|

С.Баяр дийлдэхгүй дайсантай боллоо гэж баярлатал…

С.Баяр дийлдэхгүй дайсантай боллоо гэж баярлатал…Тэр жил С.Баяр Оросоос буцаж ирээд хэсэг намын ерөнхий нарийн бичгийн дарга хийж байснаа удалгүй намын дарга, Ерөнхий сайдын албыг бүгдийг нь авсан юм. Тэр үеийн үйл явдлыг санах хүмүүс нь санаж байгаа байх. Нэлээн дуулиан шуугиантай юм болсоныг. Түүнд энэ бүх албаа зэрэг өгсөн хүн нь тухайн үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайд М.Энхболд байлаа.

2005 онд зургаадугаар сард намын 24 дүгээр Их хурлаар М.Энхболд ялалт байгуулж намын дарга болсон байв. Улмаар Ерөнхий сайд ч болж амжив. Түүнийг ийнхүү бүгдийг мэдэж байх үед нам дотор нь олон жигүүр, хөдөлгөөн, шинэчлэл ярьсан бүлэглэлүүд гарч ирсэн. МАН-д ийм шинэ агаар салхи орох боломжийг анх удаа мань эр л нээж өгсөн байх. Тус намын төв байрнаас "Элсний 13”, "Онц их хурлын хөдөлгөөн”-ийнхөн гэсэн нэр сонсогдож, удирдлагуудаа шүүмжилж эхэлсэн нь шулуухан хэлэхэд МАН-ын түүхэнд байгаагүй ховорхон тохиолдол байв. Хамгийн гайхмаар нь намын дарга М.Энхболд энэ бүгдийг байх ёстой үйл явц хэмээн хүлээж авсан явдал юм. Өнөөдөр эргэн харахад сөрөг юм байхгүй тул шударга хэлье, С.Баяр эдгээр хөдөлгөөнүүдтэй хүч хавсарч байж М.Энхболдоос энэ бүх албан тушаалыг нь авсан юм. Ингэж унагасныхаа дараа тэр үеийн бүх улс төрчид, С.Баяр өөрөө хүртэл нам дотроо М.Энхболд гэж эвлэрэшгүй, дийлдэшгүй, мөнхийн дайсантай боллоо доо гэж бодсон. Тэгж бодохоос өөр аргагүйгээр, ямарч хүн "юм” бодвол бодохоор, хорсохоор, шүд зуухаар байдалд түүнээс намын даргыг нь авч, улмаар С.Баяр "Надад эрх мэдэл өгвөл 100 хувь өгчих, хариуцлагыг нь би хүлээсэн шиг хүлээнэ” гэж хэлж байгаад Ерөнхий сайдын албыг давхар авсан билээ. Одоо М.Энхболд яах бол гэж бүгд түүний дараагийн үйлдлийг харж байлаа.   АН-ынхан бол "Ашгүй С.Баяр дийлдэхээргүй дайсантай боллоо” гэж баярлатал мань М.Энхболд тамга тэмдэг, ширээ сандал, өрөөний түлхүүрээ бүгдийг нь өгөхдөө С.Баяртай шууд тэврэлдсэн нь Монголын улс төрд үнэндээ үзэгдэл, урьд хожид байгаагүй үйл явдал болсон юм. Ийм эвгүй нөхцөлд дүр эсгэж тэврэлддэг болохоос, эргэж уулзах нүүртэй явахаар тэврэлддэг улс төрийн соёл урьд нь ч байгаагүй, өнөөдөр бүр ч байхгүй байгаа. Ирээдүйд бол харин Монголын улс төрд үүнийг "М.Энхболд жишиг” хэмээн томьёолж загвар болох бизээ. Тэд юу ярьсан байхав, "За С.Баяр дарга, танд амжилт хүсье, хамтраад ажиллана аа” гэж тэр хэлсэн байх. Ингэж чинээ бодоогүй С.Баяр түүнд шууд Шадар сайдын албыг санал болгосон гэдэг. Монголын улс төрд ийм ойлголцол л өнөөдөр хамгийн их хэрэгтэй байна. Харамсалтай нь энэ хэрийн алсын хараа, уужим бодолтой улстөрч алга. Бүгд л маргааш үхэх гэж байгаа юмшиг адгасан, яарсан, амь нь тэмцсэн, нийгмээс сайн сайхныг олж харахаа больсон нөхдийн зодооноор үргэлжилж байна. Ил тодорхой хонзогнол, зүгээр өнгөрөөхгүй дээ гэсэн шүд зуулт Монгол Улсыг улам л доройтуулж байна даа, ер нь.

