутагтаа хаягдаж
Халх монголынхоо өмнөөс золиогдож
Хиагтын гэрээ нэртээ их гүрнүүдийн наймаагаар
Хятадын аманд шидэгдсэн хөх мөхны тасархай минь
Элгэн садан Монголоосоо аврал эрж бүлтэлзсээр
Эрээн луутай хөнжилд нулимстай шургалсан гүнж минь....
Тиймээ ээдртээт түүхийн нугачаанд харь болсон Өвөр монголчуудын чинь ....
Бултаараа монголдоо хайртай байж таарнаа. Хүй цөглөсөн нутаг хүмүүний сэтгэлээс уяатай явдаг гэнэм.
...Утаан дунд ч морьтойгоо явж
Усан дунд ч хувцастайгаа сууж
Ууж идсэн ч сэтгэлтэйгээ байж
Унтах нойрондоо хуягтайгаа хэвтэж....

Биш

...Эвлэрсэн улсаа ээдрээж
Эвшээсэн нумаа эрхээж
Эрсэлсэн ханаа эмтэлж
Элгэн зуур эвдэрлзэж
Эзэн Чингисин зарлигийг огоорч
Эх орныхоо заяаг огшоож
Эрхт төрийнхөө жолоог ончроож
Эмээлээс буугаад эндэж
..Хатуу, зөөлөн өглөгт өрсөж
Хан илдээ хадганд зэврээж
Хасвуу тамгаа түүхэнд хагсааж
Амин нутгаа өмлөн зуйрч
Алаг дэлхийгээс хаяа ханзалж....

Асан

Эмгэнэлт их түүхээ бодохоор.. Гунигт их түүхэндээ агсармаар болноо...
Монгол хэмээх нэрийг
Газарт нааж
Тэнгэрт хадаж асан
Лус лугшуулж
Зүрх булиглуулсан

Их түүхэн Бүтэн монгол биднийх шүү.

Цээлийн ус ширгээж
Цэгээн чулуу бутраасан

Гунигт түүх б.у.т.а.р.с.а.н м.о.н.г.о.л биднийх.

Заяанаас зайлж
Учралаас урваж болдоггүй

Хатуу энэ орчлонд

Бараа бараагаа харсан уул байя
Чимээ чимээгээ чагнасан анир байя
Хэн хэнээ гэсэн сэтгэл байя
Өв соёлоо дээдэлсэн монгол байя
Дэлхийгээр нэг тарсан алтан ясны хэлтэрхий, алаг махны тасархай, монгол туурагтны бутархай элэг нэгт монгол түмэн минь.

Эзэнт гүрний монголчууд

• Хазара
• Дээд монгол
• Тува
• Алтай
• Буриад
• Шар аймаг
• Хэрэйд
• Найман
• Хөх нуурын хошуу
• Цастын монгол
• Бор талын монгол
• Борь хотын монгол
• Хорлын монгол
• Харшарын монгол
• Шарай голын монгол
• Дуньсиан
• Цагаан монгол
Хорвоогоор нэг тарсан, хүнийх болсон, харийн болсон элэг нэгт монгол түмэн минь.
.....Монгол туурагтны гал голомт
.....Асар тэнгэр зарлиг
Алтан ургийн газрын тоонотоосоо.....алсарч хүнийх болсон та нарыгаа, харь болсон та нарыгаа бодохоор....

Элэг эмтэрнэ
Сэтгэл сэмэрнэ

Уруул дордойвч
Элэг дордохгүй ээ

Хагацаад одсон төрлүүд минь
Огшоод уулзах садан минь
Эмтрээд одсон элэг минь
Эгшээд хоцрох нулимс минь
Сэмрээд одсон сэтгэл минь
Харуусал тээсэн гуниг минь ээ.

Өвөр монгол найрагчийн ийм нэгэн шүлэг байх

Монгол хүмүүн

Монгол хүмүүн бол Чингис хаан мөн
Монгол хүмүүн бол өрнө дахины эвдэрхий балгад мөн
Монгол хүмүүн бол миний уншсан "Нууц товчоо” мөн
Монгол хүмүүн бол Рашид-Ад Дины " Судрын чуулган” мөн
Монгол хүмүүн бол цагаан хэрэмийг нураасан үер мөн
Монгол хүмүүн бол цагаасаа өмнө татарч буцсан давалгаа мөн
Монгол хүмүүн бол нэг голын өрөөсөн эрэг
Монгол хүмүүн бол морин туурай доорх хоёр тивийн уранхай зураг
Монгол хүмүүн бол харвалтаа оносон догшин хар сум
Монгол хүмүүн бол хугарахаас биш сулардаггүй нум
Монгол хүмүүн бол тооноор харагдах тэнгэр мөн
Монгол хүмүүн бол нуруун дээрх дэлхий мөн
Монгол хүмүүн бол цугларч суусан домог мөн
Монгол хүмүүн бол цувж явсан эндүүрэл мөн
Монгол хүмүүн бол бүрээн дунд бүртэлзсэн сүмийн оройд мөн
Монгол хүмүүн бол хэрээн дуунаас жигшдэг цагаан буурал сүсэг мөн
Монгол хүмүүн бол хөндлөнгөөр бичигдсэн түүх мөн
Монгол хүмүүн бол арван гуравдугаар зууны балрахгүй тотем
Монгол хүмүүн бол арван гуравдугаар зуунд нэгэнт дууссан дайн
Монгол хүмүүн бол хамгийн эрх чөлөөт инээмсэглэл
Монгол хүмүүн бол хамгийн эмзэг хүнд бодлогширол
Монгол хүмүүн бол анхаарлын тэмдэг… !!!
Монгол хүмүүн бол асуултын тэмдэг... ???


https://www.facebook.com/tserentogtoh.namjil/posts/1911881622389263