Автотээвэрийн үндэсний төв орон нутгийн замд явж байгаа автобусыг онлойнаар харах үйлчилгээг нийтэд нэврүүлэхээр туршиж байгаа.
Ингэснээр иргэд орон нутагт зорчиж байгаа том оврын автобусны талаарх бүхий л мэдээллийг онлайнаар авах боломжтой болох юм байна.
Тодруулбал, тухайн автобусны марк, өнгө, явж буй чиглэлийг цаг минуттай нь харах боломж бүрдэх аж. Энэ талаар Автотээвэрийн үндэсний төвийн Хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Н.Эрдэнэжаваас тодрууллаа.
-Иргэд хэзээнээс орон нутгийн замд явж байгаа автобуснуудыг онлайнаар харах боломжтой болох вэ?
-Олон хэрэглэгч зэрэг хандвал сервер унах хандлагатай байгаа учраас ойрын хугацаанд иргэд өөрсдөө харах боломжгүй. Учир нь манайх онлайнаар харах боломжтой програмыг нь худалдаж аваагүй гадаад сервер дээр байрлуулж байгаа. Хэрэвээ төсөв мөнгө нь шийдэгдээд програмыг нь худалдаад авчихвал иргэд өөрсдөө шууд харах боломжтой болно.
-Ер нь төсөв мөнгө нь шийдэгдэх боломж той юу. Хэдийгээр шийдэгдэх вэ?
-Тэрийг сайн мэдэхгүй байна. Анх энэ ажлыг Болгарууд хийж байгаад өнгөрсөн зургаадугаар сарын 14-нд ажлаа зогсоогоод орхиод явчихсан. Дараа нь бид нилээн хөөцөлдөж байгаад өнгөрсөн аравдугаар сарын 7-ноос эхлээд нээлттэй болгож, 11 дүгээр сараас ажиллуулж эхэлсэн.
-Тэгэхээр автобуснуудыг хаана явж байгааг харж болж гэсэн үг үү?
-Тийм. Гэхдээ зөвхөн бид нар өөрсдөө харж, автобуснуудаа хянаж байгаа гэсэн үг. Хэрэв бид програм хангамжаа худалдаж аваад серверээ монголдоо байрлуулчихвал иргэд өөрсдөө харах боломжтой болно.
-Энэ нь яг ямар ач холбогдолтой вэ?
-Автобуснуудын хурдны мэдээлэлд хяналт тавина. Ингэснээр орон нутгийг замд гарч байгаа ослын тоо буурна. Мөн автобуснуудын эвдрэл гэмтэлийг хянах боломжтой. Өөрөөр хэлбэл нэг автобус зогсох ёсгүй газар удаан зогсоод байвал хариуцсан компанид нь мэдэгдэнэ. Энэ нь болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой болж байна гэсэн үг юм.
-Хөдөө орон нутгаас автобусаар ирж байгаа хүмүүстэй зарим үед холбоо бариж болохгүй ар гэрийхэн нь санаа зовох тохиолдол их байдаг. Ийм тохиолдолд танайхтай холбогдоод мэдээлэл авч болох уу?
-Болно оо. Хэрэв ирж байгаа хүн нь ирэх ёстой хугацаандаа ирэхгүй удвал манайхруу холбогдоод хаана явж байгааг нь мэдэх боломжтой.
Т.Болормаа