Урьдын эрх мэдлээ санагалзсан, хүмүүсээс хариу нэхсэн, хэр баргын зүйлийг өнгөрөөж чаддаггүй шаарууд ард түмний дургүйг хүргэж байна. Үүний үр дүн, хор хохирол нь өнөөдөр Монгол Улсын байгаа царай юм. Монгол ахуйд ойр хүмүүмжсэн, монгол ёс заншил, өв соёл дунд ажиллаж амьдардаг, хойд урд насаа, үр хүүхдийнхээ ирээдүйг боддог, жингийн нуруу шиг дүндэгэр эрчүүд үнэхээр цөөхөн байна. Байгаа цөөн нь энэ бүгдийг жижиг асуудал гээд үл тоодог бололтой.

Улс төрчид нь ард түмний дунд ийнхүү үнэ цэнээ алдсан ийм үед М.Энхболдын огцом биш, аядуу талибуун, долоо хэмжиж нэг огтолдог зарчим нийгэмд хэрэгтэй байгаа юм. Тэр бүгдтэй зөөлөн аргаар үздэг. М.Энхболд ер нь хэнийг зүхэж байсан юм бол, сонссон хүн байна уу. Тэр улс төрийн тогоонд амьдарсан 20 гаруй  жилийнхээ хугацаанд хэнийг ч муухайгаар хэлээгүй байх. Тиймдээ ч  Ерөнхий сайдаар ажиллаж байсан он жилүүдэд кабинетдаа улс төрийн таван намын даргыг оруулсан Засгийн газрыг байгуулан удирдаж чадсан. М.Энхболд шиг тэднийг нэг зүгт харуулж, удирдан чиглүүлсэн хүн урьд нь байсан юм уу, өнөөдөр байна уу… Өнөөдрийн Монголд онцгой их үгүйлэгдэж байгаа улс төрчийн характер бол энэ, зөвшилцөл, эвлэрэл, нэгдэл юм.  Бусад нь бол тарааж алчих гээд байна шүү дээ. Монголыг самарчих гээд байна.

Мань эр Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа хамгийн өндөр хувиар цалин, тэтгэврийг нэмсэн түүхэн рекордын эзэн гэдгийг зарим хүмүүс мартаж. Сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргадаггүйн жишээ түүнээс харагддаг нь энэхүү цалин нэмэлт байсан. Улс орны хэмжээний удирдагчийн олон улсад баримталдаг хэдэн сонгодог зарчим бий. Тэр нь сэтгэлийн хөдөлгөөнөө барьдаг, мухар сүсэггүй, эцсийн мөчид өөрийнхөөрөө шийдвэр гаргадаг, цаг үргэлж улс орон, ард түмнээ муу зүйлээс авч гарч, гэрэл гэгээтэй зүгт авч явахыг эрмэлзэдэг явдал гэж. М.Энхболдын эргэн тойронд байдаг, хамтран зүтгэгчдээс нь уруудаж доройтсон нэгэн байхгүй. Бусад улстөрчдийн хувьд эгээтэй эхнэр нь шоронгийн хаалга татчихгүйхэн шиг тэсч байцгаана шүү дээ. Эргэн тойронд нь хэн байгааг бас хар, ах дүү, амраг садан, ерөнхийдөө л ажлын чадваргүй цуглуулганууд.

Ер нь Монголын улс төрд илдүүр нь ханасан эр хар сур хэд билээ. Формдоо байгаа улс төрч хэд билээ. Дүгнэж цэгнэж үзэцгээе.

Зовсон ч жаргасан юм шиг явж чаддаг, зовлонгоо бусдад нялзаадаггүй ийм улстөрч Монголын төрд олон баймаар байна. Төр гэдэг бол хүн хоорондын л харилцаа. Тэр дундаа улс орон удирдан чиглүүлж буй хүмүүс хоорондоо зөвшилцөл ойлголцол, зөв хандлага, хүрэх дүнгийн тухай л асуудал. Хуйх түрийгээ атируулан хөмсөг зангидсан хүн өөдөөс харах нь хүнд, хамтарч ажиллана гэхээс халгамаар. Алай салбадай шиг амнаас гарч буй хий бүхэн нь ард түмэн, эх орны эрх ашгийг нэгдүгээрт тавина гэх улс төрчид ямарч цаг үед худлаа хүмүүс байдаг. Бурханы нэр барьж нэг үнэнийг хэлэхэд ямарч хүн, ямарч мундаг улстөрч хамгийн эхэнд өөрийнхөө эрх ашгийг л нэгдүгээрт тавьдаг юм. Дараа нь харин улс орны эрх ашгийг тавина. Хэзээ байтал эхнэр хүүхэд, эрүүл мэндээ цааш нь, эх орон, ард түмэн минь хамгийн түрүүнд наашаа гэж байсан юм бэ. Ингэхээрээ худлаа харагддаг. Амьдрал зөвхөн үнэнд л дуртай, эцэстээ үнэнийг хүлээж авдаг. Их бага амжилттай яваа ямарч хүн л ухаалаг байдаг юм. Тэнэгтээ тэр хүн амжилтад хүрээгүй. Аль ч салбарт амжилттай яваа хүн бодлоготой, стартегич хэв маягийн хүмүүс байдаг нь амьдралын үнэн билээ. Түүнийг ямраар ч хэлсэн, гүтгэсэн бай М.Энхболд амжилттай яваа хүн. Тэр хэнд ч худлаа яриагүй. Чи тэгж худлаа ярьсан гээд босоод ирэх сонгогч түүнд байхгүй. Байхгүй болохоор тэр бардам байгаа. Бардам байгаагаа ил гаргадаггүй нь түүний зан араншин.

Халхын хөвгүүд бүгдээрээ хажуу тийшээ харчихсан биш М. Энхболдтой өрсөлдвөл өрсөлдөх сайн ултөрчид, сайн өрсөлдөгчид байгаа шүү дээ. Тэд яагаад нэр дэвшихийг, М.Энхболдтой өрсөлдөхийг хүсэхгүй байна вэ. Амьдралын үнэнийг энд бас л хэлье, тэд М.Энхболдыг  хүлээн зөвшөөрч байна, түүнийг барахгүй байх гэдгээ эртнээс л хаалганы цаана бүгдээрээ ярьсан байх. Эрхбиш энэ сонгуульд АН өрсөлдөхгүй байж болохгүй учраас нэр дэвшүүлж байна хэмээн судлаачид бичсэн байна лээ.

М.Энхболд ямарч хүнийг сонсож чаддаг хүн. Нүдээ эргэлдүүлээд л сонсоод суудаг нэгэн. Хүний хэлснээс авахаа авна, хаяхаа хаяна. Эцсийн мөчид өөрийнхөөрөө шийддэг зантай. Шийдвэр нь ямарч байж болно, энэ бол дараагийн асуудал. Харин улстөрчид байх зарчим нь тэр хүний үгээр үг хийдэггүйд байгаа юм. Оновол өөрийнхөө онож, алдвал өөрийнхөөрөө алдаж хариуцлагаа үүрч ирсэн. М.Энхболдын ганцаараа их юм бодож суудгийг мэдэх хүмүүс нь мэднэ. Таны зан араншин бол таны хувь тавилан байдгын тод жишээ бол М.Энхболд. Тэр өөрт нь хандсан хүн бүхэнд тус болохыг хичээдэг. Ачийг нь мартаагүй хүмүүс олон. Хандлага хамгийн зөв хүний үйлдэл ямар байдаг гээч. Наад зах нь гэмгүй явсан нөхрөө өнгөрөхийг сонссон тэрбээр ажлаа зохицуулаад гэрт нь яваад л очдог. Монголын хамгийн том даргыг бор гэрт нь гэнэт яваад орно гэж хэн санах юм бэ. Ийм л хандлагыг их олон хүн М.Энхболдоос олж мэдэрдэг учраас түүнд итгэж найдаж байгаа. Ийм цаг үед ард түмэн зөөлөн аядуу үзэл, зөв хандлагыг л их хүсч хүлээж байгаа.

Эх сурвалж: Шуурхай.мн С.Уул